Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт “Онон мөрний Зүрхэн арал” хэмээх өвөрмөц нэгэн тогтоц бүхий газар бий. Эртний түүх домогт “Ульхан” уулыг ороон урссан энэхэн тохойг “Ононгийн таван салаа” хэмээн нэрлэсэн нь яг л оносон ажээ. Дуунд өгүүлдэг шиг аралтай тохойдоо умбасан алтанхан Онон энэ орчимдоо угалзан хээ мэт мушгиран урсана. “Ульхан” уулын зүүн доохно голын ус салаалан тохойрч их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг олон хүн “Онон мөрний Зүрхэн арал” хэмээн нэрлэж заншжээ.