Эрт үеийн говь нутагт агар майлсан ой мод байсныг гэрчилдэг Сүйхэнтийн ой нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Монгол оронд төдийлөн элбэг тохиолддоггүй чулуужсан мод бүхий байгалийн дурсгалт газар. Модны үлдэгдлүүд нь хулгайгаар зөөгдөн нөөц нь бараг байхгүй болжээ. Чулуужсан модны зарим нь 4 метр бөгөөд хожуул нь 70-190 см диаметртэй. Одоогоос 140-150 сая жилийн өмнө ургаж байсан араукария хэмээх эртний шилмүүст шулуун өндөр мод энд ургаж байжээ. Монголын говьд байсан эл өндөр модыг оросууд “болотны капирас” буюу “намгийн агар-майлс” гэдэг. Дэлхий дээр энэ мод 20-иод төрөл байдгийн зарим нь Өмнөд Америк, Австрали, Баруун өмнөд Азид одоо ч байдаг ажээ.
Сүйхэнтийн чулуужсан мод нь 0.5 км.кв бүхий багахан талбай эзэлдэг боловч дэлхийн зарим оронд байдаг чулуужсан ойгоос ялгардаг. Чулуужсан мод нь үндэс, мөчир, холтостойгоо, өсөлтийн цагираг нь хүртэл тов тод үлдсэн байна. Цайвар цагаан, улаан ногоон өнгөтэйгөөс гадна магма, галт уулын чулуулаг, боржингийн хольцтойгоороо онцлог юм. 1946 онд Оросын эрдэмтэн И.А.Ефремов Сайншанд хотын ойролцоох Чойлингийн ууланд зургаан хэсэг болж хугарсан нийт 11 м урттай, нэг метр бүдүүн мод үзэж харснаа, мөн чулуужсан модны 4 м бүдүүн хожуултай тааралдсанаа тэмдэглэжээ. 1970 оны сүүлч хүртэл Сүйхэнт уулын чулуужсан моднуудын унанги, хожуул зэрэг нь огт хөндөгдөөгүй нөөц ихтэй хадгалагдаж байсан боловч харамсалтай нь зах зээлд шилжсэн үеэс нэлээд хэсэг нь хулгайд өртөн урд хөрш рүү зөөгджээ.
Чулуужсан мод: Олон сая жилийн уртад модыг өнгөлгөөний чулууны нэг төрөл хэмээн үзэж гол чимэглэлд нилээд өргөн хэрэглэх болжээ. Чулуужсан мод дэлхийн зарим улс оронд түүний дотор говь цөлөрхөг нутаг (эртний галавын үед далай байсан) бүхий оронд ихэд тохиолдоно. Монгол улсыг чулуужсан модоор ихэд баялаг гэж үзэж болно. Манай Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад чулуужсан мод олдоод байгаа ажээ. Түүний дотроос Дорноговь аймгийн Эрдэнэцогт овоо, Алаг уулын нөөц нь хэдэн арван тонноор тооцогдоно. Алаг уулын чулуужсан мод нь хүрэн, хар хүрэн, хар өнгөтэй бөгөөд 0.3 ам дөрвөлжин км талбайтайгаас 0.7 кг чулуужсан мод олборлох боломжтой юм. Эндхийн зарим чулуужсан модны урт нь 6 метр, диаметр нь 0.7 метр хүрнэ.
Эх сурвалж: Монгол орны лавлах