Манжийн ноёрхлын үед Хөвсгөлийн нутагт харуулууд суух болсноор нөгөөх хүн чулуун хөшөөг бөөгийн онгон шүтээн болгож засаад тахижээ. Монголын нэрт түүхч, академич Ч.Далай “Даян Дээрх бол Монголын бөө мөргөлийн төв байсан юм” хэмээн тэмдэглэсэн байдаг. Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн цаг дор Даян Дээрхийн хийд бий болжээ. Бөө мөргөл шарын шашинд шахагдаж харуулууд шашны нөлөөнд автан хүн чулууг бурханы шүтээн болгон тахиж эхэлсэн аж. Сайн ноён хан Намнансүрэн Даян Дээрхийн хийдэд тусгай элч зарж алт мөнгө, эд агуурсаар мандал өргүүлж өөрийн сан хөмрөгөөс зардал гаргуулан тахиулдаг байсан гэдэг. 1860-аад оны үеэс гэр дуган дэргэд нь барьж лам хуврагууд ном унших болсноор 1864 онд Үүрийн голын хойд дэнж дээр Даян Дээрхийн хийдийн анхны суурь тавигдаж YII дүрийн Богд гэгээнээс “Ёндонпунцаглан” гэдэг нэр хайрлагдаж, хүн чулуун хөшөөг гол шүтээн болгон залжээ.
Улсын архивын нэгэн бичигт “Манай өчүүхэн сүмд эрхэмлэн тахиж буй шүтээн бол эрт язгуур цагт Богд хувилгаан залран ирж бурханы шашин дэлгэрээгүй цагт Даян Дээрх хэмээн алдаршиж бөө, удган нарт тахигдаж явсан нэгэн чулуун хөрөг дүр бөлгөө. Хожим харуул бүгдийг захирах бэйс ноёнтон Чагдаржавын үед түүний хошуунд тахигдаж явсан Оромбо хувилгаан ламтан хойш буцаж Баруун зуу морилоод Банчин богд гэгээнд энэ чулуун хөрөг дүрийн учрыг нарийвчлан айлтгаж мандал өргөсөнд Даян Дээрх бол эрт урьд Төгс цогт бурханы гэгээний нүүрний өмнө II ялгуусан Зонховын шашныг сахихаар ам авсан эрхэм тэнгэр эдүгээ эгэл чулуун дүрээр оршиж, амьтныг тусалсан гайхамшигт бодьсадва мөн хэмээн соёрхоод басхүү хамаг ялгуусан зарлигийг хүлээгч хамаг амьтны нас буяныг арвитгагч их хүчит Увш ахай, Эрхэм тэнгэр аюулгүй баатар Даян Дээрх хэмээн нэрлэсэн” гэж дурьджээ. Эл баримтаас үзэхэд Төвдийн Банчин богд лүндэн буулгаж Даян Дээрх бөөгийн шүтээнийг бурханы шашны шүтээн болгон өөрчилсөн байна.
Даян Дээрхийн хийд нь богино хугацаанд өргөжин тэлж олон дуган дацан бий болж хурал номын ажил явуулах болжээ. Гол цогчин дуганыг Чин ван Ханддоржийн албат Сод хэмээх алдартай мужаан ахалж бүтээжээ. 1875 онд Цанид дацан, 1878 онд Жүд, Дүйнхор дацан, дараа нь Мамба, Гүнрэг, Диваажингийн дацанг байгуулан лам хуврагууд шашны таван их ухаан, гүн ухааны зэрэг хүртэн бурханы шашинг хүчтэй дэлгэрүүлж бөө мөргөлийг хориглож эхэлжээ. Тус хүрээ нь эргэл мөргөлийн томоохон төв болж 1900 он гэхэд 20 дуган ба дацантай, 1000 орчим лам хувраг хурал ном хурж суудаг томоохон хийд орон болсон байв.
Их Хүрээний Эрдэнэ Шанзудбагаас Даян дээрхийн хүрээний хурал дацангуудыг хөгжүүлэн дэлгэрүүлэхийг эрхэмлэн тамга бүхий бичиг 1892 онд шийтгэн олгож байжээ.
Чойр, жүд, мамба, дүйнхор зэрэг шашны ухаанд гэгээрсэн эрдэм ном ухаан билэг төгөлдөр олон аграмба, цорж, ловон, маарамба, гэвш цолтой лам нар ном хурж байв. Гурван жил тутамд Даян Дээрхийн алтан даллага авхуулах зан үйлийг 3 хоног үйлдэж бэсрэг наадам хийж бөх барилдуулан, морь уралдуулж, сурын харваа өрнүүлж сүсэгтэн олныг цэнгүүлдэг байжээ. Мөн сар бүрийн сүүлийн 3 өдөр Цогчин дуганд 1000 лам хурал хурж цам гардаг байв.
Хийдийн Ш.Нямбуу ламтан Буриадын Санагын дацанд залагдан хамба сууж, лхаарамбын ухааны хоёр боть номыг төвд хэлээр туурвиж байжээ. Б.Цэрэндаш, П.Дэмбэрэл нар анагаах ухаанд нэвтэрч Их Хүрээний эмч, зурхайчаар залагдаж байжээ. Удмын бариач Довдон гавж Их Хүрээнд залагдан Богд гэгээнийг чилээрхэхэд эм тан барьдаг байв. 1930-аад онд Хүрээний лам хувраг цөөрч, 1938 онд хурал номын ажил бүрэн зогсож, 90 шахам толгой лам нарыг баривчлан ном судрыг шатааж, хийдийг нураажээ.
1990-ээд оны дундуур Даян Дээрхийн хүрээг сэргээх ажил өрнөж, Цагаан-Үүр сумын төвд Ёндонпунцагдэгчинлэн хийдийг байгуулж 1997 оноос хурал номыг сэргээжээ. Мөн Даян Дээрхийн хүрээний хуучин буурин дээр суварга бүтээж, гол сүм Цогчинг 2006 онд шинээр барьж 2007 онд Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд харъяалуулан хурал номыг эхлүүлжээ.
Жич: Зургууд нь сүүлд сэргээсэн сүмийн зургууд болно.