Энергийн овоо

Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдог дахь “Энергийн овоо” буй газарт 2012 онд Монгол, Орос, Японы хамтарсан судалгааны багийн эрдэмтэд энергийн хэмжилт хийж үзэхэд 99.6 хувь байсан аж. Онон-Балжийн сав газрын захиргааны дэд дарга П.Гансүх сүүлийн 10 гаруй жил “Энергийн овоо”-г хэрхэн тахих, хүндэтгэл үзүүлэх талаар эртний ном судар, Нууц товчоо судалж, эрдэмтэн мэргэдтэй уулзсаар судар болгон бичсэн байдаг. “Энергийн овоо”-нд буддын шашны дэг жаягаар бус эртний Монголчуудын мөнх хөх тэнгэр, уул овоондоо мөргөж байсан заншлаар хүндэтгэл үзүүлэх учиртай аж. Тухайлбал, овоонд хадаг өргөхгүй, сүүгээ овоонд бус хангайд нь өргөнө, элдэв идэх уух юмс өргөж болохгүй, харин ургаж дэлгэрэх арвай будаа өргөх учиртай.

Өвчүүгээ дэлдэнэ. “Энергийн овоо”-ны өмнөх тулганд гал бадрааж, галын бурхадыг урин залж “хөгжөөнө”. Цаана нь харагдах хангай дэлхийдээ “сүүн өргөл” өргөл өргөж хэн ирснийгээ дуулгана. Дараа нь овооны өмнө сөхрөн сууж, өөрийн амьдралд үйлдсэн 4 том алдаагаа /ухаарч гэмшиж харууссан/ нэг нэгээр нь өчиж, өршөөл эрэн өвчүүгээ чангаар дэлдэнэ. Түүний дараа ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө хамгийн чухал гэсэн 4 хүслийг нэг нэгээр нь хэлж гараа алдлан уухайлна. Эдгээрийг өөртөө дуулдахаар өрөөлд дуулдахааргүй чангаар өчих учиртай. Дараа нь овоогоо гурвантаа тойрч “оюун санааны эрч хүч” авна. Ямар ч хүн овоо тойрч байхдаа муу муухай зүйл боддоггүй, сайн сайхан зүйл бодож хүсдэг учраас тэр чинээгээрээ эерэг сэтгэлийн үүднээс ундарсан энерги эргэлдэж байдаг аж.

Ёсолгоо: Эмэгтэй хүн баруун өвдгөө нугалж газарт, зүүн өвдөгөө босоо тулж цэх суун толгойгоо мэхийлгэн гудайж хүндэтгэл үзүүлнэ. Харин эрэгтэй хүн эсрэгээр нь баруун өвдгөө босоо тулж доош суун мэхийн ёсолно. Эл ёсолгоо тэртээ XIII зуунд Чингис хаан Бурхан Халдун уулнаа хэрхэн хүндэтгэл үзүүлж байсантай ижил ажээ. Харин алдаа эндэл гаргаад тэрэндээ өршөөл эрэхдээ мөнх тэнгэрийн өмнө “боол” суудал буюу хоёр өвдгөө нугалан газарт сөхөрч байгаад өршөөл эрдэг байжээ.

Цагийн юм цагтаа. Хүмүүс хүсэж буй зүйлээ аль болох хурдан түргэн бүтээхийн төлөө хичээдэг, тэрний төлөө улайрдаг. Зарим хүмүүст зарцуулсан цаг хугацаа, хийсэн үйлдэл, үрсэн зарсан мөнгө зоос ч их байгаа. Тухайн үедээ болох гэж байгаа юм шиг, хариугүй бүтэх гэж буй мэт санагдаж байсан ч тэр үйл явц “удаан” байх нь бий. Энэ бол ураг удмынхан, эцэг өвгөдийнх нь хэрхэн амьдарч ирсэнтэй холбоотой хувь тавилангийн “нарийн зохицуулалт” байдаг. Улайран дайрах бус “зөв үйлдэх”, “үг хэлээ зөв байлгах”, “зөв бодож санах” юм бол санасан зорьсон тань хурдан бүтнэ. Хүсээд дайраад байгаа хэрнээ хажуугаар нь үг үйлдлээ анхаарахгүй бол “дайчин, давшингуй” байгаад нэмэргүй ажээ.