Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын заагт орших Их нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил бөгөөд байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учраас 1996 оны УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор 43740 га газрыг хамгаалалтад авсан байна. Энэхүү "байгалийн нөөц газар"-т Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Америкийн Денвер хотын амьтан судлалын сан хамтран 2001 оноос урт хугацааны судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Байгалийн мужлалаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойд хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ бүсэд хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог, уулархаг газрууд байдаг. Хуурай, эх газрын уур амьсгалтай, байнгын хүчтэй салхи, шороон шуурга нь тухайн бүс нутгийн ургамал амьтны аймагт их нөлөөлдөг. Говьд усан хангамж бага байдаг боловч Их нартын хөндийд цэнгэг хүйтэн уст булаг шанд их бий.
Эдгээр булаг шанд нь сайранд шингэн орох боловч хэдэн зуун метрийн цаанаас дахин оргилон гардаг. Зарим булаг нь их хур борооны дараа ил гарч урсдаг. Мөн горхи, булаг шанднаас гадна худаг ус, улирлын чанартай жижиг нуур цөөрөм тус нөөц газарт элбэг байдаг. Худгууд нь нутгийн зүүн хэсэгт, булаг шанд, жижиг горхиуд нь нутгийн баруун хэсэгт илүү төвлөрсөн байдаг. Их нартын булаг шанд, худгийн уснууд маш цэнгэг байдаг боловч жижиг нуур цөөрмийн ихэнх нь уухад тохиромжгүй устай байдаг. Гэвч зэрлэг амьтадын хувьд усны чухал нөөц төдийгүй ховор усны шувуудыг харж болох тохиромжтой газар юм. Халзан уулын рашаан гэх мэт янз бүрийн өвчин анагаах чадалтай рашаан усны нөөцүүд бий.
Их нартын хадан ууланд нь дэлхийд алдартай ховор зэрлэг хонь аргаль угалз элбэг байдаг бол янгир ямаа харьцангуй цөөн бий. Цагаан зээр, хар сүүлт зэрэг нь улирлын чанартай тохиолдоно. Хулан адуу Их нартын өмнө хэсгээр зарим зун тааралдана. Чоно, шилүүс, мануул, үнэг, хярс, халздай дорго, өмхий хүрэн, үен, дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алаг даахай, үхэр огодой, боролзон туулай, хээрийн болон хадны борогчин, хэдэн зүйлийн гар далавчтан зэрэг жижиг хөхтөн амьтад бий. Их нартын хад, цохионы ангал, ан цавуудад олон зүйлийн шувуудын үүр байдаг нь энд жигүүртэн шувууд амьдрах нөхцөл сайн бүрдсэн байгааг харуулж байна.
Өвслөг ургамлууд нь тухайн бүс нутгийн 35 хувийг эзэлдэг. Алтлаг холтостой тарваган харгана, хээрийн бариулт бүйлс зэрэг ховор ургамал ургадаг. Бариулт бүйлс нь үрээр хооллогч мэрэгч амьтад болон навч мөчрийг нь иддэг туруутан амьтадын идэш тэжээлийн чухал эх үүсвэр болно.
Их нартын чулуунд Хульхан ам, Шинэ усны ам, Хөх усны ам, Элсний ам, Гурван хоногийн ам зэрэг булаг шанд, мод буттай байгалийн үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их Нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газрууд байдаг.
Эх сурвалж: Монгол орны лавлах