“Дарьганга – Байгалийн цогцолборт газар”-ын бүрэлдэхүүнд багтдаг. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урд 12км зайд, далайн түвшнээс дээш 1394м өндөрт оршдог. Уулын хээр, говийн бүсийн завсарт орших цэнгэг уст нуур юм. Салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нуур бөгөөд урт нь 2.1км, өргөн нь 1.5км, эргийн шугамын урт 6.2км. талбай нь 2.2 км.кв. Ойр орчимдоо хамгийн томд тооцогдох ба өмнөд талаараа модлог бутлаг ургамал бүхий Молцог элсэнд тулдаг. Ганга нуурын усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний дотор гол тэжээгч ундарга нь Оргихийн булаг юм. Оргихын булаг нь нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс ундардаг бөгөөд тунгалаг хүйтэн устай. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гардаг ба чангаар дуугарах тусам улам ихээр бужигнан оргилдог онцлогтой. “Ганга” гэдэг нь “үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх” гэсэн утгатай үг ажээ. Ганга нуурын эрэг дагасан хайлаасан ой, тэхийн шээг, моносон төгөл бүхий улаан бургасанд хун шувуу зай завсаргүй ирж буухаас гадна цэн тогоруу ирнэ.
Домог 1: Халхын То вангийн харъяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр "Ганга нуур" хэмээн нэрийдэх болсон ажээ.
Домог 2: Нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж "Ганга нуур" үүссэн гэдэг.
Хунгийн чуулган: Жил бүрийн намар хун шувуу олноор цуглаж “Хунгийн чуулган” болдог бөгөөд энэ үеэр дотоодын аялагчид олноор ирдэг. Хун шувуу бол Ганга нуурын бэлгэдэл юм. Монголчуудын дунд “Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршжээ. Усны шувууд дэлхийн бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг. Энэ урагш чиглэсэн нүүдэл нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэээр нисэх боломж бараг байдаггүй байна. Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж их үргэлжилж нуур цөөрөм байхгүйтэй холбоотой. Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр гарах бөгөөд тэнд байх олон нуур цөөрмүүд ажээ. Түүний нэг нь Ганга нуур юм. 10 дугаар сард Сүхбаатар аймаг руу ирэх дотоодын аялагч нарын тоо эрс нэмэгддэг.
Эх сурвалж: Монгол орны лавлах