Монголын нутагт Түрэгийн (555-745 он) эзэнт гүрний үед холбогдох онгон, тайлга тахилгын байгууламж Орхон голын сав, төвийн бүсээр тохиох нь элбэг. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт Донгойн ширээ дурсгалыг 2010 оноос МУИС-ийн Археологи-антропологийн тэнхимийн профессор Д.Түмэнгийн удирдсан судалгааны баг, 2011 онд ШУА-ийн археологийн хүрээлэнгийн ЭША, доктор Ц.Болорбат, 2013 онд ШУА-ийн археологийн хүрээлэнгийн доктор, профессор Д.Цэвээндорж, 2015-2017 онд Монгол-Японы хамтарсан судлаач нарын баг судалсан. Газарт булагдсан хөшөөний хэсэг дээр эртний руни үсэг байгааг илрүүлснээр судалж эхэлсэн. Монголын хамгийн зүүн захад орших, хамгийн олон гэрэлт хөшөөтэй цогцолбор болохыг тогтоосон.
Харамсалтай нь тус цогцолборыг тонон дээрэмдэж, сүйтгэсэн ул мөрийг малтлагаар тогтоосон. Судалгааны явцад 48 ширхэг хөшөөний хугархай олдсоныг эвлүүлээд нийт 14 гэрэлт хөшөө болохыг тогтоосон.
Цэцгэн хээтэй тахилын байгууламжийн хавтан чулууг 30 орчим хэсэг болгон эвдэж сүйтгэсэн байсан ба эвлүүлэх боломжгүй болсон байна. Малтлагын талбайгаас 3-4 төрлийн ваар савны хагархайнууд, хонь ямаа, адууны яс нэлээдийг олсон.
Руни бичээстэй 3 хөшөөнд нийт 72 мөр, 3857 үсэг, 1193 үг, 80 илүү тамга байгааг тогтоосон. Дурсгалын эзэнд зориулан “Орд гэр минь ээ”, “Ноён минь ээ”, “Нутаг минь ээ” гэсэн гурван агуулгыг олон дахин давтан сийлжээ. Бусад агуулгын хувьд Тогуз Татарын эсрэг хийсэн дайн тулаан, гавъяа зүтгэл, улсын цол хэргэм Тэлис шад, Ябгу зэргийг дурджээ.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах