Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр уулын баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян хэмээх сүрлэг хайрхан байдаг бөгөөд далайн түвшнээс дээш 2500м өндөр. Даянгийн хоёр талд Хөх, Цагаан гэсэн хоёр нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэр уулын бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамъянмядаг зэрэг эмийн ховор ургамлууд ургадаг. Уулын орой дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Эртнээс нааш нутгийн ард түмэн “Даян дээрээс дэлхийн харагдана” гэж ярьдаг байжээ.
Зүрхэн чулуу: Даян уулын оройн дэвсгэр хэсэгт үхэр чулууны дунд нэгэн том хадан дээр зүрх хэлбэрийн хонхорхой үүсч ус тогтсоныг нутгийн иргэд “Зүрхэн чулуу” хэмээн нэрлэдэг. Ус нь цэвэр тунгалаг ариун учир очсон хүн бүхэн эрүүл энхийг бэлгэдэн амсах нь олонтой. Зүрхэн хонхорын дээхнэ талд очир алмазан дүрстэй жижиг чулуу шигтгэмэл тогтсон нь уран дарханы гараар бүтсэн гэлтэй гоёмсог харагддаг бөгөөд дархан цаазат газрын бүсэд багтдаг.