Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос хойшоо 145 км зайд, тус аймгийн хамгийн хойд сумын нутагт оршдог. Монгол орны хэмжээнд говийн бүс нутаг дахь гадаргын усны нөөц хамгийн бага юм. Хангайн нурууны баруун өмнө этгээд буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын нутгаас эх авч урсах Онгийн гол нь Улаан нуурын гол тэжээл цутгал юм. Онгийн гол нь Мандал-Овоо, Сайхан-Овоо сумын нутгуудаар дайрч 400 орчим км урсдаг бөгөөд говийн бүсийн томоохон голд тооцогдоно. Улаан нуур нь цагийн сайханд урт ба өргөнөөрөө 45-40 км үргэлжилсэн, зарим газраараа 11-15 м хүртэл гүн, говийн хамгийн том 5 нуурын нэг байсан. Баянхонгор аймгийн Бөөнцагаан, Орог, Адагийн цагаан, Таацын цагаан хэмээх нууруудтай зэрэгцдэг байв. Одоогийн байдлаар Улаан нуур, Бөөн цагаан нуурууд сэргээд байна.
Улаан нуур нь нүүдлийн шувууд дамжин өнгөрдөг гол нутаг . 1990 онд “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш буюу 1997 онд бүрэн хатаж ширгэсэн байсан. 2012 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь алт олборлолтыг зогсоосноор Онгийн гол сэргэж, улмаар Улаан нуурын 40% эргэн ирсэн гэдэг.
Зургийг Х.Түмэндэлгэр