Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос урагш 45 км зайд, Толбо сумын нутагт орших зүүн өмнөөс баруун хойшоо сунаж тогтсон, нуурын хотгор нь тектоник гаралтай, усан сангийн үүсвэр нь мөстлөгөөс үүссэн, Монгол орны томоохон нууруудын нэг. Талбай нь 185 км.кв, хамгийн урт нь 21.5 км, өргөн нь 6 км, д.т.д 2080 метр өндөрт оршдог. Эргэн тойрон 1000-1500 метр өндөртэй хад асга бүхий намхавтар уул нуруугаар хүрээлэгдсэн. Хэд хэдэн жижиг аралтай. Хамгийн том нь усны мандлаас 4 метр өндөр Гичгэний толгой хэмээх арал юм. Нуурт түрж орсон хошууны үзүүр дээш ил гарсан нь тэр ажээ. Эргэн тойрны уулсаас урсан орж ирэх 10 орчим гол горхиноос усжиж, илүүдэл усаа Түргэний голоор дамжуулан Ховд голын баруун цутгал болох Өмнө хэмээх голд өгдөг. Гэвч хур бороо бага үед илүүдэл ус өгөх боломжгүй болж усны төвшин доошилдог нуур юм. Нуураас Түргэний гол урсан гарч буй хэсэгт усны шувууд ихээр цугладаг. Нуурын урд үзүүрт Толбо сум орших бөгөөд Казакын Жантекей, Шыбыр-Айгыр омгийн хүмүүс голчлон амьдардаг.
Толбо нуурын тулалдаан хэмээн алдаршсан нэгэн түүх байдаг бөгөөд энэ нь 1921 оны ардын хувьсгалын үйл явдалтай холбоотой. Хасбаатар, Байкалов нарын удирдсан Монгол Зөвлөлтийн 160 цэрэг дайчид Толбо нуурын эрэгт Барон Унгерний Кайгарадов, Бакич нарын удирдсан 2400 орчим Цагаан Оросын цэрэгтэй тулалдсан түүхэн үйл явдал юм. Энэ хүч тэнцвэргүй тулалдаанд Монгол Зөвлөлтийн цэргүүд “үхэвч сэхэвч хамтдаа” гэсэн тангараг тавьж бүслэлтэнд 42 хоног байсан бөгөөд хоол хүнсээ барж, нохой муурын мах зэргээр хооллон эцэст нь эмээлийн гөлмөө усанд дэвтээн чанаж зажлан амиа зогоож байгаад "тэмцэж үхсэн нь дээр" хэмээн амь өрсөн байлдаж бүслэлтийг сэтэлжээ. Цагаан Оросын цэргүүд 2 удаагийн дайралт хийсэн боловч амжилтгүй болжээ. Тэдний дурсгалд зориулж самбар босгосон бөгөөд төв замын дагуу нэгэн толгойн орой дээр бий. Мөн Хасбаатар, Байкалов нарт зориулсан дурсгалын хөшөө Толбо сумын төвийн ард 1 км зайд байдаг. Хасбаатар нь өвөрлөгч хошууны Хайлаастын хүрээний тэргүүн лам байсан бөгөөд Богд хаант Монгол Улсын үед гамин цэрэгтэй байлдах үед ирж нэгдэн хожим Халх цэргийн хороог удирдаж байжээ. Тэрээр 1921 онд Ховд голын ойролцоо Цагаан Оросын цэрэгт баригдан амь эрсэджээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах