Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Зулганайн баянбүрд нь Монгол орны томоохон баянбүрдүүдийн нэг бөгөөд Алтан уулын баруун суганд орших говийн үзэсгэлэнт нутаг юм. Алтан уул, Тост уулын ус нь энэхүү Зулганайн баянбүрдийн гол ундарга нь болдог. Зулганайн гол нь өөрийн ундаргатай бөгөөд Талын хайрганы адаг хавьд элсэн эргээс ундарч баруун хойшоо чиглэн 12 км урсаад дахин элсэн доогуур шургаж дахин ил гарч урсдаг.
Говь цөлийн дунд элсэн манхануудаар хүрээлэгдэн орших шимт хөрс, мод, бут сөөг, өвс ургамал жигдэрсэн, булаг шанд ундарсан байгалийн үзэмж төгс газар учраас нутгийнхан “Зуун мод – Зулганай” хэмээн нэрлэнэ. Ургамлын бүрхэвчээр нэн баялаг, говьд ургадаг бүх төрлийн ургамал тухайлбал, заг, товцог, жигд, хулс, тоорой, хайлаас, бургас, харгана, хармаг ургана. Голын голдиролд зэгс голлон ургадаг нь онцлог болохоос гадна сухай, чихэр өвс элбэг тохиолдоно. Зулганайн голын ус бага зэрэг хужиртай ч ундны хэрэглээнд хэрэглэж болдог.
Баянбүрд нь говийн байгаль экологийг тэнцвэржүүлж байдаг учраас баянбүрд судлаачид, биологийн эрдэмтэд, цөлжилттэй тэмцэх судалгааны ажил Зулганайн голд ихээр хийгддэг байна. Зулганайн гол ихэвчлэн шөнөөр ил гарч урсдаг бөгөөд эл онцлогийг дагаад орой үдэш хар ялаа ихэсдэг. Эргэн тойрны мод ургамал нь тэмээ далд орохуйц өндөр ургадаг ба энэ нь нарны хурц гэрэл, халуунаас хамгаалж байдаг.