Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хойморт оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17-р зарлигаар 1840 га газрыг хамруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор “байгалийн дурсгалт газар”-ын ангилалд шилжүүлсэн. Булган уул нь зүүн хойш чиглэлийн байршилтай бөгөөд Хойд ба Урд Тамир голын хооронд оршиж усны хагалбар болдог. Хоёр Тамир голын бэлчир хүртэл 140км уртаар үргэлжлэх Сүмт хан Өндөр уулын зүүн биед Булган уул оршдог. Булган уул д.т.д 1980м бөгөөд хойш залгаа орших хоёр уулыг Дунд Булган, Хойд Булган хэмээнэ. Гурван Булган уул нь урдаас хойш 2.5-3км үргэлжлээд Хамарын нуруу залгадаг.
Дурсгалт газрын бүсэд Аригийн нуруу, Хамарын нуруу, Хялалзахын нуруу, Мурилзахын нуруу, Таван цохио, Цагдуулт, Малгай зэрэг боржин хаднаас тогтсон олон өндөр уулс оршдог. Булган уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий. Тус бүс нутаг нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургана.
Булган уул нь хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй Цэцэрлэг хотод ойрхон байдаг учир ан амьтад нь дайжих хандлагатай байдаг. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен солонго, чоно, туулай зэрэг амьтад мэр сэр үзэгдэнэ. Ятуу хөтүү, бүргэд, ууль, шар шувуу, харцага зэрэг жигүүртэн шувууд бий.
Булган уулын энгэрт Богд Зонховын хөргийг XYIII-XIX зуунд бүтээсэн нь үлдсэн байдаг ба хад чулуунд нь уйгаржин монгол, төвд хэлээр бичсэн дурсгалууд элбэг тохионо. Социализмын үед Зонховын хөргийг будгаар дарах гэж хэд хэд оролдоод бүтэлгүйтсэн ба эргээд тодрон гарч ирдэг байжээ. Уулын бэлээс дээш өгсүүлэн 108 шат засаж “буддагийн цэцэрлэг” байгуулж, 4.5 метр өндөр бурхан багшийг бүтээн залсан байдаг. Тэндээс Цэцэрлэг хот бүхлээрээ харагддаг. Түүнээс урагш Булган уулын урд хормойд, Цэцэрлэг хотын хойд захад “Заяын гэгээний хүрээ” хийдийн барилга бий. Эдүгээ “Архангай аймгийн музей” болсон байдаг.
Домгоор бол, Ламын гэгээн буюу богд Занабазар, Зая гэгээн Лувсанпэрэнлэй, Ширээт буюу Манзуширын гэгээн хэмээх гурван гэгээнтэн эл газарт ирж хонохоор болжээ. Өндөр гэгээн “Эрлийн үзүүр биднийг энд авчирлаа, гурвуулаа унтахдаа аягаа хөмөрч тавиад унтъя. Хэний аяган дор өнгөт цэцэг ургаж дэлгэрсэн нь энд буян дэлгэрүүлэх өөрийн хийдийг байгуулъя” хэмээн айлджээ. Үүр цайхын үед Зая гэгээн сэрээд хэний аяган дор цэцэг ургаа бол хэмээн сэтгэл догдлон сөхөж үзэхээр гэтсэнийг унтсан дүртэй хэвтэж байсан Өндөр гэгээн мэджээ. Өглөө нь босоод гурвуул аягаа сөхтөл Зая гэгээний аяган дор цэцэг дэлгэрсэн байв гэнэ. Өндөр гэгээн “Жа, Зая бандида гэгээн залуу хүн болохоор азтай ч байна, адтай ч байна. Энэ газар чиний нутаг боллоо. Түмэн олон шавьтай болж буян заяа нь дэлгэрч явах болтугай” хэмээн ерөөгөөд явахын өмнө Зая гэгээний чихэнд нь “Шавь нар тань урт гартай байж болзошгүйг санаж яваарай” хэмээжээ.
Ийнхүү Булган уулын өвөрт “Заяын хүрээ” хийд бий болсон гэдэг. 2500-3000 лам хуврагтай, 2000 гаруй энгийн иргэд төвлөн суусан шашин соёлын томоохон төв байсан ба Сайн ноён хан аймгийн 60 шахам хүрээ хийдийн харилцааны гол зангилаа, шашны төв байжээ. Өөрөөр хэлбэл, XYII-XX зууны эхэн үеийн Монголын нийгмийн томоохон суурин газар төдийгүй дорно дахины бурхан шашны соёл, боловсрол, шинжлэх ухааны голомт газар байсан юм. Эл хийд байгуулагдсан цагаасаа эхлэн будаг шунхыг сэргээснээс өөр засвар хийгдээгүй унаган төрхөө хадгалж буй хийд юм. Заяын хүрээ нь дээд ба доод хүрээ гэсэн хоёр хэсгээс бүрдэн сүм дуган, дацангууд тус тусын зориулалт үүрэг хүлээсэн, хууль цааз хэрэгжиж буй мэт нарийн дэг журам мөрдөн сахисан үйл ажиллагаа явуулдаг байв. Шашин, төрийг нэгтгэн захирсан Шанзов яамтай, тэр нь хэрэг заргыг шүүж шийдвэрлэдэг, алба татварын асуудлыг шийддэг, албан хэргээ үндэсний монгол бичгээр үйлдэн явуулдаг хүрээ хийд байжээ. Заяын гэгээний хүрээнд 1000 гаруй өрхийн 5000 орчим хүн ам бүртгэлтэй байсан ба тэдгээрийг 8 отогт хувааж отогийн даргаар тайж, зайсан зэрэг цолтой хүн ажиллаж Шанзовын яамны тамгын газарт захирагддаг байжээ.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах