Ганга нуурын зүүн хойно Гангын цагаан овоон дээр Торой бандийн хөшөө байдаг. Уран барималч Ж.Дүүрэнтөгсийн загвараар бүтээсэн.
Шилийн сайн эрсийн анхдагч нь Дарьгангын Манжийн эзэн хааны сүрэгчин “Торой банди” хэмээн алдаршсан Нанзад 1834-1904 оны хооронд амьдарчээ. Тэрээр 1860-аад оны үед Цахар найман хошуунд төдийгүй Халхад ихэд нэрд гарсан шилийн сайн эр байжээ. Нанзадын уг гарал нь цахар хүн бөгөөд 1830 онд одоогийн “Бударын чулуу” хэмээх газар төржээ. Нанзадыг бага байхад эцэг нь насан өөд болж эхийн хамтаар ядуу тарчигхан амь зууж байв. Эхийн хүсэлтээр багадаа Бургасан дуганд шавилан суусан боловч лам багшийн элдэв харгислалыг үл тэвчин дуганаасаа оргон гэртээ ирсэн гэдэг. Тэр цагаас эхлэн ядуу ардын зовлон зүдгүүрийг үл ойшоогч ноён баяд, харийн худалдаачдын эсрэг эр бяр, зориг хүчээрээ тэмцэж эхэлжээ. Түүний энэ тэмцэл нь зөвхөн амин хувийн ашиг сонирхол байсангүй, хошуу нутгийнхаа ядуу дорой ард олонтой олсон олзоо хуваан тараадаг байснаар нутгийн олны хүндлэл хайрыг олсон байна. Нанзад бол хурц сэргэлэн, эрэлхэг зоригтой хүн байсан төдийгүй маш сайхан дуучин, хөгжимчин байсан гэдэг. Нанзадыг цээлхэн сайхан хоолойгоор, гайхамшигтай сайхан хуураар уяртал дуулж хуурддаг байсан хэмээн нутгийнхан хуучилдаг. Торой банди насан өндөр болоод Шартын хад, Таван толгой, Ээлт хошуугаар нутаглаж байгаад 1904 онд насан өөд болсон.