Харандаа хад

 

Говь-Алай аймгийн Тайшир сумын төвөөс 3 км зайд орших энэхүү хад нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсацаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 6 талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой юм. 6 талтай хүрмэн чулуу маш ховор. Энэхүү байгалийн өвөрмөц тогтоц бүхий толгойг Харандаа хад гэж нэрлэх бөгөөд хаанаас нь ч харсан хураагаад тавьсан харандаа шиг харагддаг.  Харандаа хадны базальт нь кайнозойн үеийн галт уулын гаралтай юм.

Базальт бол бялхмал магмын чулуулаг дотор хамгийн түгээмэл, хүрмэн чулуу буюу магмын чулуулаг нь халуун хайлмаг үедээ асар өндөр даралтанд орж царцахдаа талст хэлбэрийн талтай багана болж тогтдог. Баганалаг базальт нь энгийн хүрмэн чулуутай харьцуулбал нүх сүв багатай, хүнд, нягт байх ба хар саарал, хар хүрэн өнгөтэй байдаг.

Харандаа чулуу хэмээн нэрлэж заншсан баганалаг хэсэгшилттэй базальт Монгол оронд багагүй бий. Тухайлбал,

  • Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Цонжийн чулуу
  • Говь-Алтай аймгийн Тайшир сум, Завхан голын Хомбого толгой
  • Архангай аймгийн Жаргалант сум, Чулуут голын Салхитын хясаа
  • рхангай аймгийн Төвшрүүлэх сум, Бүрдний харандаа чулуу
  • Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Хүж хад
  • Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Эрдэнэтээл
  • Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Гүнзгийт
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Тэнгис голын Шивээ толгой
  • Булган аймгийн Орхон сум, Орхон голын хавцал ...

 

Баганалаг базальтан тогтоцуудын хамгийн том нь Салхитын хясаанд орших бөгөөд өндөр нь 15-23 метр байдаг. Харин өргөн баганан тогтоцууд Хомбого толгой, диаметр нь 125 – 130 см, талстын өргөн нь 80 см хүрнэ. Цонжийн чулууны баганууд ихэвчлэн 5 – 6 талтай байдгаараа ялгардаг. Байгалийн эл тогтоцыг Hexagonal rock буюу “Зургаан талт чулуу” хэмээх ба хэрвээ таван талтай бол Pentagon, долоон талтай бол Heptogen гэдэг. Мөн тэгш, ромбо, трапец хэлбэрийн дөрвөн өнцөгт баганууд түгээмэл. Багцалсан харандаа мэт, ургаа чулуу мэт, зориуд зоож орхисон шон шиг харагдах нь ч бий.