Горхи Тэрэлж - Байгалийн цогцолборт газар

 

Засаг захиргааны хувьд УБ хотын Налайх дүүрэгт харъяалагдаж нутаг дэвсгэр нь Төв аймгийн Эрдэнэ суманд оршдог. Бага Хэнтийн нурууны өвөр хэсгийн иж бүрдлийг төлөөлөн Хан Хэнтийн дархан цаазат газартай хил залгаа орших уул, хад цохио, гол горхи хосолсон үзэсгэлэнт сайхан Горхи - Тэрэлжийн бүсийг байгалийн унаган төрхөөр нь хамгаалах, зохион байгуулалттай аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах зорилгоор 293168 га талбайг 1993 онд УИХ-ын 83-р тогтоол, 1994 онд Засгийн газрын 9-р тогтоолоор “байгалийн цогцолборт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Байгаль, газарзүйн онцлог: Хэнтийн нурууны зүүн өмнөд хэсэгт байрлаж Хойд мөсөн далайд цутгадаг гол мөрнүүдийн ус хагалбар, УБ хотын цэвэр усны эх ундарга болсон Туул голыг хамгаалж байдгийн хувьд Монгол орны төдийгүй бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй бүс юм.

Бага Хэнтийн нурууны Өмнөд салбар уулс, Ар өвөр Горхи, Заан - Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутгийг хамардаг. Хамгийн өндөр цэг нь 2664м өндөр Авхаан уул, хамгийн нам цэг нь Туул голын бүдүүн чулууны гарам 1376м юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн бөмбөгөр оройтой, нэлээд хэрчигдсэн эрсдүү налуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг. Эл бүс нутгийн уулс нь хөндлөн чиглэлтэй хэд хэдэн салбар уулсаас тогтоно. Хамгийн том уул нь Алтан - Өлгий бөгөөд д.т.д 2645.7м өндөр.  

Тус БЦГ-ын хамгийн хойд цэг нь Хан Хэнтийн ДЦГ болон Горхи Тэрэлж БЦГ - ын хилийн заагт орших Гэл уул, өмнөд цэг нь нь Гандан уулын ар, Туул голын урд эрэгт оршино. Горхи-Тэрэлж БЦГ нь хойноос урагш 77 км үргэлжилнэ. Баруун захын цэг нь Дархитын даваанаас баруун хойд зүгт орших 2045.6 тоот өндөрлөг, зүүн захын цэг нь Юдэгийн (Жүдэгийн) даваа ба баруунаас зүүн тийш 70 км үргэлжилнэ. Уул нуруудаас нь Тэрэлж, Хурх, Баруун Баян, Дунд Баян, Зүүн Баян зэрэг oлoн гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг.

Геологийн тогтоц: Хэнтий нуруу нь геологийн тогтоцын хувьд нэлээд цомхон боловч өвөрмөц дүр төрхтэй. Хэнтий нуруунд анх төрмөл, эрт төрмөл, дунд төрмөлийн эриний настай гүний болон тунамал чулуулаг тархсан. Эрт төрмөлийн чулуун нүүрсний галавын нүүрст ба нүүрстөрөгчит шаварлаг занар, Туул ба Заан голуудын эхэн сав газраар девоны ангилагдаагүй чулуулаг, цахиурлаг занар, хас, нүүрст ба нүүрстөрөгчит шаварлаг занар зэрэг чулуулаг Өвөр Минж, Туулын эх, Тэрэлжийн сав газраар тархсан байна. Хөрс үүсгэгч дөрөвдөгчийн аллюви, эллюви, делюви, пролюви, мөсдлийн хурдсууд өргөн тархсан байдаг. Неоген, дөрөвдөгчийн хурдсууд уулс хоорондын хотгор хонхор, голуудын хөндийг дүүргэсэн байдгаас гадна төвийн өндөр уулс хавьд зарим хэсэгтээ аллювийн хурдас, дөрөвдөгчийн өмнөх үеийн хурдас алаг цоог тархана.

Уур амьсгал: Хэнтийн уулархаг бүсийн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай, зун нь бүгчим халуун бус, долдугаар сарын дундаж температур +15.6-аас +37 хэм, нэгдүгээр сарын дундаж температур -21-ээс -27.4 хэм байдаг. Энэ нутагт харьцангуй их хур тунадас унадаг учраас гол мөрний сүлжээ нягт байдаг.

Хөрсөн бүрхэвч: Хэнтийн нурууны байгаль, цаг уур, хурдас чулуулгийн онцлогоос хамаарч хөрсний бүтэц бүрэлдэхүүн олон янз байдаг. Уулын ар хажууд 1400 метрийн үнэмлэхүй өндөр хүртэл хар хүрэн, хүрэн хөрс зонхилж, 1700-2000 метр хүртэл уулт тайгын чандруулаг ба ойн саарал хөрс тус тус тархаж уулын хавтгайдуу оройд уулын нугын хүрэн нимгэн хөрс бүрхсэн байдаг. Харин уулын ой модгүй өвөр хажууд хүрэн хөрстэй. Хэнтийн нурууны хөрсний босоо бүсшилийн бүтцэд тухайлбал, чийглэг гумид, чийглэгдүү субгумид хэв шинж ажиглагдана. Чийглэг хэв шинжийн босоо бүсшил нь уулын ар, өвөр хажуугийн аль алинд нь тархсан. Тухайлбал, уулын өвөр хажуугаар дээрээс доошоо чиглэлд уулын тундрын, уулын нугын, уулын тайгын цэвдэгт, уулын тайгын ширэгт, уулын карбонатгүй хар шороон хөрс, ар хажуугаар тундрын уулын тайгын цэвдэгт - өнгөнөөсөө төмрийн исэлжсэн, уулын тайгын цэвдэгт, уулын тайгын чандруулаг, уулын тайгын ширэгт хөрс дараалан тогтсон байна. Чийглэгдүү хэв шинжийн бүсшилд ойн хөрс зөвхөн уулын ар хажуугаар тархана. Тухайлбал, өвөр хажуугаар нь дээрээс доошоо чиглэлд уулын нугын, уулын нугат-хээрийн, уулын хар шороон, уулын хүрэн шороон хөрстэй байхад, ар хажууд нь уулын тундрын, уулын нугын, уулын тайгын цэвдэгт, уулын тайгын ширэгт, уулын ойн ширэгт бараан, уулын хар шороон хөрс дараалан оршино. Голын татам, нарийн хөндий, хавцлын ёроолд намгийн болон нугат намгийн цэвдэгт хөрс элбэг байдаг.

Ойн сан: Уулын ойн бүслүүрт ургамалшилтын босоо бүслүүрийн хувьд ойт царам, тайга, тайгархаг ой гэсэн 3 анги болгож болох талтай. Ойт царамд Сибирь хуш зонхилох боловч Сибирь шинэс ямар нэг хэмжээгээр холилдон ургасан байдаг. Энэ ойт цармын ургамлын аймаг нь нөхөн төлжилт удаашралтай. Харин энд байгаа том мод болон сөөг ургамлууд нь хур тунадасыг жигд тогтвортой, хуваарилах, зохицуулахад маш их ач холбогдолтой. Энд хагт, сөөгт, бадаант бүлэг хэв шинжийн хушин ой зонхилохоос гадна алаг өвст, ногоон хөвдөт, сургарт хэв шинжүүд тохиолдоно. Ийм хэв шинжийн ой д.т.д 2000-2200 метрийн хооронд гол төлөв уулын зоо дэвсэг барин ургадаг. Энэ дэд бүслүүрийн гол төлөөлөгчдөөс төгрөг навчит хус, алтан тэрэлж, сибирь арц, хонин арц, монгол шивэлз зэрэг олон намгийн сургар зэрэг ургамлыг нэрлэж болно. Тус нутагт тайга нь усан хагалбарын өндөр уулс болон бэсрэг уулсын ард д.т.д 1450-1900 метрт байх ба зонхилох зүйлүүд нь эгэл нарс, боролж, сибирь шинэс, хус, чичигнүүр улиас, гацуур, бургас зэрэг модлог ургамал, өргөст сарнай, нохойн хошуу, дунд тавилгана, тахир тавилгана зэрэг сөөг, алирс, явган төмөрдээ, мягмансанжаа, байгаль иш, хүрэн сорвоо, улалж, хонин ботууль зэрэг өвслөг ургамал юм. Тайгархаг ойн хэсэгт хар мод, хус, чичигнүүр улиас зэрэг мод зонхилж, тус нутгийн нам уулсыг бүхэлд нь эзлэхээс гадна бэсрэг уулсын энгэрт д.т.д 1600 метр хүртэл өгсөж тархана. Өндөр шулуун иштэй хус, улиангар ихтэй. Энд тавилгана - алаг өвст шинэс, хус – шинэс, улиангар – шинэс, алаг өвст - шинэс зэрэг бүлгэмдлүүд зонхилж, голлох зүйлүүдэд сибирь хар арц, чөдөр өвс, алирс, ажиргана, улаан ботууль, сибирь биелэг, улалж, өндөр хорс, хараалч цэцэг, хөх удвал, шээрэнгэн навчит хонхон цэцэг, цагаан яргуйжин, умардын өрөмтүүл, балчиргана, туйлын бөөрөлзгөнө, европ долоодой орно. Тайгархаг ойн онцлог нь олон зүйлийн өвслөг ургамал ургадаг бөгөөд тайгыг бодвол нэлээд хуурай. Ийм учраас түймэрт өртөх магадлал ихтэй эмзэг ой юм. Уулын ойн бүслүүрийн ургамалжилтын нэгэн өвөрмөц хэлбэр нь сөөгөн торлог юм. Уулын гол горхины эх, хөндийгөөр сөөгөн хус, бургаснаас бүрдсэн энэхүү битүү торлог нь ойн бүслүүрийн ус чийг, мөн цэвдэгийн горимыг тогтвортой барьдаг чухал хэсэг төдийгүй ан амьтан байрших тухтай орчинг бүрдүүлдэг.

Өндөр уулын бүслүүрт БЦГ дахь д.т.д 2200-2500м өндөр бүслүүрийг хамруулах бөгөөд өндөр уулын бүслүүрийг царам, таг гэсэн 2 дэд бүслүүрт хуваан үзэж болно. Царам нь 2100-2200м өндөрт, ойн дээд хил дагуу зурваслан тархана. Цармын дэд бүслүүрт хуш - хар нэрст тайга (нэрс, алирс, бадаан унаган туруу, зуншил цэцэг, умардын ягжаа) тааралдана. Мөн төв хэсэгт уулын тайгын дээд хэсгээр хуш бадаант тайга тааралдана. Тэр нь бүтцээрээ хар нэрст хушин тайгатай ойролцоо боловч энд ургаж буй хушин ой дээд зах руу ойртож ирсний улмаас хэмжээгээрээ мэдэгдэхүйц багасаж сийрэг намхан болж ирнэ. Нөгөөтэйгүүр өвслөг ургамал дотор бадаан зонхилох ач холбогдолтой. Заримдаа өндөр уулын цармын дэд бүслүүрт сөөглөг ширэнгэ дайралдана. Тэр нь гол төлөв ойн захыг эмжих юмуу эсвэл ойд бие даасан нэгэн үе болон ургасан байдаг. Энэ ширэнгэ ихэвчлэн төгрөг навчит хусаас бүрдэнэ. Тэдгээртэй хамт беллардын бушилз, хурц шүдлиг болон олон тооны улалж, үетэн, алаг өвс ургана. Тагийн дэд бүслүүр нь 2170-2250 метрээс дээш оршино. Уулсын ар, өвөрт адилавтар түвшнээс эхлэх бөгөөд мөлгөр орой, хяр зоог битүү хучин үргэлжилнэ. Цармын дэд бүслүүрээс тагийн дэд бүслүүрт шилжих заагаар улалж, арц бүхий жижиг дэгнүүлт бүлгэмдэл нь хад чулуун дунд тасархайтан нэлээд талбайг эзлэн тархана. Зонхилох ургамалд хонин ботууль, хурган мэхээр, цагаан мэхээр, хурц шүдлиг, беллардын бушилз, мөн олон зүйлийн улалжууд орно. Өндөр уулын бүслүүрийн дээд хэсэг болох тагийн дэд бүслүүрийн ихэнх хэсгийг зожир өвст - тундр эзэлнэ. Энд алаг өвс - зожир өвст, үетэн алаг өвст, улалж - зожир өвст бүлгэмдэл зонхилж ялзмагт үе давхарга нимгэнтэй нэлээд хүлэржсэн уулын нугын хөрсөнд тархана. Зожир өвс 10-30 хувийн бүрхэцтэйгээр зонхилж, үетнээс тагийн сорной, монгол бутнуур, төллүүр тарна, азийн жамъянмядаг, эдерийн хувиланга, тагийн тэмээн хавирга, дөрвөлсөн мүгээ, том цэцэгт шимэлдэг зэрэг өндөр уулын ургамал зонхилон ургана.

Ургамалжилт: БЦГ-ын нутаг дэвсгэр нь ургамал, газарзүйн мужлалаар Евразийн шилмүүст ойн мужийн Өвөр Байгалийн уулын тайгын хошууны Төв Хэнтийн уулын тайгын тойрог, Евразийн хээрийн мужийн, Өмнөд Хэнтийн уулын хээрийн тойрогт тус тус хамаарагдана. БЦГ-т ургаж буй ургамал 6 ангилалд хамаарах ба уулын хээрийн ургамал 303 зүйл, жинхэнэ хээрт ургадаг ургамал 195 зүйл, цөлөрхөг хээрийн ургамал 11 зүйл, бүх бүслүүрт дайралдаж байдаг 28 зүйл, нугархаг хээрийн 117 зүйл ургамал байна.

Ойн дээд хил д.т.д. 2200 метр өндөрт орших ба түүнээс дээш төгрөг навчит хус, сибирь болон хонин арц, алтан тэрэлж, тагийн хүйтсүү алаг өвс, зожир өвст бүлгэмдлүүд алаг цоог тархсан. Тус нутагт ургамалшилтын босоо бүслүүрийн өндөр уул, ойн, уулын хээр гэсэн 3 үндсэн бүслүүр зонхилдог. Уулын хээрийн бүслүүрт хуурайссаг олон наст дэгнүүлт ба үндэслэг ишт үетэн, алаг өвслөг ургамал зонхилдог. Хээрийн ургамал зонхилох боловч хуурайссаг сөөг болох харгана, агь зэрэг сөөг ба сөөгөнцөр ихтэй байдаг нь бусад газраас ялгагдах онцлог болно. Хэдийгээр уулын хээрт өвслөг ургамал намхан тачир боловч шимт чанараар өндөр. Уулын хээрт лени ботууль (Festuca lenensis), далансүүл (Koeleria macrantha), дэрвээн дэгд (Gentiana squarrosa), хялгана (Stipa krylovii) зонхилон ургана. Энэ бүслүүрт хуурайссаг, чийгсүү хуурайссаг, хуурайссаг-чулууссаг ургамал гол хувийг эзэлж байдаг.

Горхи - Тэрэлж нь ургамлаар маш баялаг. Алаг өвс улaлжит, алаг өвс – үетэн, шинэсэн ой, сургар – алирс, ногоон хөвдөт, алирс, бадаант хуш бүхий шинэсэн ой, алаг өвс - улалж биелэг өвст, алаг өвс - өвст дундаж өндөр уулын хээр зонхилно. Ерөнхийдөө уулын хээр боловч ургамлын зүйлийн хувьд жинхэнэ хээр, ой, цөлөрхөг хээрийн нөлөө нэлээд байдаг. Өөрөөр хэлбэл, бусад бүс бүслүүрийн нөлөө их. Уулын ойн бүслүүрт ургамалшилтын босоо бүслүүрийн хувьд ойт царам, тайга, тайгархаг ой гэж 3 ангилан харж болно. Ойт царамд сибирь хуш зонхилох боловч сибирь шинэс ямар нэг хэмжээгээр холилдон ургасан байдаг. Мод болон сөөгөн ургамлууд нь хур тунадасыг жигд тогтвортой хуваарилах, зохицуулахад ач холбогдолтой. Мөн хагт, сөөгт, бадаант бүлэг хэв шинжийн хушин ой зонхилохоос гадна алаг өвст, ногоон хөвдөт, сургарт хэв шинжүүд тохиолдоно. Ийм хэв шинжийн ой д.т.д 2000-2200 метрийн хооронд гол төлөв уулын зоо дэвсэг барин ургадаг.

Дэд бүслүүрийн гол төлөөлөгчдөөс төгрөг навчит хус, алтан тэрэлж, сибирь арц, хонин арц, намгийн сургар, монгол шивэлз зэрэг олон ургамал ургана. Тус нутагт зонхилох зүйлүүд нь эгэл нарс, боролж, сибирь шинэс, ипполитын хус, чичигнүүр улиас, гачуур, бургас зэрэг модлог ургамал, өргөст сарнай, нохойн хошуу, дунд тавилгана, тахир тавилгана зэрэг сөөг, алирс, явган төмөрдээ, мягмансанжаа, байгаль иш, хүрэн сорвоо, улалж, хонин ботууль зэрэг өвслөг ургамал юм.

Хөхтөн амьтан: Хан Хэнтийн уулсын систем нь Монгол орны амьтны аймгийн газарзүйн мужлалаар Хэнтийн тойрогт хамаарна. Хэнтий нуруу нь хөвч тайга бүхий зэлүүд нутаг ихтэй тул ан амьтны бүрэлдэхүүнээр баян. Судлаачдын бүртгэснээр тус БЦГ-т 6 баг, 15 овог, 27 төрөлд хамаарах 50 гаруй зүйлийн амьтан амьдардаг. Энэ нь Монгол орны амьтны аймгийн 40 шахам хувьтай тэнцэх юм.

Цогцолборт газрын хөхтөн амьтдын нэлээд хувийг мэрэгч амьтад эзэлдэг. Түгээмэл тархсан нь урт сүүлт зурам, жирх, хэрэм, олби, сохор номин зэрэг 19 зүйл амьтад өргөн тархсан. Орчны бүс нутагт өргөн тархсан нь монгол тарвага (Marmota sibirica Radde), урт сүүлт зурам (Citеllus undulatus Pall) зэрэг мэрэгчид тархсан. Уулын бэл, хормой, энгэр хавиар монгол огдой (Ochotona pallasi Gray 1867) харьцангуй их буюу ойролцоогоор 1 га талбайд 25-40 тоо толгой нягтшилтай нутагладаг.

Голын хөндий шинэс, хус, улиас, бургас, моносон шугуйгаас таг цармын сийрэг ой, бутан ширэнгэ төгөл хүртэл голдуу унанги дархи бүхий хэсэгт өргөн тархацтай нь жирx (Tamias sibirica Laxm), ойн хүрэн оготно (Clethrionomus rutocanus Sundv) болно. Мэрэгчид дотроос нэн элбэг нь хэргэлзий оготно бөгөөд бушилзат нуга, тагийн хээр болон тагийн бүслүүрийн доод зах дахь бутлаг ургамалтай газар элбэг тохиолдоно. Сарьсан далавчит хөхтөнөөс 4 зүйл багваахай байх ба өвөл ичдэг харьцангуй цөөн тоотой тохиолддог. Туулай хэлбэрт хөхтөнөөс чандага хаа саагүй элбэг. Харин бор туулай, дагуур огдой хоёр маш ховор ба зөвхөн голуудын хөндий, ойгүй энгэр газраар цөөн үзэгдэнэ. Хуш асганы огдой нь сарьдаг, ойн нураг, асганд элбэг дайралдана.

Махан идэшт хөхтөнөөс шар үнэг, хярс, мануул, хүрэн баавгай, шилүүс, дорго, нохой зээх, үен, солонго зэрэг амьтад элбэг амьдардаг. Ойн булганы нөөцийн үндсэн голомт газар болно. Энд булга байнга өсөж зах хязгаар руугаа тархан агнуурын нөөцийг нэмэгдүүлдэг. Туурайтнаас зэрлэг гахай, хүдэр, халиун буга, бор гөрөөс, хандгай амьдрах ба хамгийн нягт шигүү орших үндсэн голомт нутаг нь Хэнтий нурууны төв хэсэг болно. Хан Хэнтийн уулархаг нутгийн амьтдаас Монгол Улсын Улаан номд хүдэр, шивэр хандгай орсон байдаг.

Шувууны зүйл: Хэнтийн уулархаг нутаг болон Горхи Тэрэлж БЦГ-т 253 зүйл шувуу тэмдэглэгдсэнээс 61 зүйл нь суурин, 180 зүйл нь өндөглөн зусдаг, 6 зүйл Сибирээс ирж өвөлждөг, 57 зүйл нь зөвхөн нүүдлийн хугацаанд тааралдана. Энэ бүсийн шувуудаас 176 зүйл нь дулаан оронд очиж өвөлждөг. Хамгийн түрүүнд буюу 3 сарын эхээр алагтуу, турлиах, ангир ирэх ба хамгийн сүүлд буюу 10 сарын эхээр галуу, нугас, турлиах, алагтуу мэтийн шувууд цасан шуурганд хөөгдөн дулаан орныг зорьдог. Эл бүсэд Монгол оронд ховорт тооцогддог болон дархлагдсан шувуудаас тас, 4 зүйл сар, шар шувууны багийн 11 зүйл, тоншуултны 6 зүйл бий.

Шавьж: Хэнтийн нуруунд тархсан шавьж нь зүйлийн хувьд олон биш, унаган зүйл цөөн. Гол төлөөлөгч нь эвэрт цох, эвэрт сүүл, навч хуулагч, хүр эрвээхэй зэрэг болно.

Загас: Хэнтийн нуруунаас эх авсан БЦГ-ийн нутгаар урсах томоохон голууд загасаар баян. Тухайлбал, Туул голын савд 15 зүйл, 50 зүйл бентос амьдралтай амьтад байдгийг судлаачид тогтоосон. Үүнээс байгалийн ба амарын хилэм, тул, зэвэг, цагаан хазаар, сибирь ба амарын хадран, ердийн ба амарын цурхай, сибирь ба амарын сугас, бух сугас, улаан живэрт, морин загас, хэлтэг, булуу цагаан, цулбуурт, гутаарь, алгана зэрэг агнуурын ач холбогдолтой 19 зүйл загастай. Улаан номд орсон хилэм, тул, ховор зүйлд орох чекановскийн нүцгэн жараа, тачановскийн гурц, эрээн живэрт загас бий.

Ландшафт: Хэнтийн районы ландшафтын үндсэн хэв шинж бөгөөд гадаргын ихэнх хэсэгт тархсан. Тайгын ландшафт нь Хангай, Хөвсгөлийн уулын тайгын ландшафтыг бодвол өвөрмөц. Энэ нь түүний гадаргын онцлогтой салшгүй холбоотой. Учир нь Хэнтийн мужийн ихэнх нутаг тайгын ландшафттай бөгөөд Сибирийн хөвч тайгын шууд үргэлжлэл болж Хангай, Хөвсгөлийн уулархаг районыг бодвол гадаргын харьцангуй нам түвшинд үүсэж тогтворжсон, уулын хажуугийн зүг зовхисын ялгаа төв хэсэгтээ төдий л илэрдэггүй. Иймээс цэвэр тайгын ландшафт бүхий газар зөвхөн Хэнтийд л байж болох талтай. Энэхүү ландшафт Хэнтийн гол нурууны дунд, хойт хэсэг, Их, Бага Хэнтийн нуруудад нийтлэг бөгөөд ян сарьдагийн ар хажуугаар 1800-2200м өндөрт оршино.

Уулын хээрийн ландшафт шинэс, хусан ой бүхий уулын хээрийн ландшафт голын эрэг рүү түрж орсон нам уулсаар тархжээ. Энэ хэв шинжийн ландшафт тус нутгийн бүр урд захаар нийтлэг тархана. Уулын хажуугийн дээд бие нэлээд эгц боловч доошлох тусмаа налуу болж ирээд бэлийн байдалтай болно. Гуу жалгаар багагүй хэрчигдсэн ч эдгээр нь голдуу хуурай байдаг. Хад цохио цөөнгүй үзэгдэнэ, харин асга ховор.

Намагт нугын ландшафт нь голуудын хөндий дагуу түүний өргөссөн хэсэг болон бэлчир орчмын тэгшивтэр гадаргад үүсэж тогтворжсон байдаг. Мөн голын хөндий дагуу өлөн - үетэн - элдэв өвст нугын ландшафт элбэг тохиолдоно. Энэхүү намгархаг нугын ландшафт тайгын дундуур урсах голуудын эх орчим нарийн хөндий дагуу, голуудын уужим тавиу хөндий дагуу газраар тохиолдоно. Энэхүү ландшафт нь хуримтлал элэгдлийн үйл явц зонхилсон дөрөвдөгч галавын сэвсгэр хурдсаас голлон тогтох уулс хоорондын хөндийн ландшафтын ангид хамаардаг.

 

ТЭРЭЛЖ БОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС

Тэрэлжийн бүс дэх хадан уулын ам болгон өөр өөрийн өвөрмөц төрх бүхий хаднуудтай байдаг. Хүмүүсийн нэрлэж заншсанаар мэлхий хад, тэмээн хад, гурван найзын агуй, яриа өвгөд, Ленин хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс бүхий байгаль эхийн хад чулуун бүтээлүүд бий. Энэ бүс нутгийн хойд захаар Тэрэлж хэмээх гол урсдаг бөгөөд Туул голд цутгана. 1960 он хүртэл Тэрэлжид усан, утаат, ягаан болор зэргийг олборлож байв. Газрын гүнээс усны түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. Улаанбаатарын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Тэрэлжээс олдсон олдворууд юм.

Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жуулчны баазуудаас гадна хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд байрладаг.

МЭЛХИЙ ХАД: Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь “Мөнгөт хад” гэдэг нэртэй байв. Домогт өгүүлснээр, Ойрадын Галдан хаан одоогийн “Тэрэлжийн Зуун мод” хэмээх газарт Манжийн Энх-Амгалан хаантай сүүлчийн тулаанаа хийжээ. Хүч тэнцвэргүй тэр тулаанд Манжийн цэргүүдэд бүслэгдэхэд Ану хатан нь бүслэлтийг сэтлэн Галдан хааныг бүслэлтээс гаргаж тулалдах үедээ хүнд шархдаж, нутаг буцах замдаа одоогийн Архангай аймгийн Хотонт сумын орчимд таалал төгссөн гэх яриа бий. Ану хатныг нутгийн сүрлэг нэгэн сайхан ууланд хүндэтгэн онголж тэр нутгийг “Хатант” хэмээн нэрлэсэн нь одоо “Хотонт” хэмээн дуудагдах болсон гэдэг.

Тэрхүү тулалдааны дараа Галданбошигт хаан дайсанд хөөгдөхөөс болгоомжлон Мэлхий хадны орчимд үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатахдаа ачаа бараагаа хөнгөрүүлж олон тэмээнд ачиж явсан алт, мөнгөө яст мэлхий хэлбэртэй нэгэн хадны хавцалд нуужээ. Гэтэл аян дайнд хамт явсан манж гаралтай хатан нь алт, мөнгөндөө хоргодоод байсанд хатныг хавцалд үлдээгээд явж гэнэ. Тэр цагаас хойш мэлхий хэлбэртэй уг хадыг “Мөнгөт цохио”, “Мөнгөт хад” хэмээн нэрлэдэг болсон бол алт, мөнгөө сахин үлдсэн хатан нь “Хүүхэн уул” болон хувирч энэ цагийг хүртэл хааны эрдэнэсийг манаж буй гэдэг. Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүртэй хэвтэж буй хүний дүр бүхий уул байдаг нь энэ ажээ. 

Тэрэлжийн зуун мод: Улаанбаатараас зүүн тийш 50 километрт Налайхын цаахан талд орших хэсэг модтой газрыг Тэрэлжийн зуун мод гэдэг. 1696 оны 5 дугаар сарын 13-ны өдөр энд Ойрдын Галдан хаан Манжийн баруун замын цэрэгтэй тулалджээ. Тэр тулаанаар Галдан хаан ялагдаад дахин сэхэл авч чадаагүй билээ. Галдан хаан 1697 онд 54 настайдаа нас барсан бөгөөд эрхий хурууг нь Цамбагарав уулын ойролцоо авчирч оршуулжээ.

Галдан бошигт баруун тийш явахдаа Мэлхий хадны хойдох уулаар давж гарахад дуулга нь наранд хэсэг зуур гялалзан нэг цаана нэг наана харагдсан тул ид шидийн тэр гялбааг бэлгэдэн “Гялалзахын нуруу” гэх болжээ. Уулын орой дээр гарч ирээд ихэд хилэгнэн уурлаж, мориноосоо буун сэлмээ сугалан дэвхэрч Халх, өвөрлөгчдийн ноёд Хамаг Монголын төлөө хамтдаа тэмцэхгүй харийн дайсантай үгсэн хуйвалдаж эх орноосоо урвалаа хэмээн газар цавчсан гэдэг. Эдүгээ тэрхүү Галдан хааны гарсан орой дээр тэгш газар байх бөгөөд түүнийг нутгийн ардууд “Дэвхэргэ” хэмээн нэрийдэх болжээ. Монголын ард түмэн эх оронч баатарлаг эрсийнхээ түүхийг нутаг ус, газар шороотойгоо холбон домоглон ярьж ирсэн нь хойч үеэ төлөвшиж хүмүүжихэд тус болно хэмээн үздэгтэй холбоотой юм. Галдан бошигт хааны гэрээслэл болох “Буурал дээдсийн нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээх өчил нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна. 

ХҮҮХЭН УУЛ: Галдан бошигт хааны мөнгө, алт эрдэнэсийг үүрд сахин үлдсэн хатан нь “Хүүхэн уул” болон хувирсан гэж домоглох бөгөөд Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул юм. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй бөгөөд хад чулууг нь хөндөж болдоггүй догшин уул хэмээх боловч эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг.

Өөр нэгэн домогт, эрт цагт нэгэн ядуу айлын үзэсгэлэнт охин баян айлын эрх танхи хүүтэй хайр сэтгэлтэй болжээ. Эцэг эхчүүд нь хайр сэтгэлийг нь хориглосон тул хоёул зугтан ууланд гарч 3 жил хамтдаа амьдарчээ. Гэтэл нэгэн өглөө үзэсгэлэнт охин сэрээд хартал эр нөхөр нь байсангүй гэнэ. Баян айлын эрх танхи хүү уул хаданд амьдарч тэсэлгүй бүсгүйгээ орхиод оджээ. Хөөрхий бүсгүй хэзээ нэгэн цагт хайртай залуугаа өөр дээр нь эргэж ирнэ гэж итгэсээр уулнаас буулгүй хүлээж амьдарсаар насан эцэслэжээ. Тэр цагаас хойш хүүхний сүнс оршсон энэ уулыг Хүүхэн уул гэх болсон бөгөөд сартай шөнө дээш харан хэвтсэн урт хар гэзэгтэй, сормуус нь дэрвийж, хөх нь сэрийсэн нүцгэн хүүхний дүрс тодрон харагддаг хэмээн хэлэлцдэг.

ГУРВАН НАЙЗЫН АГУЙ: Тэрэлжийн бүс нутагт Мэлхий хаднаас наана, УБ хотоос 50 гаруй км газарт тохиолдох замын дэргэдэх агуй юм. Зүүн тийш зам руу харсан талд нь өгсөж гардаг нарийхан жим байх агаад дунд хэрд нь хэвтээгээр орох хэмжээний ам бий. Нутгийн хүмүүс 100 ламын агуй (1000 ламын агуй ч гэдэг) хэмээн домоглоно. Орчин цагийн шашин соёлын ид хэлмэгдүүлэлтийн үед хэсэг лам нар агуйд орж нуугдан амь зулбан гарч байсан гэх, эсвэл Халх Ойрадын үймээн самууны үед Занабазар хутагтын хэсэг шавь нар Галдан бошигтын цэргүүдээс зугтаж энэ агуйд нуугдаж амь гарсан гэх мэтээр домоглодог. Гэвч энэ агуйд 100, 1000 битгий хэл 10 лам арай гэж багтах ажээ. Монголчууд олон тооны зүйлийг мянга, түм, бум хэмээн ярьдаг учраас ийнхүү нэрлэгдсэн байдаг. Хожим 1958 онд Монголын уран сайханы “Гурван найз” киноны зураг авалтын нэг хэсгийг тус агуйг ашиглан хийсэн учраас Гурван найзын агуйхэмээгдэх болжээ. Тус кинонд энэхүү агуйд 2 хулгайч орогнон, эртний алт шармал бурхан тахил гэх мэт соёлын үнэт зүйл авчирч нууж байсныг нэг ангийн сурагч найзууд илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдэгдэж буй үйл явдал гардаг билээ. Эдүгээ агуйн орчин нэлээд бохирджээ. Нөгөөх л бие засах газар олддоггүйгээс үүдэн агуйд орж нуугдан бие засаж орохын арга байхгүй бохирдуулан, элдэв муухай үнэр танартай болгосон нь харамсалтай юм.

АРЪЯАБАЛЫН СҮМ: Тус сүмийг бясалгалын сүм гэх агаад 1998-2004 онд барьж дуусгажээ. Сүм байгаа газрыг Түвдийн нэгэн лам шинжиж “энэ газар рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар учраас сүм хийд байгуулахад тохиромжтой юм байна” хэмээсэн гэдэг. Уулын чулуу засаад, сүмийн үүд хүртэл 108 + 8давхар чулуун шатыг хийсэн ба шатаар өгсөх бүрт“Ум мани бадми хум” хэмээн хэлж өгсвөл санаандгүй үйлдсэн нүгэл нэг нэгээрээ хорогдоно гэж үздэг. Хүмүүний үйлдэх нүгэл 108 янз байдаг гэнэ, хүний арьс тоо томшгүй олон нүхтэй боловч тэр дунд муу энергийг сорж байдаг 108 нүх бий, тэдгээр 108 нүхийг таглах гэж 108 эрих бий болсон гэж тайлбарлах нь бий. 8 гэдэг нь хүний урьдын амьдралын 8 харанхуй орчлон байдаг ба түүнээс эхлээд ангижрах ёстой ажээ. Сүмийг тойруулан 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншигдсантай тэнцэнэ хэмээнэ.

Аръяабал гэдэг нь Жанрайсиг бурханы санскрит нэр бөгөөд монголоорЧандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригчхэмээнэ. Төвдөөр Жэнрэзиг гэх агаад “жэн-мэлмий, рэ-тасралтгүй, зиг-харах”буюу Мэлмийгээр болгоогч хэмээнэ. Аръяабал бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьжээ. Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил тахиж дээдэл хэмээн сургажээ. Аръяабал бурхан буюу Жанрайсиг бурханд 6 үлэмж чанар байх агаад тэр нь агуу их нигүүлсэл, агуу их хайр, арслангийн зориг зүрх, хорвоог гийгүүлэгч гэрэл, тэнгэр бурхадын манлай, хаа сайгүй орших увидас болно. Түүний энэ хамаг амьтныг аврах гэж зүдэрч байгааг нь харсан Авид бурхан түүнд 1000 мутар хайрласан гэдэг. Нэгэн домогт, Аръяабал бурхан чармайн зүтгэвч зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр байсаар байжээ. Тэдгээр олон амьтны зовлонг гэтэлгэх гэж,  аврал эрсэн амьтан бүрт хүрч туслах гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагдан, хоёр мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Тийм учраас Жанрайсиг бурханыг “8 аюулаас аврагч”, “4 аюулаас аврагч” хэмээн нэрлэж найман мутар, дөрвөн мутар зэрэгтэйгээр дүрсэлдэг. Жанрайсиг бурхан нь мэлмийгээр болгоогч бурхан учраас эх болсон зургаан зүйлийн амьтан ямар нь яаж зовж байгааг өөрийн мэлмийгээрээ бүлтийтэл харж байдаг гэсэн домогтой. Аръяабалбурханы зүрхэн тарни болУм ма ни бад ми хум юм.

Аръяабал сүмийн зүүнтээ уулын энгэрт Маанийн 6 үсгийг өнгө алаглуулан сийлсэн байдаг. Сүмийн байшинг тойруулан дээврийн доод хэсэгт 3 ертөнц буюу тэнгэрийн орон, хүмүүний ертөнц, тамын ертөнцийн дүрслэл бий. Сүмийн дотор талд 8 мутарт Аръяабал буюу Жанрайсиг бурхан хойморт нь бурхан багшийн хамтаар залардаг. Хажуу 2 талд нь Чагши Жанрайсиг, Оюун ухааны Манзушир, Монголыг хамгаалах сахиус Очирваань, Ногоон дарь эх, Шарын шашны үндэслэгч Богд Зонхов, анагаагч Оточ Манал бурхадын хөрөг, Ганжуур Данжуур судруудыг байрлуулж, 2 талын ханаар Бурхан багшийн бясалгалын 16 шавь Найдан жүдэгийн хөрөг байрлуулж намтар түүхийг нь танилцуулсан байдаг. Хаалганы хоёр талын хананд сүм хийдийг хамгаалан орших Махранзын 4 бурханы хөрөг залжээ.

Сүмийн баруун хойхно талд жаахан зайтай Мял богдын агуй гэж байдаг ба арын уулын том хадыг ашиглан өмнө талд нь жижиг сүмийн байшин барьж тохижуулжээ. Мял богд гэдэг нь Түвдийн Гүнтан нутагт төрсөн бөгөөд 7 настайдаа эцгээсээ өнчирч охин дүү эхийн хамт үлджээ. Шунахай сэтгэлт авга ах нь хамаг эд хөрөнгийг нь аваад зогсохгүй эхийг нь эхнэрээ болгох гэжээ. Эд хөрөнгө, гэр орон, мал ахуй, тариан талбайгаа авга ахдаа булаалгасанд ихэд өширхсөн байсан бөгөөд эхийн ятгалгаар Мял хүү 15 настайдаа Үй зангийн оронд очиж  хараалын увидаст суралцжээ. Улмаар авга ахаасаа хэрцгийгээр өш хонзон авч, 35 хүний амийг хараалын хүчээр авснаар маш том нүгэлд унаж бие сэтгэлийн зовлонд эдэлсэн гэдэг. Хийсэн нүглээ цайруулахын тулд Нимава буюу улааны шашны зогчэн ёсыг судалсан боловч нэмэр болсонгүй гэнэ. 38 настайдаа Марба ламтантай учирч түүнийг бишрэн дагажээ. Түүний хилэнц нүгэлийг арилгаж, дээд сургааль хүртэх оюун санааны бэлтгэлийг хангах үүднээс 6 жилийн турш байшин бариулж, эргүүлж нураалгах ажил хийлгэх зэргээр хүнд хүчир сорилтонд оруулжээ. Эцэст нь 9 давхар цамхагийг ганцаараа барьж, бүх бие нь турж эцэншарх сорвиор дүүрсэн гэдэг. Ингэж зовсны эцэст бурханы авшиг хүртэн Марба ламтны хамтаар ууланд гарч зөвхөн халгай өвсөөр зоог хийн бясалгал хийснээр 9 жилийн дараа бурханлаг мөн чанарыг олжээ.

Мял богдын агуйн баруун дээд талд уулын энгэрт бурхадыг хөрөглөн зурсан байдаг. Баруун дээд талаас Жанрайсиг бурханд 1000 мутар хайрласан шар лагшинтай Авид гэгээн, хүн ардыг аюулаас авран мэлмийгээр болгоогч цагаан лагшинтай Чагши Жанрайсиг, буддын шашны үндэслэгч шар лагшинтай Бурхан багш, монголчуудын язгуурын 3 бурханы нэг шар лагшинтай Оюун ухааны Манзушир, Монголыг даасан сахиус хөх лагшинтай Очирваань бурхадын хөрөг бий.

Аръяабал сүмийн гадна хашааны үүдэнд тасалбар худалдах цэг бий. Гадаад иргэн 2000 төгрөг, дотоод иргэн 1000 төгрөгийн тасалбараар нэвтэрнэ. Явган хүний зам дагуу бурхан багшийн сургааль номлолоос иш татсан самбарууд байрлуулжээ. Дээш өгссөн замын төгсгөлд тус хийдийн гэрэлт хөшөөг мэлхий чулууны нуруун дээр байгуулаад, доод талд нь Цагаан өвгөний дүрийг залсан байдаг. Цаана нь Хүрдний асар байх ба асарын таазанд 150 хүртэл тоо бүхий сум заасан тэмдэглэгээ бий, хүрдийг эргүүлэхэд сумны үзүүр ямар нэгэн тоон дээр зогсох ба тухайн өдрийн зурхайг зааж байдаг. Заасан тооны тайллыг Аръяабал сүм рүү явах хөндлөн зам дагуух самбар дээрээс харж уншина. Хүрдний цаана бурхан багшийг дагуул 2 шавь буюу Модголжибу, Шаарибутай хамт бүтээн залжээ.

ХАРДАГ ХАД: УБ хотоос 82 км зайд, Горхи Тэрэлжийн бүсийн Туул голын хөндий, Ар Өгөөмөрийн зоо хэмээх газарт байдаг байгалийн үзэсгэлэнт газар. Уулсын дундах хотгор дотор байх толгойн орой дээр тогтсон өвөрмөц хадан тогтоц юм. Эргэн тойрондоо уулын бэл хормойн налуу хажуу, хөндийгээр хүрээлэгдсэн, сийрэгхэн ой мод, жижиг горхи булаг, намгархаг нуга гээд аялагчдын сэтгэлийг татахаар нам гүм сайхан газар бөгөөд ихэвчлэн морин аялал хийж очдог. УБ 2 зочид буудлын тэндээс талдаа 1.30 минут явж хүрдэг. Энэхүү Хардаг хадны эргэн тойронд “Аравт” киноны зураг авалтыг хийжээ.

 

ЧИНГИС УУЛ: Урд хошуу нь битүү бүрхсэн хад чулуутай байдаг нь алсаас харахад хуяг дуулга агссан баатар цэргүүд нь хүрээлэн зогссон мэт. Чингис уул нь Тэрэлжийн бүс нутагт үргэлжлэх Хэнтийн нурууны баруун урд хэсгийн уул боловч бусдаасаа тасарч сондгойрон орших нь сонирхолтой. Уулын орой дээрээс эргэн тойрон сүрдэм сайхан байгалийн үзэмж тодрон харагдах бөгөөд оройд нь гарсан хэн хүний хийморь лундаа тэнгэрт нисэн дүүлсэн мэт бахдам санагддаг. Домгоор бол, Чингис хаан баруун зүг аян дайн хийхээр явах замдаа энэ уулын бэлд цэргээ түр буудаллахыг зарлиглаж өөрөө уулын орой өөд авирч гарсан гэдэг. Орой дээр нь нэгэн дөрвөлжин чулуу байх бөгөөд түүн дээр залран сууж эргэн тойрноо хараа бэлчээн ажиглан суугаад зүүнтээ орших уулын нэгэн хадыг олж харжээ. Чингис хаан өөрийн цэц мэргэнийг шалган тэр хад руу сум тавьсан гэдэг. Харвасан сум нь очиж оносон газрыг Чингисийн сумны ор гэх болж, суусан чулууг нь Чингисийн суудал гэж нэрлэжээ.

БОЛОРЫН АГУЙ: Монгол орны хамгийн том болор олборлож байсан газар. Горхийн уулс их болортой нь дээр үеэс мэдэгдсэн бөгөөд 1880-аад оноос Америк, Герман, Хятадууд энгийн аргаар болор малтан авч ашиглаж байжээ. 1950-иад онд энд болорын уурхай байгуулж жилд олон тонн усан, утаат, ягаан болор, молор зэргийг олборлож байв. 1960 оноос газрын гүнээс усны түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. 1960 онд эндээс 7.5 тн жинтэй болорын том талст олдсоныг нийслэлийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асрын өмнө тавьж олонд сонирхуулж байсан түүхтэй. Байгалийн түүхийн музей дэх том том утаат болон усан болорын талстууд нь Горхи Тэрэлжийн бүс нутгаас олдсон байдаг.  Эдүгээ Горхины ам өгсөөд 2-3 агуй үлдсэн байдаг ба болор олборлохоор ухаж байсан газрын ор мөрүүд үлдсэн байдаг. Тэдгээр нь  ёроолдоо устай байх ба зуны улиралд доош бууж орох боломжтой байдаг. Эргэн тойронд нь болорын хэлтэрхийнүүд олддог бөгөөд жуулчид олсон олзондоо тун их баярладаг. 

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах