Туул гол

 

Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтий уулын ар, өврөөс эх авах Номин ба Нэргүй голын бэлчирээс Туул хэмээн нэрлэгдэж баруун тийш 717 км замыг туулан Монгол Улсын төв ба хойд хэсэгт Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар урсан Монголын хамгийн урт гол болох Орхонд цутгадаг. Орхон гол нь Сэлэнгэ мөрөнтэй нийлж, улмаар ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Байгаль нуурт цутгана. Нийт уртын 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 92 км нь хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамаарна.

Туул голын сав газар нь 5 аймгийн 20 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг ба Төв аймгийн газар нутгийн 39.8% нь харъяалагддаг байна.  Уу булангаас доош Хүйтний онгорхой хүртэл 60 км үргэлжилсэн өтгөн бургастай шугуйг Туулын хар шугуй гэдэг.  

Туул голын ус хураах талбай 49774 кв.км бөгөөд сав газрын өндөршил 770 – 2800 метрийн хооронд байдаг. Сав газрын хамгийн өндөр цэг нь д.т.д 2799.3м өндөр Асралт хайрхан, хамгийн нам дор цэг нь д.т.д 770м өндөр Орхон – Туулын бэлчир юм. Туул гол 0.8 – 3.5 метр гүн байдаг. 11-р сараас 4-р сар хүртэл хөлдөж мөсөн бүрхүүлтэй болно.

Байгалийн бүс бүслүүрийн хувьд эхэн хэсэгтээ уулын тайгын бүс, ойт хээрийн бүсийг дамнан, Улаанбаатар хотоос доош хээрийн бүсээр урсдаг ба Төв аймгийн Эрдэнэ, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Лүн, Заамар, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум зэрэг 10 сум, УБ хотын 4 дүүргийн (Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул) нутаг дэвсгэрээр дамжин урсдаг. Туул голын сав газарт Улаанбаатар хотын 7 дүүрэг, Төв аймгийн Зуунмод хотын хамт 12, Архангай аймгийн 1, Булган аймгийн 5, Өвөрхангай аймгийн 1, Сэлэнгэ аймгийн 1, нийт 20 сумын төв хамаардаг нь Монголын хүн амын 60% орчмыг ундны усаар хангадаг гол эх үүсвэр болохыг харуулж байна.

Сав газрын нутаг дэвсгэрийн 5.4%-ийг уулын тайга, 11.8%-ийг ойт хээрийн бүс, 82.8%-ийг хээрийн бүс эзэлдэг. Туул голын сав газар ихээхэн чийглэг уур амьсгалтай, жилийн хур тунадасны нийлбэр нь 200 – 400 мм орчим байдаг. Дулааны улиралд уулархаг бүсэд жилд 350 мм-ээс их хур тунадас унадаг.

Хэнтийн нурууны өндрийн бүс бүслүүр, говь, тал хээрийн бүсийн ялгаагаар ургамлын бүрхэвч ялгаатай бүрэлдэн тогтсон ба ургамлын бүрэлдэхүүн хангайн бүсэд баялаг, тал хээрийн бүсэд сийрэг байдаг. Сав газрын хэмжээнд 10 овгийн 16 зүйл загас, 2 зүйлийн хоёр нутагтан, 7 баг, 18 аймгийн 60 орчим хөхтөн амьтан, 171 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс 5 зүйл загас, 11 зүйл хөхтөн амьтан, 12 зүйл шувуу нь ховордож болзошгүй, 1 зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтдаг.

Домогт өгүүлснээр, Хэнтий хан уул гурван сайхан охинтой байж гэнэ. Ууган охин Хэрлэнгээ Хөлөнбуйрын нутаг дахь Далай нуур хэмээх хан хөвүүнд бэр болгон өгч, дунд охин Ононгоо Номхон далай хэмээх хан хөвүүнд бэр болгон өгч алс газар үдэж мордуулжээ. Ийнхүү хоёр охин нь харийн бэр болоод хан эцэг Хэнтийгээ эргэж харалгүй алс хол явж оджээ. Харин отгон охин Туулыгаа нутагтаа авч үлдэн асруулжээ. 

Туул голыг “хатан” хэмээн өргөмжилсөн нь эрт үед бөө мөргөл хүчтэй дэлгэрч байх үед уул хайрханыг “хан”, ус голыг “хатан” хэмээн хүндэтгэн нэрлэж байсантай холбоотой ажээ. Мөн “Хатан Туул”-д эмэгтэй хүн орвол, “Хаан Хэрлэн”-д эрэгтэй хүн орвол биеийн гутаг арилж, элдэв өвчин илааршина хэмээн домоглон ярих нь бий.