Нагалхан уул - Байгалийн нөөц газар

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт УБ хотоос зүүн урагш 80км зайд, Жанчивлангийн рашаан амралтын зүүн өмнө оршдог уул юм. Хэнтийн нурууны өмнө захын төгсгөлийн хэсэг бөгөөд д.т.д 1970 метр өндөр, харьцах өндөр 380 метр. Нагалхаан уулын төв хэсэгт шинэсэн ой 500 га талбайг эзэлдэг бөгөөд Хэнтийн нурууны хамгийн урд төгсгөлийн ой юм. Тийм учраас Нагалхаан уулын 31 км.кв талбайг хамруулан 1957 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Хожим Хэнтийн мужийн ландшафтын нийтлэг шинж төрхийг төлөөлж чадахгүй байгааг харгалзан нутаг дэвсгэрийг өргөтгөн 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор 1861 га талбайг хамруулан тусгай хамгаалалтыг баталгаажуулж “Байгалийн нөөц газар”-ын зэрэглэлд оруулсан. Нагалхаан уулын бүсэд эртний болон Түрэг овог аймгийн булш, хиргисүүр гэх мэт түүхийн дурсгалт газар цөөнгүй бий.

Газарзүй, геологийн тогтоц: Монгол орны хээрийн бүсэд орших, уулын хээр болон ойт хээр хосолсон өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд голлох өндөрлөгүүд нь д.т.д 1700-1800 метр өргөгдсөн. Нагалхаан уул нь Герциний атриат уул учраас ашигт малтмалаар баялаг. Алаг гантиг, шохойн чулуу, цагаан гантиг, усан болор, утаат болор, маргад, цагаан тугалга, гянт, өнгө бүрийн аргай бий.  Гүний чулуулгаас эрт, дунд төрмөлийн эриний хожуу үеийн боржиндуу чулуулаг зонхилох ба ашигт малтмалаар баялаг. Нагалхаан уулын бүс нь Рашаантын гол, Зүүн-Уртын гол, Ханангийн шанд, Бавагийн ус зэрэг жижиг гол горхи, булаг шандтай. Нагалхаан уулын ар бие ба хормой нь үржил шим сайтай хар хүрэн хөрстэй. Ой мод, цагдуул, намаг бүхий газраар нугат-ойн хөрс, энгэр бэл хормойгоор голдуу хүрэн хөрс тархсан.

Ойн сан: Нагалхаан уул ойт хээрийн бүсэд орших учраас ургамлын аймгаар баялаг. Шинэснээс гадна ойн зах, хадны ар зэрэг газраар улиангар, улиас, хус, хусан торлог, цагдуул гэх мэт мод бут бага зэрэг ургадаг. Нагалхаан уулын баруун, зүүн хажуу болон энгэрээр ой модгүй нүцгэн жинхэнэ уулт хээр ба бэл хормойгоор агьт хээр тал нутаг зонхилдог. Нагалхаан уулаас зүүн урагш 14-15 км зайд хэсэг нарсан ойтой Нарст уул байдаг ба энэ нь Монгол орны хамгийн урд орших Хэнтийн уулархаг бүсийн нарсан ойн өмнөд хилийн зааг юм.

Ургамалжилт: Нагалхаан уулын бүслүүрт хуурайсаг, чийгсүү-хуурайсаг, хуурайсаг-чулуусаг ургамал гол хувийг эзэлж байдаг. Бүс, бүслүүрийн байдлаар бол уулын хээрийн ургамал 303 зүйл, жинхэнэ хээрт ургадаг ургамал 195 зүйл, цөлөрхөг хээрийн ургамал 11 зүйл, бүх бүслүүрт дайралдаж байдаг 28 зүйл, нугархаг хээрийн 117 зүйл ургамал байна. Хэдийгээр уулын хээр гэж нэрлэж байгаа боловч ургамлын зүйлийн хувьд жинхэнэ хээр, ой, цөлөрхөг хээрийн нөлөө нэлээд байгааг харуулдаг.

Уулын хээрт ленийн ботууль, далансүүл, дэрвээн дэгд, хялгана зонхилон ургана. Дэгд, бамбай, таван салаа, тарваган шийр, сөд, ганга, нохойн хошуу,  мэхээр зэрэг эмийн болон бэлчээрийн ургамал элбэг.

Хөхтөн амьтан: Хан Хэнтийн уулархаг бүсэд тэмдэглэгдсэн зэрлэг хөхтөн амьтдын нэлээд хувийг мэрэгч амьтад эзэлдэг. Түгээмэл тархсан урт сүүлт зурам, жирх, хэрэм, олби, сохор номин, ойн хүрэн оготно зэрэг 19 зүйл мэрэгчтэй. Орчны бүс нутагт монгол тарвага, урт сүүлт зурам өргөн тархсан. Уулын бэл, энгэр, хормой хавиар монгол огодой харьцангуй их бөгөөд 1 га талбайд 25-40 хүртэл тоо толгой байдаг. Бушилзат нуга, тагийн хээр болон тагийн бүслүүрийн доод зах дахь бутлаг ургамалтай газарт хэргэлзий оготно нэн элбэг тохиолдоно.

Сарьсан далавчтанаас 4 зүйл багваахай байх ба зуны үдэш нисэж шавьжаар хооллон өвөл ичдэг, харьцангуй цөөн тоотой тохиолддог. Туулай хэлбэртнээс чандага элбэг тархсан, зөвхөн голуудын хөндий, ойгүй энгэр газраар бор туулай, дагуур огодой мэр сэр үзэгдэнэ. Сарьдаг өндөр болон ойн нураг, хад чулуурхаг газарт асганы огодой элбэг дайралдана.

Махан идэшт амьтдаас хүрэн баавгай, шилүүс, үнэг, хярс, мануул, дорго, нохой зээх, үен, солонго зэрэг амьтад бий. Туурайтнаас зэрлэг гахай, хүдэр, халиун буга, бор гөрөөс, хандгай байдаг бөгөөд нягт шигүү ойн гүнд буюу Хэнтийн нурууны төв хэсэгт голдуу тохиолдоно. Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн баданга хүдэр (Moschus moschiferus L), шивэр хандгай (Alces alces L) бий. Мөн Нагалхаан уулын бүс нь ойн булганы (Martes zibellina) нөөцийн үндсэн голомт газар болдог.

Шувууны зүйл: Хан Хэнтийн уулархаг бүсэд 253 зүйл шувуу тэмдэглэгдсэнээс 61 зүйл нь суурин, 180 зүйл нь өндөглөн зусдаг, 6 зүйл Сибирээс ирж өвөлждөг, 57 зүйл нь нүүдлийн хугацаанд тааралдана. Энэ бүсийн шувуудын 176 зүйл нь дулаан оронд очиж өвөлждөг. 3 сарын эхээр хамгийн түрүүнд алагтуу, турлиах, ангир ирэх ба намар орой 10-р сарын эхээр галуу, нугас, турлиах, алагтуу мэтийн шувууд цасан шуурга, хүйтэн салхинд хөөгдөн дулаан орныг зорьдог. Монгол оронд ховордсон ба дархан цаазат шувуудаас тас, 4 зүйлийн сар, 11 зүйлийн шар шувуу, 6 зүйл тоншуултан бий.

Загасны зүйл: Амарын хилэм, тул, зэвэг, булуу цагаан, цулбуурт, гутаарь, алгана зэрэг агнуурын ач холбогдолтой 19 зүйл байдаг. Түүний 15 зүйл нь Туул голын сав газарт, мөн 50 зүйл бентос амьтантай. Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн хилэм, тул, Чекановскийн нүцгэн жараа, Тачановскийн гүрц, эрээн живэрт загас бий.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах