Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Тооно уулын Өвөр Буга хэмээх багахан толгой дээрх цохио чулууны зүүн өмнөх газраас олж, манжич Бат-Очир 1920 онд уг бичээсийг хуулан авчээ. Эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ 1955 онд бичээс бүхий самбар чулууг Улаанбаатарт авчирч Төв музейн үзмэрт шилжүүлсэн байна. 1696 онд Энх-Амгалан хаан Зүүн гарын хаант улсын хаан Галдан Бошигтын эсрэг Халхын зүг дайлаар мордож, Галдан бошигттой тав хоног тулалдсаны эцэст Галдан Бошигтын цэргүүд зугтжээ. Энэ явдалд зориулан 1696 оны 5-р сарын 12-нд уг хөшөөг босгожээ. Тооно уулын бичээсэнд: “Их Цин улсын Хуанди Өөлд Галданг дайлах замд Тооно уулнаа суухад хааны бичсэн хөшөө чулууны бичиг:
Говь элс нэлэнхий нэлэнхий
Тунамал зэрэглээ гялбалзан гялбалзан
Биеэр их цэргийг авч
Бидний сүрийг мандуулж
Аянга цахилгааны сүрийг түрхрүүлэн
Наран сарны гэрлийг гялбуулан
Догшин лууг арилгаж
Сул ширэлдсэн газрыг амаржуулан тогтоовой.
Энх-Амгалангийн 35 дугаар оны улаан луу шинэтгэл өдрөө арван хоёр... улаагчин туулай” хэмээн сийлсэн байдаг ажээ.
Зарим эх сурвалжид, “Галдан амь зулбан үхэн буруулжээ...Бодвол одоо Баянулаанд хүрчээ. Би их хүчээр нэхвэл хожимдохгүй мэт... Галдан маш хавчигдаж зэр зэвсэг, хуяг дуулга, монгол гэрийн юмс, өвчтэй хүн, өчүүхэн хөвгүүдийг орхиж шөнө дөл буруулжээ... Миний их цэрэг авч Тооно уул хүртэл нэхэв...” гэсэн агуулгаар хөшөөний бичээсийг тайлбарлаж бичсэн байдаг.