НТӨ II - I зуун буюу Хүннүгийн үед холбогдох хот суурин, үйлдвэрлэлийн газар бүхий дурсгал юм. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур сумын нутгийн заагт Бороогийн голын зүүн эрэгт, Цагаан чулуутын амны адагт орших суурин бөгөөд 1966 онд археологич Ц.Доржсүрэн нээж илрүүлсэн. Гадаргын 20-30 см гүн дэх ил түүвэр олдворуудыг үндэслэн Хүннүгийн үед холбогдохыг тогтоосон. Маш олон ваар савны хагархай, малын яс цухуйж байсан бөгөөд 30 км урт үргэлжлэх талбай хамарч байжээ. Эл байдал нь “булш” бус “суурин газар” болохыг илтгэсэн байна.
1987 онд археологич Д.Цэвээндорж нар тус суурингийн судалгааг ахиулан хийж эвдэрхий 2 байгууламжийг самнаж үзсэн. 1990 онд Д.Цэвээндорж, И.Эрдели нарын ахалсан Монгол-Унгарын судалгааны баг Бороогийн сууринд анхны бага хэмжээний малтлага хийсэн. Хоёр газарт цооног ухаж ваар савны хагархай олон тоогоор илрүүлж, богийн далаар хийсэн багаж, хатаж дуусаагүй байхдаа дарагдсан ваар савны хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлс олжээ.
2005 – 2007 онд Ц.Төрбат, Н.Пуса нарын удирдсан Монгол-Швейцарийн хамтарсан судалгааны экспедици томоохон хэмжээний малтлага хийж, Бороогийн голын зүүн эргийн дагуу хоёр дэнж дээр нийт 1175 м.кв талбай, 75м урт шуудуу, 90м урт хөндлөн зүсэлтийг хийж хагас газар сууц 6, аж ахуйн зориулалттай 126 нүхэн байгууламжийг илрүүлсэн. Судалгааны үр дүнд мал аж ахуй, газар тариалан, гар урлалын холбогдолтой хэдэн мянган эд өлгийн зүйлсийг олсон байдаг.
Бороогийн суурин нь Монголын газар нутаг дахь Хүннүгийн гар урлалын нэгэн төв төдийгүй хүн ам байнга оршин сууж байсан суурин газар байсныг нотолсон түүхэн дурсгалт газар юм. Хилийн цаана ОХУ-ын Буриадын нутаг дахь Ивлэгийн суурин, Дөрөөгийн суурингууд нь бүтэц зохион байгуулалтын хувьд Бороогийн сууринтай төстэй бөгөөд газар ухаж хагаслан хийсэн “газар сууц”-ууд нь адилхан загвар, хэмжээгээр баригдсан байжээ. Түүхчид эдгээр гурван сууринг хоорондоо холбоотой, тодорхой зорилгоор байгуулж суурин соёлыг хөгжүүлж байсан гэж үздэг. Хүн амыг будаа, гурилын хэрэгцээ, гар урлалын бүтээгдэхүүнээр хангадаг байсан нь тодорхой бөгөөд НТӨ II-I зуунд хамаарахыг тогтоосон байна.
ХҮННҮГИЙН ДУРСГАЛ: Одоогийн байддлаар Монгол Улсын нутаг дэвсгэр, ОХУ-ын Буриадын нутаг Өвөрбайгаль, БНХАУ-ын Өвөрмонгол ба түүнтэй хил залгаа муж нутгуудаас Хүннүгийн үед холбогдох булш оршуулга, хот суурин, хадны зураг, үйлдвэрлэлийн газар зэрэг археологийн дурсгалууд илэрсээр байна. Түүний дотор Монгол Улсын нутагт 300 гаруй газар 10000 хол давсан хүннү булш бүртгэсний 500 гаруй булшийг нь малтан судлаад байна.
Хүннүгийн оршуулгын дурсгал нь хэлбэр зохион байгуулалтын хувьд дөрвөлжин далан, үүдэвчтэй язгууртны булш, түүний эргэн тойронд орших жижиг дараастай дагуул жирийн иргэдийн булш гэсэн үндсэн төрөлд хуваагддаг. Үүнээс, язгууртны оршуулгын дурсгал Архангай, Төв, Хэнтий, Ховд, Говь-Алтай, Булган аймгийн 9 газраас илэрч олдоод байна.
Хүннүгийн язгууртны булш: Язгууртны бунханыг уруу нь харуулсан пирамид мэт хэлбэрээр шаталж ухан хийдэг бөгөөд 6-20 метр хүртэл гүн байдаг. Гүнзгий ухсан нүхэнд модоор бунхан хийх бөгөөд булшны том жижгээс хамаарч дан болон давхар байна. Бунханы дотор талын ханыг хүн, амьтны дүрс болон элдэв хээ бүхий торго, нэхмэлээр доторлож, дунд нь авсыг байрлуулна. Авсны ханыг мөн торгоор бүрээд алтан ялтас туузаар ханалан даруулж толгой талд нь нар, сарны дүрстэй хос алтан чимгийг хаддаг. Бунханы дээр шарилын толгой талд тахил болгон өргөсөн хойлгын адуу мал, сүйх тэргийг тавина.
Хүннүгийн жирийн иргэдийн булш: Хүннүгийн жирийн иргэдийн булш дугуй цагираган хэлбэртэй байх бөгөөд тойргийн голч 4-20 метр хүртэл бий. Зарим том дугуй дараастай булшнууд багавтар үүдэвчтэй байх нь тохиолддог. Булшны гүн 2-3 метр байх бөгөөд 9 метр гүнтэй булш байсан. Нүхний ёроолд чулуу, модоор авс хийж хүнээ оршуулах ба томхон хэмжээтэй булшинд давхар хайрцаг хийж хүнээ оршуулна. Авсанд нас барагчийн эдэлж хэрэглэж байсан нум сум, хутга, бүс, билүүг дагалдуулж хойд насандаа хэрэглэг хэмээн шавар сав суулганд бог малын хаа гуя, сүү цагаан идээ зэргийг хийж цөөн тохиолдолд төмөр болон хүрэл тогоо дагалдуулдаг байна.
Хүннүгийн үеийн хадны зураг: Монгол орны нутаг дэвсгэрээс Хүннүгийн үед холбогдох хадны зураг цөөн тоотой илэрч судлагдсан байна. Судалгаанаас үзэхэд, Ховд аймгийн Ямаан усны хавцалын Ханан хадны мухлагтай хоёр морин тэрэг, Говь-Алтай аймгийн Халиун сумын Цагаан голын нийлмэл тамганууд, Сүхбаатар аймгийн Цагаан элэгийн хүн, амьтан, Өмнөговь аймгийн Хахуулын голын хадны зураг дахь дөрвөлжин хүрээн доторхи тэгш хэмтэй эвэр мэт угалзарсан дүрс, эрээн хайрстай аварга могой, сүүлээ агссан эвхрэн харайж буй мэт барс, Дундговь аймгийн Дэл уулын мухлагт тэрэг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Цагаан Салаагийн хадны зураг дахь нохойд хөөгдсөн аргалийг угтан харваж буй анчин, Баянхонгор аймгийн Сонгинотын хадны зураг дахь адуун сүрэг тууж яваа болон чоно хөөж буй морьтой хүмүүс, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Рашааны тээгийн нийлмэл тамга зэрэг зургуудыг судлаачид хүннүгийн үед хамруулан үзжээ.
Хүннүгийн үеийн хот суурин: Монгол Улсын нутаг дэсгэр дээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээт дов, Борнуур сумын Бороогийн суурин, Баянжаргалан сумын Хэрлэн голын Цагаан арын Гуа дов, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Дэлгэрхаан сумын зааг Цэнхэрийн голын хэрэм, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баруун дөрөөгийн хэрэм буюу Барс хот II, Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Баянбулагийн туурь зэрэг хот сууриныг Хүннүгийн үед холбогдуулан үздэг.
Эх сурвалж: Монгол түүхийн тайлбар толь