Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатар хотоос 585 км зайтай. Өмнөговь аймгийн хүн амын 50% нь Даланзадгад хотод амьдардаг. Өмнөговь аймгийн нийгэм улс төр, эдийн засгийн төв бөгөөд бүх сумуудтайгаа шилэн кабелиар холбогдсон. Аймгийн хүн амын ихэнх нь буддын шашинтан, цөөн тооны христийн чуулган бий. Хотод том худалдааны төв, супермаркетийн салбар дэлгүүрүүдтэй учраас аян замын хүнсний хангалт хийж болно.
Төв талбайг нь “Ажнай” гэдэг бөгөөд орой үдшийн цагаар Даланзадгад хотын иргэд салхинд гарах, хүүхэд залуучууд цуглах дуртай. Энэ талбайдаа нэгдсэн арга хэмжээ, эвент, шоу, баяр цэнгүүнээ зохион байгуулдаг. Жил бүрийн 7 дугаар сарын 8-9-нд Монгол наадмаа зохион байгуулдаг.
Даланзадгад хотын хойд захад 6 км зайд “Гурван сайхан” онгоцны буудал байрладаг. Онгоцны буудалд буусан жуулчид Даланзадгад хотоор дайрч цэвэр ус, зарим замын хүнсээ базаагаад хөдөө алсын аялалд гардаг. Дэн буудлуудаас гадна Хан-Уул, Даланзадгад гэх мэт том зочид буудлуудтай. Green Castle, Crown, Баянбүрд гэсэн ресторануудтай. Өмнөговь аймгийн "Говийн байгаль, түүхийн музей", 350 хүний суудалтай "Галакси" кинотеатр, Монголын хоёр бөхт тэмээний “бичил музей”, цэцэрлэгт хүрээлэн, Ерөнхий боловсролын 6 сургууль, хувийн 1 сургууль, 5 замтай усан бассейн бүхий спорт цогцолбор гэх мэт хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжтай.
Даланзадгад хот оршиж буй газарт 1950-иад оны үед Далангийн гол хэмээх голтой, эргээрээ 2м орчим өндөр дэрстэй, дэрсэн дотор уясан морь харагддаггүй байсан гэдэг. Энд 70 булаг шанд задгай урсдаг байсан учраас “Даланзадгай” хэмээн нэрлэгдэж улмаар “Даланзадгад” болсон гэдэг. Эдүгээ тэдгээр 70 булаг шандны ихэнх нь ширгэж алга болжээ.