Дорнод Монголын тал нутгаар явж байхад байгалийн өвөрмөц тогтоц бүхий далан шуудуу маягийн урт үргэлжилсэн газруудтай тааралдана. Эртний энэ шороон байгууламжийг нутгийн ардууд Сартуулын суваг, Сартагтайн шуудуу, Чингисийн хэрмэн зам, Чингисийн далан, Гүнжийн зам, Илжгэн чихт хааны хэрэм гэх мэтээр нэрлэж янз бүрийн домог ярьдаг. Чухам ямар үед ямар зорилгоор хэн хийсэн, яагаад орхигдож мартагдсаныг саяхныг хүртэл судлаагүй байсан юм.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Нарийн хөндийд хүрч, Сайнцагаан нуурын хойгуур гарч Норовлин сумын Улзын өндөр довоор дайрч, Дорнод аймгийн Баян-Уул, Хэрэмийн худаг зэргээр дамжин Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурванзагал, Чойбалсан сумдын нутгаар үргэлжилж улмаар ОХУ-ын нутаг дэвсгэрт Өвөр Байгалийн нутаг, Аргун мөрний баруун эрэг хүрч, цаашлаад БНХАУ-ын нутгаар 60 км орчим үргэлжилж Гэнхьхэ голын зүүн цутгал Шанкули хотод хүрч төгсдөг.
Зарим нэг домогт, “Чингис хаан нэгэн удаа их цэргээ хөдөлгөн алс холыг зорих болоход түүний бэр нь хамт явахаар болжээ. Тэр үед бэр нь хадам эцэгтээ ил харагдах ёсгүй заншилтай байсан учир олон мянган хүний хүчээр асар их шороон хэрэм бариулж түүний нэг талаар нь Чингис хаан, нөгөө талаар нь бэр нь явсан” гэж өгүүлдэг. Эл домогт хамааралтай газрыг Монголын зүүн хойд хэсгээс эхлэн Дорнод Монголын талаар дайрч Аргун мөрөн хүрдэг 731.8км урт Чингисийн далан мөн гэжээ.
Монголын ууган археологич, доктор Х.Пэрлээ “Монголын нууц товчоо”-ны 281 дүгээр зүйлд “1228 – 1241 онд Өгөөдэй хаан нутгийн гөрөөсийг ах дүүгийн нутагт явчих вий гэж харамлан урт хороо бариулсан” гэж бичсэн байдаг ба тэр урт хороо мөн байх гэж үзсэн. Хятадын зарим судлаачид Зүрчидийн Алтан улсын үед, Японы судлаачид Ляо улсын он цагийн үед хамааруулан үзсэн боловч нарийвчлан сайн судлаагүй байсаар 2012 оныг хүрчээ.
Монгол – Оросын хамтарсан археологийн судлаачид Чингисийн далангийн талаархи судалгааг 2012 – 2013 онд зохион байгуулсан. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрт үргэлжилсэн эл шороон далангийн бүхий л талбайд хайгуул судалгаа хийж нийт 49 жижиг суурин байгааг тогтоож баримт цуглуулсан. Эдгээр суурингийн 34 нь Монголын нутагт, 9 нь ОХУ, 6 нь БНХАУ-ын нутагт байрладаг ба хийц хэлбэрээрээ хэд хэдэн янз илэрчээ. Илэрч мэдэгдсэн бүх суурин нь ундны усны найдвартай эх үүсвэр бүхий томоохон гол мөрний хөндий буюу хүн зон урт удаан хугацаанд оршин суухад тааламжтай газарт байрлаж байсан төдийгүй тэдгээрийг холбосон шороон далан нь гол төлөв тал хээр, хөндийгөөр үргэлжлэн уулын бартаа саадыг тойрч гарсан маягтай байгуулагдсан байсан нь гайхамшигтай юм хэмээн судлаачид онцолсон байдаг.
Оросын археологичдын зорилго бол Чингисийн даланг чухам ямар зориулалттай болохыг олж тогтоох байв. Энэ тухай ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн археологич Александр Ивлиев “тус байгууламж нь Чингис хааны үетэй холбоогүй, харин IX – XI зууны үед оршиж байсан Кидан улсын түүхтэй холбогдож болохыг тогтоожээ. Киданчууд даланг хөрш зэргэлдээх улс аймгуудаас хамгаалалт болгон барьсан ба энэ далан 1000 гаруй жилийн түүхтэй” хэмээн тэмдэглэсэн.
Чингисийн даланд зүсэлт хийж үзэхэд энгийн шороо овоолон дэлдэх байдлаар үйлдсэнийг тогтоож, далангийн өргөн 10-12 метр, хойд талдаа 2-2.2 метр гүн сувагтай, сувгийн өргөн ойролцоогоор дээд хэсэгтээ 2 метр, доош нарийссан шувтан хэлбэртэй болохыг тогтоожээ. Ингэхдээ далангийн хойд талд шуудуу ухаж, шуудууны шороог урагш хаяж, түүнийгээ дэлдэж хатууруулан хийсэн байна. Далангийн дээд талд ойролцоогоор 5м орчим өргөн тавцантай байсан мэт бөгөөд дээгүүр нь морьтон, эсхүл харуулын цэрэг явдаг байсан байж болох талтай. Нутгийн иргэдийн аман яриагаар бол далангийн өргөн эрт цагт хоёр сүйх тэрэг зөрөхүйц байсан гэлцдэг.
Хайгуул судалгааны явцад илэрч мэдэгдсэн цувраа суурингууд нь хилийн хамгаалалтын бүс, хилийн цэргийн суурингийн үүргийг гүйцэтгэж, тухайн улсын хил хязгаарыг хянах зориулалттай байв. Далангийн үүрэг зориулалт нь Өвөр Байгалийн нутагт байсан эртний нүүдэлчин, анчин ард иргэдийг хянах зорилготой байсан гэж дүгнэжээ. Үүнээс үндэслэн хамтарсан судлаачдын баг Кидан улсын зүүн хойд хилийг Чингисийн далангаар баримжаалан тогтоож ойлгож болно гэж үзсэн.
Энэхүү шороон далан Хэнтий, Дорнод аймгийн нутагт 300км гаруй үргэлжилдэг. Далангийн урд талд харуулын цэрэг суудаг байсныг илтгэх 40х50 метр жижиг дөрвөлжин шороон хэрэмнүүд бий. Тухайлбал, Дөрвөлжин буудал, Улзын өндөр дов, Могойн адаг, Өгөөмөр, Дэлгэрэхийн тал, Баянбулагийн хэрэм болно. Хэрэм хооронд өдрийн буюу үдийн газар хүрэх зайтай, хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин, үдийн газрын хэрэм нь гурвалжин байдаг хэмээн нутгийнхан хэлэлцдэг. Дотор нь хүн сууж байсан ул мөр илрээгүй боловч ваар савны үлдэцүүд олджээ. Эл хэрэмтэй адил урттай шороон далан Монголын өмнөд хэсэгт бас бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд, Номгон, Хүрмэн, Баяндалай, Ноён сумдын нутагт “Чингисийн далан”, “Илжгэн чихт хааны хэрэм” гэх мэтээр нэрлэгдэн оршдог.
Харин Монгол Улсын шинжлэх ухааны болон байгаль орчны салбарын тэргүүний ажилтан Г.Амарсанаагийн эрдэм шинжилгээний өгүүлэлд дараах санааг дэвшүүлсэн юм. Монголын эзэнт гүрний үед хууль, зарлиг гарангуутаа гуравхан хоногийн дотор хэдэн арван км замыг туулж эзэнт гүрний зах хязгаарт хүрч хэрэгждэг байсан. Хүн төрөлхтний түүхэнд “мянганы бүтээн байгуулалт” гэж нэрлэгдэхээр улс, тивийг холбон хэдэн мянган км үргэлжлэх, дэлхийн анхны хурдны замыг өнөөдөр хэн ч мэддэггүй гэхэд хилсдэхгүй. Тэр бол Чингисийн зам буюу өртөөний зам юм.
Дэлхийн II дайн дуусангуут цэргийн зориулалттай, маш нууц зэрэглэлтэй 1:100000, 1:200000, 1:500000 масштабтай БНМАУ-ын газрын зургийг ЗХУ ганцхан жилийн дотор буюу 1947 онд үйлдсэн. Хиймэл дагуулгүй байсан тэр цаг үед өндөрлөг бүрийн оройд гурвалжин төмөр байршуулан хийсэн тэдгээр зураглал нэлээд нарийвчлалтай. Говийн бүсэд булаг, худаг хаана байдаг, ширгэдэг ширгэдэггүй эсэх, хэдийд ус гардагийг хүртэл зурагт тэмдэглэсэн байдаг. Зурагт утгын нэг том алдаа гарсан нь Чингисийн замыг “Чингисийн далан” гэж бичсэн явдал юм. Монголын орчин цагийн газарзүйчид зураг үйлдэхдээ ч Чингисийн замыг энд тэндгүй орхигдуулж бас л “Чингисийн далан” гэж тэмдэглэсэн. Өнөөгийн Монголын газрын зурагт “Чингисийн зам” тавхан газарт зурагдсан байдаг бол оросуудын бүтээсэн зурагт нэлээд урт, ийш тийш салаалсан замууд зурагдсан байдаг. Ийнхүү дэлхийн анхны хурдны замыг цэрэг, дайны зориулалттай хуучин далан гэж буруу тэмдэглэсэн нь ЗХУ-аар дамжин дэлхийд тарсан. Чингисийн замыг “хэрэм, далан” гэх нь буруу бөгөөд тэр замыг шавраар бариагүй. Эзэнт гүрэн задарч улс хоорондын харилцаа тасарснаар Чингисийн замын ач холбогдол алдагдан мартагдсан.
1980 онд түүхэн экологийн нэрт эрдэмтэн Л.Г.Денисманаар ахлуулсан Зөвлөлт-Монголын биологийн хамтарсан экспедиц Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт буй Чингисийн замыг ухаж дотор нь булсан заг модноос дээж авч кальцийн алдагдлаар насыг нь тогтооход XIII зуунд баригдсан болох нь батлагдсан.
Энэ тухай эрдэм шинжилгээний өгүүлэл хүртэл хэвлэгдсэн. Тэр үед заг модыг овоолж завсар зайг нь шороо асган битүүлж, дээгүүр нь зөвхөн говьд л байдаг усанд тунасан зузаан хатсан шаврыг зүсэж хооронд нь зүйж бүтээсэн байсан нь тухайн цаг үеийн хар зам бүтээх технологи байжээ. Харин тал хээр нутагт чулуу өрж шороогоор бүтээж барьсан байдаг. Монголын зүүн бүс Хэнтий, Дорнод аймагт буй үлдэгдэл ормууд нь Хятад, Солонгос улсуудыг холбосон салаа зам юм. Нутгийн иргэдийн дунд “Чингис хаан Солонгос улсаас хатан авах болж нар үзүүлэлгүй авч ир гэсэн тул зам барьж сүйх тэргээр авч ирсэн” гэх домог ярьдаг. Ганц хатан авчрах гэж зам бариулах гэдэг нь өөрөө утгагүй бөгөөд Монголын хаадууд ард иргэдийг чирэгдүүлэх үйлдэл хийдэггүй байсан.
Монголын эзэнт гүрэн бий болсноор алс холын олон улс орныг эзэгнэн суусан Алтан урагийн ахан дүүс хоорондоо цаг алдалгүй холбоо барих гэсэн шаардлагаар урт үргэлжилсэн замыг барих нөхцөл бүрдсэн. 1976 онд нэрт эрдэмтэн Ш.Гаадамба гуайн редакторлан хэвлэсэн МНТ-ны 281-р зүйлд Өгэдэй хаан өгүүлрүүн: “Эцгийн их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: ... хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав” хэмээн өөрийн хийсэн дөрвөн сайн үйлийн хоёрдугаарт нь дурьдсан байна. Мөн 279-р зүйлд Өгэдэй хаан өгүүлрүүн: “... Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьт өртөө тавьж, элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй, гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай, Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зөв зүйтэй санагдах боловч Цагадай ах мэдтүгэй! Эдгээр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийдгэтүгэй! гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч “тэр ёсоор хийтүгэй” гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: “Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад /Алтан ордын хаан, Зүчийн хүү/ элч илгээе, Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай” гээд бас өгүүлсэн нь: “Бүгдийн хооронд өртөө зам тавья гэдэг зөвөөс зөв үгийг дуртгажээ” хэмээн илгээсэн ажээ.
МНТ-ны 280-р зүйлд Өгэдэй хаан өгүүлрүүн: “Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвгүүд, ах дүү нар цөм, Отчигин ноён, Жэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм, гол /төв нутгийн/-ын охид хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, аравны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь: ... Өртөө тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй гэснийг бүгдээр зөвшөөрчээ. .. Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан, Тогучар хоёроор захируулж, замын нэг суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Улааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтолно, халбага хигээс дутуулбал хамрын хагасыг огтолно” гэж зарлиг болов гэжээ. Эдгээрээс үзэхэд, энэ аварга замыг мянгат, зуут, аравтад тодорхой газрыг хариуцуулан тал талаас угтуулан нэгэн зэрэг барьсан болох нь тодорхой байна.
Марко Поло (1257-1324)-гийн “Орчлонгийн элдэв сонин” номын 98-р бүлэгт “Нийслэл Канбалу (Ханбалык) хотоос янз бүрийн муж руу олон зам салбарлан гарчээ. Зам тус бүр дээр хаа хүрдэг тухай бичсэн байх тул хэн бүхэнд төөрөх газар үгүй. Их хааны элч хотоос гарч аль ч замаар явлаа гэсэн 25 бээр (нэг өртөө гаруй буюу 45км орчим) хэртэй яваад морин өртөөн дээр ирдэг. Өртөө бүрт элч, зарлага нарын хонох гоё сайхан гэр, элч нарт хэрэгтэй юм бүхэн байдаг. Өртөө бүрд 400 морь бий, их хаан бүх муж, хант улсаар саадгүй тойрон явдаг. Айл амьтан байхгүй эзгүй цөл газар элч нарт зориулан хэрэгтэй бүхнээр хангасан өртөө буудал, өргөө гэр барьж байгуулахыг тушаасан. Гагцхүү өртөө хоорондын зай янз бүр, гол гол муж орох зам дагуу 22 бээр (39.6км), 30 бээр (54км), 35 бээр (63км), 40 бээр (72 км) байдаг. Тэр бүх өртөөний морьд нийлээд 2 бум гаруй бөгөөд элч зарлага, их хаан, ноёд ирэхэд бэлэн байх ба өртөөний гэр нэг түм гаруй байв.
Бас нэгэн чухал зүйл нь өртөө бүрийн хооронд 3 бээр (5.4 км)-ийн зайтай 40 жижиг суурин гацаа байх ба тэнд их хааны явган элч нар сууж доорх байдлаар алба гүйцэтгэнэ. Явган элч нар хэд хэдэн хонх зүүсэн том өргөн бүс бүсэлдэг. Энэ нь тэдний ирж буйг алсаас чимээ өгч сонсгохын тулд юм. Явган элч нар 3 бээрээс илүүгүй гүйн хурдалж ирэнгүүт дараачийн халаа угтан тосох ба дараагийн хүн нь хонхны дууг урьдчилан сонсоод бэлтгэл хангасан байдаг. Элчийг ирмэгц түүний авчирсан зүйлийг уламжлан авч үргэлжлүүлэн цааш 3 бээр гүйдэг. Их хаан явган элч нарынхаа хүчээр арван өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор хүлээн авдаг байсан. Хорин өдөрчийн газрын мэдээг хоёрхон өдөрт хүргэж ирдэг. Их хаан тэднээс алба татвар авдаггүй, үүргээ сайн гүйцэтгэсэнд өөрийн сангаас агт морь бэлэглэдэг байсан.
Харъяат нутаг газрын дотор үймээн самуун дэгдсэн тухай, их хаанд нэн яаралтай дуулгах өөр чухал мэдээ сэлтийг элч нар нэг өдөрт 200 бээр (360км), 250 бээр (450км) газар довтолгодог. Иймэрхүү нэн яаралтай элч нь шонхор шувууны дүрс бүхий пайзтай явдаг ба салхинд үс, малгай сэлтийг хийсэхээс сэргийлж толгойгоо алчуураар ороож, гэдэс хэвлийгээ зайлагдаж, бөөр нуруу сэгсрэгдэхээс хамгаалж бүсээр чанга ороож хар хурдаараа давхиж, өртөө бүрээс шинэ морь унаж довтолгодог. Энд дурдсан хурдаар тооцвол өнөөгийн УБ ба Москва хотын хооронд мориор 20 өдөр явах ажээ. Харин Бээжин ороход 2 өдөр л зарцуулах аж. Тэгэхээр Чингисийн өртөө зам ямар чухал ач холбогдолтой болох нь тодорхой.
Марко Пологийн дурдаж буй их хаан гэдэг нь Хубилай хаан, харин Канбалу гэдэг нь одоогийн Бээжин бөгөөд монголчууд “Хар балгас” ч гэж нэрлэж байжээ. Марко Пологийн номын 100 дугаар бүлэгт “Их хаан элч, зарлага, худалдаачид, энгийн ардын үргэлж явдаг замын дагуу хоёр хоёр алхамын зайд мод тарих зарлиг айлдсан. Модод алсаас харахад сүрлэг харагддаг. Явах зам нь хэн бүхэнд үзэгдэж, огт мунгинан төөрөх явдалгүй байсан. Говь цөлийн зам дагуу мод тарьсан нь элч нарт туйлын таатай, тэрчлэн бүх хант улс, муж улсын зам дагуу тийм мод цөм буй” гэжээ. Ийнхүү мод тарьсан нь замын тэмдэглэгээ гэхээс илүү барьсан замыг элс, шороо, цасан шуурганы уршигаар суларч сийрэгжихээс хамгаалж тарьсан болов уу.
Монголын эзэнт гүрний энэхүү өртөө зам нь дэлхийн хамгийн анхны хурдны зам бөгөөд тухайн цаг үедээ аварга том бүтээн байгуулалт байсан. Замын дагуу судалгаа шинжилгээний ажлыг урагшлуулбал газрын хөрсөн дор нуугдаж үлдсэн олон хот, суурингуудыг олох, тэдгээрийг холбосон салаа зам бүхнийг мэдэх, Чингисийн зам хэр урт байсныг мэдэх боломжтой юм.
Эмхэтгэн бичсэн Ч.Буянбадрах