Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Түүхийн урт хугацаанд Хан Хэнтий уулыг нийтэд нь Бурхан Халдун гэж нэрлэж байсан бөгөөд Хэнтийн нуруунд "Бурхан Халдун" гэж нэрлэгдсэн 13 салбар уулс байдаг. Тэдгээрийн дотор хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун нэртэйгээ үлдсэн. Гэвч "Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан" гэсэн мэдээ таамаг байдаг байна. ШУА-ийн газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтааж, тэр ууланд олон жил амьдарсан. Тийм учраас Мөнхжаргалан уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” гэж үзсэнээр Бурхан Халдун уулыг албан ёсоор баталгаажуулж 1992 онд 12000 хавтгай дөрвөлжин километр талбайг хамгаалалтанд авч нийтэд нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоожээ. Бурхан Халдун уул нь ар, өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.
Хиад боржигоны өвөг Боданчар мунхагийн үеэс тахиж Хамаг Монгол хийгээд Монголын Эзэнт Гүрний сүлд уул болгон тахиж, түүнээс хойш хэдэн зуун жил үе улиран тахиж ирсэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэжээ. Монголын нууц товчоонд үндсэн нэрээрээ 27 удаа бүртгэгдсэн, монгол түмний зан заншлыг тэр чигээр нь тусгасан, археологийн ямар нэгэн ул мөр илрээгүй, судалгаа хийгдээгүй, онгон дагшин хайрхан гэдэг үзүүлэлтүүдээр дэлхийн соёлын өвд багтсан юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах