Даян дээрхийн агуй - Байгалийн дурсгалт газар

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 километр зайд Үүрийн голын баруун цутгалд орших Монгол орны хамгийн том агуйн нэг бөгөөд 2006 онд тусгай хамгаалалтанд авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай. “Эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай.

Агуйн ам нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй. Түүний хамгийн том амсар нь 3 х 4 м хэмжээтэй бөгөөд түүнээс бага хоёр амсар бий. Их ам нь дотор талдаа 1 метр өндөр чулуун босготой бөгөөд түүнийг давж орох зориулалтаар зориуд чулуун шат тавьсан байдаг. Энэ босгоор давж оронгуут 7 метр өргөн, 15 метр өндөр дөрвөлжин хэлбэртэй том хөндий тасалгаа байна. Энэ тасалгааны урт нь 32.5 метр хүрнэ. Хоёр дахь хэсгийн эцэст эгц дээш өгсөж ордог тасалгаа хэсгүүд байх бөгөөд дээд тасалгаа нь баруун хойш чиглэсэн 4 метр өндөр, 3-5 метр өргөн, 24 метр урт юм. Энэ тасалгаанд олон жижиг хонгил тал тал тийш салбарласан байдаг. Тасалгааны шалан хэсэгт гүн худаг мэт жижиг нүхтэй, шил мэт тунгалаг өнгийн гурван том баганатай. Агуй үүсгэгч шохойн чулуу нь өгөршилд орж олон нүх сүв, хонхорхой, сэнж, ан цав үүсгэсэн байна.

Даян дээрхийн агуйн орчных нь байгаль маш үзэсгэлэнтэй. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуй бий. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг. Энэ орчмын нутаг хотгор гүдгэрийн хувьд 1600-1900м-ийн өндөр бүхий дундаж намхан уулс, голын хөндий хосолсон гадаргатай. Уулсын орой, хяр нь гол төлөв бөмбөгөр оройтой боловч хажуу нь эгц байдаг. Дээрхийн голын баруун зүүн талын эгц цавчим хажуутай уулс нь шохойн чулуу, занараас тогтоно.

Хуш нарс, гацуур, улиас, шинэс, монос, улаан, бор бургас, нохойн хошуу, боролзгоно, далан хальс, тавилгана, ямаан ба хонин арц, ягаан даль, улаалзгана, аньс, гүзээлзгэнэ зэрэг жимс, ургамлаар нэн баялаг.

Орчны уулсад халтар хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, хүрэн баавгай, хүдэр, үнэг зэрэг үслэг ан амьтан элбэг байдаг. Гол нуур цөөрөмд нь цурхай, алгана, гутаар, зэвэг, балиус зэрэг загастай. Харцага, шонхор, бэгбаатар, шар шувуу, сойр, хөтүү, ногтруу, өвөөлж, хөх цөгцгий, тоодог, тогоруу зэрэг жигүүртэн шувуудтай.

Даян дээрхийн агуйг эрт үеэс шүтэж ирсэн бөгөөд агуйн аман дээр 2 метр өндөр чулуун овоог зассан байдаг. Энэ агуйн хонгил тасалгаагаар дамжин ОХУ-ын хил рүү гарч байсан түүх байдаг.

1864 онд “Даян Дээрхийн хийд” хэмээх шарын шашин, бөө мөргөлийн төвийг Үүрийн гол, Дээрхийн гол хоёрын бэлчирт байгуулсан туурь өнөөг хүртэл хадгалагдаж байдаг. Даян Дээрхийн агуйд  хүн дүрстэй хадыг шүтэх болсноор эл онгод буй болсон гэж үздэг. Бөөгийн хувцастай байсан чулуун хадан хөшөөнд гэлэн хувцас өмсгөж, жижиг сүм бариад гурван гэлэнгээр байнга тахилга үйлдүүлэн зул хүжээр таслахгүй байлгажээ. Ийнхүү Даян Дээрхийг лам нар тахих болсонд зарим бөө удганууд ихэд дургүйцэж байсан гэдэг.

Домог 1: Чингис хааны үед “Даян дээрх” хэмээх бөө амьдарч байжээ. Нэгэн удаа Чингис хааны отог дээр хоёр шарга морьтойгоо очиход хаан баатар жанжидтайгаа ан авд явсан байв гэнэ. Хатан нь бөөг гэртээ урьж бөөлүүлэн онгон савдагт нь овог аймгаа даатгажээ. Бөө явах болж хатан түүнийг үдэн гаргаж өгөх гэтэл Даян Дээрх “Та нар миний хойноос бүү гар. Отгон охиноороо нохой хориул” гэжээ.  Охин нохой хорихоор гартал бөө охиныг хөтөлгөө мориндоо суулган зугтжээ. Энэ тухай сонссон Чингис хаан баатруудынхаа хамтаар түүний араас нэхэн хөөжээ. Даян Дээрх уулан дахь агуйдаа ирж охиныг нуун өөрөө Үүрийн голын зах дээр хөшөө чулуун хөрөг болж, хиргисүүрэнд шингэн алга болжээ. Үүнийг нүдээр үзсэн хаан ид шидийн эрдэм чадлыг нь бишрээд “Охиныг минь хатнаа болгон хайрлаж харж яваарай. Ид шидээрээ энэ нутгийнхаа ард олонд тусалж яваарай” хэмээгээд буцжээ. Түүнээс хойш уг чулууны дэргэдүүр морьтой хүн явахад морь нь бусгадаг, хөтлөөд явахад зүгээр болдог гэх яриа тархжээ. Хожим нь хиргисүүрийг ухаж үзвэл хүн чулуун хөрөг гарсан тул уг агуйг “Даян Дээрхийн агуй” хэмээн нэрийдэж бөөгийн онгод шүтээн болгон тахижээ. 

Домог 2: Хэнтий, Булган, Даян Дээрх, Тагна уулын савдагууд нийлж Чингис хааны үзэсгэлэнт бага хатныг булааж авахаар хэлэлцэж гэнэ. Тэгээд Даян Дээрх Чингис хааныд ганцаараа буухаар тохиролцож, бусад гурав нь Чингисийн өргөөний ойр буугаад хүлээж байхаар үлдэцгээж гэнэ. Чингис хаан Даян Дээрхийг ихэд хүндэтгэн идээ будаа засуулаад ярилцаж суутал орой болжээ. Чингис хаан бараа бологч нартаа “Айлчны морийг тавь” хэмээн зарлиг болов гэнэ. Чингис хааны бараа бологч нар эргэн ирж “Энэ хүний морины жолоо, цулбуураас эхлэн ганзага, жирэм хүртэл жинхэнэ амьд могой байна, тэд нь хатгачих гээд морийг нь тавиулахгүй байна” гэв. Даян Дээрх “зүгээр ээ, би ингээд мордлоо,  алив хүүхэн минь нохой хориод аль” хэмээн Чингисийн бага хатанд хандаж хэлэв гэнэ. Бага хатныг нохой хориод зогсож байтал Даян Дээрх түүнийг гэнэт шүүрэн авч морин дээрээ дүүрэн зугтаажээ. Чингис хаан баатруудынхаа хамтаар түүнийг хөөсөнд нөгөө бүгэж нуугдсан гуравтайгаа нийлээд зугтаж явснаа гэнэт дөрвөн тийш бутран салж дутаажээ. Чингис хаан ганцаараа хатныг дүүрсэн Даян Дээрхийг шил даран хөөсөөр байж, Даян Дээрх  хатныг Үүрийн голын дэргэдэх агуйд хийчихээд өөрөө голын зүүн хөвөөн дээр чулуун хүн болоод суучихжээ. Чингис хаан “гөлийсөн тархи” гээд сэлмээр хэдэнтээ цавчаад, галдаад буцжээ. Тэгтэл тэр жилдээ Чингис хааны төрд хүн малын гарз ихээр тохиолдсонд аргагүй эрхэнд Даян Дээрхийг тахиж эхэлсэн юм гэнэ.

Домог 3: Даян Дээрх, нар сар залгигч Рах бурхан хоёр хурмастад бие биенийхээ бөгсийг тайрч хаяна хэмээн тангараг тавьсан ажээ. Даян Дээрх хэлснээрээ Рах бурханы бөгсөн биеийг тас цавчин хаясанд цоорхой болсон Рах нар сарыг хэчнээн ч залгисан гоожоод гарчихдаг байжээ. Харин Рах бурхан Даян Дээрхийн бөгсийг сэлмээр тасдах гэж хэчнээн оролдсон ч Даян Дээрх хад чулуу болон хувирчихдаг тул бөгсийг нь тас цавчиж чадаагүй гэдэг.

Домог 4: Чингис хааны алтан ургийн гүнжийг Цагаан-Үүрийн бөө нар хулгайлан зугтжээ. Чингисийн баатар эрс араас нь нэхэж гүйцэхийн даваан дээр өнөөх гүнжийг “удган мод” болгожээ. Баатар эрс гүнжийг эрж эс олоод буцахын үед удган модыг гүнжид эргэн хувилгаж зугтаажээ. Баатар эрс дахин гүнжийг нэхэж барих шахтал бөө нар түүнийг хүдэр цээжтэй хүн чулуун хөшөө болгочихжээ. Баатар эрс уур хилэн нь бадарч хүн чулуун хөшөөний хөмсгийг тас цавчихж хаяад нутагтаа буцжээ.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах