Говь-Алтай аймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сумууд, Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин сумын нутагт оршдог, Завхан голын хөндий дагуу баруун хойноос зүүн урагш 300 км орчим үргэлжилсэн, 3000 км.кв талбайг эзэлсэн Монгол орны хамгийн том элсэн тарамцаг юм. Бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхор бүхий, шовх шовх оргил бүхий өндөр манхан элс юм. Монгол элсийг туулахад 8 нуруу давдагаас 4 нь манхан, 4 нь бөөрөг юм. Манхан нь ар талаасаа салхины үлээлтээс үүссэн хонхор хотгордуу нүцгэн хажуу байснаа орой дээрээ бага зэрэг тэгшивтэр нүцгэн элс болж гэнэт сул элсэн нуранги хажуу үүсгэн дараагийн гүн хонхорын ёроолд тулж очдог. Тэдгээр нь өвөр хоорондоо хянга хамраар дамжин үргэлжилнэ.
Элсний хойд захаар нь Завхан гол эмжин урсдаг. Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг. “Гол – нуур – элс” гэсэн байгалийн өвөрмөц хослолыг бий болгосон онцлогтой. Монгол элсэн дээр яаж ч гишгэлсэн мөр үлддэггүй, агшин зуурт хүний хөл хүрээгүй юм шиг онгон байгалийн үзэмжийг харуулж байдаг. Монгол элсэнд элсэрхэг хөрсний бэлчээрийн ургамал болох хар суль, цагаан суль нь ган гачигаас үл хамааран ургадаг учраас нутгийн иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн эрхэмлэж ирсэн.
Монгол элс болон түүний ойр орчмын газар нутгийг хамруулан 451800 га газрыг 2010 онд “Байгалийн цогцолборт газар” болгож улсын тусгай хамгаалалтанд авсан. Шаваг, тэсэг, хиаг, хар суль, цагаан суль, чихэр өвс зэрэг ургамал ургахаас гадна зэрлэг чацарганы буттай. Төв Азийн цөлөрхөг хээрийн системд чухал байр эзлэх томоохон элсний нүүдэл, хөдөлгөөнийг судлах, улмаар элсний нүүдлийг багасгах, ховордсон ан амьтан болон амьдрах орчныг хадгалан хамгаалах, элсний ургамлан бүрхэвчийг хамгаалах, бэлчээрийг нөхөн сэргээх, “гол – нуур – элс” гэсэн байгалйн өвөрмөц зүй тогтлыг аялал жуулчлалд зөв ашиглах, байгаль хамгааллын үйл ажиллагаанд нутгийн иргэдийг оролцоог дээшлүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан тэдний орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Хамгаалалтанд авсан нийт талбайн 77.3% нь Говь-Алтай аймагт, 22.7% нь Завхан аймагт харъяалагддаг.