Хүннүгийн язгууртын оршуулга бүхий дурсгалт газар бөгөөд Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс зүүн урагш 35 км зайд, Хайрхан, Эрдэнэмандал сумдын нутагт, Хүнүй голын хөндийд 400 га газрыг эзлэн оршдог. Нийт 500 орчим булштай. Анх 1956 онд Монголын археологич Ц.Доржсүрэн илрүүлж 26 жижиг булшийг малтан шинжилжээ. Монгол – Францын хамтарсан археологийн судалгааны баг 2000 – 2011 онд язгууртны булшийг нь малтан судлах төсөл хэрэгжүүлсэн. Язгууртны 2 том булш, дундаж хэмжээтэй 1 булш, дагуул болон жижиг 15 булш малтан судалсан нь Хүннүгийн язгууртны булшны бүтэц, зохион байгуулалт, оршуулгын зан үйлийг тодруулан судлахад чухал хэрэглэгдэхүүн болжээ.
Язгууртны булш нь ерөнхий бүтцийн хувьд уруу нь харуулсан пирамид хэлбэртэй. Эртний египтчүүд нас эцэслэсэн хаадын булш болох пирамидыг газрын хөрсөн дээр байгуулдаг байсан бол талын анхны эзэнт гүрнийг цогцлоогч хүннү нар газрын хөрсөн доор 20 гаруй метр гүнтэй пирамид хэлбэртэй гүн нүх бүхий бунхант оршуулгыг бүтээдэг байсан билээ. Эл баримт нь Хүннүгийн язгууртны булш нь бүтэц, зохион байгуулалтын хувьд уран барилгын сүрлэг, нарийн бүтэц бүхий дурсгал болохыг харуулж байна.
Эдгээр булшны малтлагаас зэс, төмрийн хайлшаар хийсэн эд өлгийн зүйлс, сүйх тэрэгний эд ангиуд, авсны алтан чимэглэлүүд, торго, эсгий ширдэгний тасархай, ноос, арьс, үслэг эдлэлийн зөөлөн болон эрдэсжсэн үлдэгдлүүд олдсон. Үүний зэрэгцээ усан болор, шилэн сувс, хуван эдлэл зэргийг илрүүлэн олсон нь олон улсын худалдаа солилцоонд хүннү нарч идэвхтэй оролцож байсныг гэрчилнэ. Мөн хүннү нарын оюуны соёлын гайхамшигт дурсгал болох хөлөгт тоглоом, амьтны загварт урлагийн содон дүрслэл болох ганц эвэрт гөрөөс гэх мэт домгийн амьтад, алтан шармал мөнгөн хөөмөл хударга, хөмөлдөргөний чимэглэл зэрэг зүйлс олджээ.