Шишгэд гол

Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт Шишгэд гол ихэд алдартай. Монголын баруун хойно орших Хорьдол Сарьдагийн нурууны салбар “Улаан тайга”-ын сүрлэг уулсаас эх аван урсах Гунын гол болон Мунгараг голууд нийлж Шишгэд голыг үүсгэдэг.  Шишгэд гол эхэндээ уулын хавцал дундуур урсах учир урсгал ширүүн, Дархадын хотгорт ормогц дөлгөөн урсгалтай болдог. Шишгэд голд  40 орчим гол горхи цутгадаг. Шишгэд гол цааш урссаар Дархадын Хотгорын төвд орших доод Цагаан нуурт цутгана. Харин Цагаан нуураас урсан гарч Билин голтой нийлж Тувагийн нутгаар урсахдаа “Кызыл Хем” (Улаан гол) гэж нэрээ солино. Тувагийн “Сарыг Сепа” тосгоны дээхнүүр гарах үед Шишгэд (Кызыл Хем) голд Бүрэн гол нийлнэ. Бүрэн гол нь Хорумнуг Тайгын нуруунаас эх авсан олон гол горхины нийлбэр юм. Шишгэд (Кызыл Хем) гол ийнхүү улам томрон цааш урсахдаа Тувагийн хамгийн гүн, хамгийн тунгалаг Чагытай нуурны Мажалык голыг дайран гарч Кызыл хотноо Их Енисей голтой нийлнэ. Ийнхүү Шишгэд гол ОХУ-ын нутаг дахь Их Енисей мөрний гол цутгэл эх болдог. Олон улсад түүнийг бас Бага Енисей гэдэг. Монголчуудын өвөг дээдэс алдарт Енисей мөрнийг өгсөж уруудан усны тунгалаг, өвсний соргогыг даган нүүдэллэж малаа бэлчээн амар жимэр аж төрж байсан түүхтэй. Шишгэд гол буюу Бага Енисейн нийт урт 615 км агаад Монголын нутагт 344 км урт замыг туулдаг. Өргөн нь 90-120 метр, гүн нь 3.9-4.6 метр. Алдарт Дархадын хотгор нь Шишгэд голын ай сав болно. Шишгэд голыг нийлүүлэн авсан Енисей мөрөн явсаар Хойд мөсөн далайд цутгадаг.