Дарьганга - Байгалийн цогцолборт газар

Эрт үеэс шүтэж ирсэн Дарь уул, Ганга нуур хоёрын барилдлагыг бэлгэдэн Дарьганга гэдэг нэрийг энэ газар нутагт хайрлажээ. Дарьганга сумын нутаг дахь уулын хээр, говийн бүсийн шилжилтийн заагт орших экосистемийг хамгаалах зорилгоор 1993 онд Ганга нуур, Молцог элс, түүний захаар орших Холбоо, Сүмт зэрэг нууруудыг хамарсан 32860 га талбай бүхий нутгийг “байгалийн дурсгалт газар” ангиллаар улсын хамгаалалтанд авч байсан. Хожим 2004 онд дурсгалт газрын ойролцоох  төрийн тахилгат Алтан овоо, Зэгст нуур, Оргихын булаг, Молцог элс, Талын агуй, Шилийн богд, Хөргийн хөндий, Хөхөлийн ширээ зэрэг байгаль түүхийн аялал жуулчлал хөгжүүлэх боломж  бүхий газруудыг хамруулан 62860 га болгон өргөтгөж УИХ-ын 22 дугаар тогтоолоор ангилал дээшлүүлж “байгалийн цогцолборт газар” болгосон байна. Түүний дараа 2005 оны 3-р сарын 24-нд Дарьганга – БЦГ-ын хамгаалалтын захиргааг Дарьганга суманд байгуулсан. Улмаар 2019 онд Шилийн богд, Хөрөгийн хөндий орчмын газар, Наран, Эрдэнэцагаан, Асгат сумдын талбайг хамруулан 367222.37 га газар нутаг болгон өргөтгөж хамгаалалтанд оруулсан бөгөөд эдүгээ дараах газрууд “Дарьганга – Байгалийн цогцолборт газар”-ын бүрэлдэхүүнд багтаж байна.

  • Алтан-Овоо
  • Алтан-Овооны хүн хөрөгүүд
  • Ганга нуур
  • Молцог элс
  • Шилийн богд
  • Талын агуй
  • Хөргийн хөндий
  • Ламтын хүн чулуу
  • Гөхөлийн ширээний хүн чулуу
  • Вааран хавцлын булш
  • Сүмтийн туурь

Ландшафт: Дарьгангын БЦГ нь хуурай хээр, сөөг, сөөгөнцөрт хээр, хээрийн бүсэд хамаардаг. Монгол орны ландшафт типологийн мужлалаар Дарьгангын үлдэм цулдам уул, галт уулын бэлэлцэг, суурьт өндөрлөг тал, хотгор бүхий хуурай хээрийн дэд мужид багтана. Мужлалын энэ нэрлэлт нь газрын гарал үүсэл, гадаргын хэв шинж, байгаль экологийн төрх байдлыг илэрхийлдэг. Монголын хээр нутгийг түүний илрэх шинж чанарынх нь байдлаар өмнөдийн болон умардын хуурай хээр хэмээн ангилдаг. Дарьгангын цогцолборт газрын нутаг нь элс, мараа, марз бүхий өмнөдийн хуурай хээрийн бүсийн хойт зах юм. Олон зуун км үргэлжлэх нутагт хуурай хээрийн ландшафт зонхилох бөгөөд Дарьгангын нутаг дэвсгэр нь ландшафт газарзүйн хувьд бие даасан дэд мужид багтана.  

Газарзүйн онцлог: Ганга нуур нь талбай багатай боловч цэнгэг устай учраас өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Ганга нуурын орчин нь бүхэлдээ тэгш өндөрлөгт хамаарах бөгөөд дунджаар д.т.д 1394 метр өргөгдсөн элсэн тарамцаг бүхий тал газар юм. Хамгийн өндөр цэг нь Гангын цагаан овоо болно. Цогцолборт газрын нутаг дэвсгэрийн 90% нь хуримтлалын гаралтай элсэн тарамцаг юм. Энэхүү элсэн тарамцаг нь Молцог элс, Овоон элс, Холбоогийн баруун элс гэсэн гурван хэсгээс  тогтоно. Эдгээр элсэнд хаагдаж тогтсон нуур тойром, цөөн тооны горхи булаг бий. Тус газар нутгийг шинэ төрмөлийн эриний галт уулын муж дахь гүнзгий хагарал дайрч гардаг. Хүрэн, хар хүрэн, нугын хөрс тархсан.

Геологийн тогтоц: Гарал үүслийн хувьд эртний галт уулын анги бэгэлцэгт багтана. Уулсын хоорондох хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нэлээд чулуурхаг юм. Энэ нутагт тогтмол урсгалтай гол, горхи ховор тул борооны усны нөлөөгөөр эвдрэлд ордог байна. Дарьганга орчимд дээд дөрөвдөгч үеийн салхиар үүссэн хурдас плеоцен – дөрөвдөгчийн галт уулын гаралтай хурдас тархана. Шинэ төрмөлийн эриний сөнөсөн галт уулс элбэг бөгөөд Дарьгангын хүрмэн чулуу тархсан нутаг. Тус БЦГ-ын нутгийг шинэ төрмөлийн эриний сөнөсөн галт уулын муж дахь гүний хагарал дайрч гардаг. Мөн хөндий хотгорын ёроолын улирлын чанартай цэвдэг чулуулаг тохиолдлын байдалтай тархсан. Одоогийн байдлаар ашигт малтмалын илрэл олдоц байхгүй. Байгалийн салхиар үүссэн эоловийн хурдас нэлээд түгсэн, хурдасны механикийн бүрэлдэхүүнд бүдүүн ширхэгтэй элс бараг 90% эзэлсэн байна. Хурдасны зузаан зарим газар 10-20м хүрэх бөгөөд гол төлөв цайвар шаргал, заримдаа бордуу саарал өнгөтэй байна.

Ургамалжилт: Ургамал-газарзүйн мужлалаар Евроазийн хээрийн мужийн Дорнод Монголын хээрийн тойрогт багтана. Тал хээрийн, хуурай хээрийн, нугын, цөлөрхөг хээрийн ургамал зонхилно. Ганга нууранд 12 овогт хамаарах 29 төрлийн 56 зүйлийн усны ёроолын болон хөвөгч амьтан, ургамал амьдардаг. Ганга нуурын усны дундаж температур 7-8 сард 20.1-22.2 С градус байдаг. Шилийн богд орчимд 28 овгийн 75 төрөл 108 зүйлийн ургамал бүртгэгдсэн. Шилийн богдын ургамалжилт нь ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор, ховор ургамал 30 гаруй зүйл, эмийн болон хүнсний 20 гаруй зүйл, балт болон тэжээлийн шимт чанар бүхий ургамал ургадаг зүйлийн бүрэлдэхүүнээр баялаг.

Хөхтөн ба шувууд: Амьтны аймагт туурайтан, мэрэгчид хоёр гол суурийг эзэлнэ. Дагуур огдой, тарвага, дагуурын зурам, орог зусаг, дорнодын шигнүүхэй, хэргэлзэй оготно, хярс, цагаан зээр, тарвага зэрэг амьтадтай. Нүүдлийн усны шувууд үүрлэж өндөглөн зусдаг гол түшэц газар. Нуурын орчинд 176 зүйлийн усны шувууд бүртгэгдсэний 20% нь олон улсын болон үндэсний хэмжээнд хамгаалагдсан. Ганга нуур нь усны шувуудын хувьд чухал цэг учраас олон улсын ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай Рамсарын конвенцид 2004 оны 03-р сарын 22-нд бүртгэгдсэн. Тоодог, тогоруу, ногтруу, улаан хушуут жунгаа, шар шувуу, болжмор, алаг шаазгай, тас, бүргэд зэрэг шувууд бий. Ганга нуур, Улаан нуур, Дуут нуур зэрэгт намар болохоор гангар хун хэдэн мянгаараа цуглан чуулдаг онцлогтой.

 

ГАНГА НУУР: Дарьганга сумын төвөөс зүүн урд 12км зайд, далайн түвшнээс дээш 1394м өндөрт оршдог. Уулын хээр, говийн бүсийн завсарт орших цэнгэг уст нуур юм. Салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нуур бөгөөд урт нь 2.1км, өргөн нь 1.5км, эргийн шугамын урт 6.2км. талбай нь 2.2 км.кв. Ойр орчимдоо хамгийн томд тооцогдох ба өмнөд талаараа модлог бутлаг ургамал бүхий Молцог элсэнд тулдаг. Ганга нуурын усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний дотор гол тэжээгч ундарга нь Оргихийн булаг юм. Оргихын булаг нь нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс ундардаг бөгөөд тунгалаг хүйтэн устай. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гардаг ба чангаар дуугарах тусам улам ихээр бужигнан оргилдог онцлогтой. “Ганга” гэдэг нь “үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх” гэсэн утгатай үг ажээ. Ганга нуурын эрэг дагасан хайлаасан ой, тэхийн шээг, моносон төгөл бүхий улаан бургасанд хун шувуу зай завсаргүй ирж буухаас гадна цэн тогоруу ирнэ.

Домог 1: Халхын То вангийн харъяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр Ганга нуур хэмээн нэрийдэх болсон ажээ. 

Домог 2: Нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж,  Ганга нуур үүссэн гэдэг.

Хунгийн чуулган: Жил бүрийн намар хун шувуу олноор цуглаж “Хунгийн чуулган” болдог бөгөөд энэ үеэр дотоодын аялагчид олноор ирдэг. Хун шувуу бол Ганга нуурын бэлгэдэл юм. Монголчуудын дунд “Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршжээ. Усны шувууд дэлхийн бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг. Энэ урагш чиглэсэн нүүдэл нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэээр нисэх боломж бараг байдаггүй байна. Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж их үргэлжилж нуур цөөрөм байхгүйтэй холбоотой. Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр гарах бөгөөд тэнд байх олон нуур цөөрмүүд ажээ. Түүний нэг нь Ганга нуур юм.  10 дугаар сард Сүхбаатар аймаг руу ирэх дотоодын аялагч нарын тоо эрс нэмэгддэг.

АЛТАН-ОВОО: Сүхбаатар аймгийн Дарьганга БЦГ-ын нутаг дэвсгэрт орших Монгол Улсын их тахилгат дөрвөн уулын нэг. Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг дарьгангачуудын шүтэн биширдэг уул бөгөөд Дарь овоо гэж бас нэрлэдэг. Д.т.д 1354м өндөрт өргөгдсөн эртний сөнөсөн галт уулсын нэг юм. Судлаачдын үзсэнээр, Дарь уул нь галт уулын оргилолтын хүчтэй дэлбэрэлтээс үүсч тогтсон ажээ. Дарь овооноос урагш орших уул тал, элсэн манханаар хүрээлэгдсэн тунгалаг уст Ганга нууртай байгаль дэлхийн хүйн холбоотой хэмээн үзэж энэ хавийн газрыг “Дарьганга” хэмээн нэрлэсэн гэдэг.

Дарь уул нь зах хязгаар нутагтаа илүү өндөр учраас “Захын хар өндөр” ч гэж нэрлэгдэж байв. XYII зууны үед Дарь уулын орой дээр алтан ганжирт “Батцагаан” хэмээх овоо босгосноос хойш “Алтан Дарь овоо” гэх болсон байна. Байгалийн үзэсгэлэнг дархлах, газар шороогоо хайрлан хамгаалах, хүн ардынхаа сайхан сэтгэл, бат бөх нөхөрлөлийг бэлгэдэж “Батцагаан” хэмээн нэрлэжээ.

Манжийн хааны зарлигаар Дарь овоог жил бүрийн хаврын эхэн сар, зуны дунд сард тахидаг байв. 1913 оноос эхлэн Богд хааны зарлигаар намрын дунд сарын 12-нд Алтан Дарь овооны тахилгыг үйлдэж эхэлсэн байна. 1935 оноос хойш 50 гаруй жилийн турш овооны тахилга зогссон бөгөөд 1990 оноос дахин сэргэж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 57-р зарлигаар Төрийн тахилгат овоо болгожээ. Эдүгээ Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг бөгөөд 2004 онд оройд нь байх алтан ганжирыг бүрэн алтадсан байна.

Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон учраас зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөдөг. Архи дарс өргөж, арц хүжээр аравнайлдаг. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залжээ. Овооны гол мод буюу амин модыг “сорогшин” хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавьж авчээ. Сорогшингийн мод нь мөнх ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.

ТАЛЫН АГУЙ: Шилийн богдоос хойш 14 км зайд тэгш талд алдарт Талын агуй нь оршдог. Талын агуй нь Дарьгангын байгалийн цогцолборт газрын бүрэлдэхүүнд багтдаг. Ганц ч довгүй тэгш уудам талын хөндийд тогтсон хэд хэдэн тасалгаанаас бүрдсэн галт уулын гаралтай агуй бөгөөд Монгол орны галт уулын гаралтай агуйнууд дотроос хамгийн урт нь юм. Судлаачдын тодорхойлсноор агуйн амаар ороод 1.4м өргөн, 1.38м өндөр, 4.5м урт хонгилоор дамжин эхний танхимд ороход өргөн өндөр нь эрс нэмэгдэж 11.5м өргөн, 10м орчим өндөр болдог. Эхний танхим 45.6м урт, түүнээс цааш үргэлжилсэн өргөн, урт нь ойролцоо 5 танхим байх бөгөөд агуйн нийт уртыг 200м, хонгилын дундаж өргөн 8.56м, дундаж өндөр 7м байдаг. Агуйн нийт талбай 1700 м.кв, эзлэхүүн нь 12.000 куб.метр.

Агуйн амны дэргэд овоо босгосон байдаг. Талын агуй нь Монгол оронд одоогоор мэдэгдээд байгаа агуйнуудаас хамгийн том төдийгүй хамгийн үзэсгэлэнтэй нь байжээ. Агуйн амаар босоо хүн багтахгүй учир бөхийж орох ба дөнгөж ормогц эгц доошилдог. Агуйд ормогц маш сэрүү татан сэнгэнэдэг. Дараагийн тасалгаа нь хүрмэн чулуун асга бүхий байдаг бол гурав дахь хонгил нь мөсөөр хучигдсан байдаг байна. Өвөлдөө 40 градус хүйтэн, мал хүртэл тогтож бэлчдэггүй энэ газарт анчин гөрөөчид их ирдэг байсан учраас Талын агуйг “Гөрөөчдийн агуй” ч гэж нэрлэдэг байжээ. Зуны дэлгэр цагт анчид агнасан зээр, гөрөөс, тарвага, зурмаа Талын агуйд хийж орхиод хэдэн хоногоор явсан ч авласан ав нь хөлдөж найдвартай хадгалагддаг байжээ.

Талын агуй газар доогуурхи жимээрээ 70км үргэлжилж Дарьгангын Зүүн нартын агуйтай холбогддог юм байна. Гэвч Талын агуйн тасалгаанууд эдүгээ газрын нуралтын улмаас шороонд дарагдаж байгаа нь агуйн дээгүүр уул уурхайн хүнд даацын машинууд явснаас шалтгаалсан хэмээн үздэг.  Агуйг хамгаалах, мөн иргэдэд үйлчлэх зорилгоор хааш хааш нь 250 метр хашаа барьж машины замыг хааж жуулчны бааз барьсан байна.

ХӨРӨГИЙН ХӨНДИЙ:  Дарьганга нутагт XII-XIY зуунд хамаарах 51 хүн дүрст чулуун хөрөгүүд бүртгэгдсэн байдаг. Хөрөгүүд нь түүх, соёлын гайхамшигт дурсгалууд юм. Эдгээр газруудын нэг болох Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45км зайд орших 6040.6 га талбай бүхий “Хөрөгийн хөндийн дурсгал”-ыг 2006 онд УИХ-ын тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын 2019 оны 5-р сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор ангилал дээшлүүлэн “Дарьганга - Байгалийн цогцолборт газар”-ын бүрэлдэхүүнд оруулж баталгаажуулсан.

Хойноос урагш чиглэлтэй нарийн хөндийн дунд байрлах 5 ширхэг хүн чулуун хөргүүд нь  бусдаас ялгарах онцлогтой. Ямар нэгэн юм сандайлан сууж байгаа байдалтай, малгай гуталтай атлаа биедээ хувцасгүй нүцгэн, товгор хөх, эр хүний хүйсийн тэмдэг дүрслэгдсэн байдаг нь Түрэгийн үеийн болон дундад зууны үед хамаарах бусад хүн чулуудаас ялгардаг явдал юм. Хөрөгийн хөндийн өөр нэг байгалийн үзмэр бол хөргүүдээс зүүн хойш 2км зайд орших 40м орчим өндөр, 90 градус эгц ханатай “Бичигтийн шахаа” хадан хясаа юм.

Домгоор бол, Эрт цагт эл нутагт нэгэн ноёнтон албат ард, ахан дүүсийн хамт нутагладаг байжээ. Нэгэн удаа тэрбээр албат ардаа цуглуулан их ан авд гарч Хөрөгийн хөндийгөөр зээр хөөн авлаж хөндийн хойд үзүүрт байх Бичигт хэмээх эгц цавчим ангал руу хашин шахаж үй олноор нь хаднаас унаган хүйс тэмтэрчээ. Ноёнтон тэнгэрийн цээрлэл хүртэж удам угсаагаараа сүйрсэн гэдэг. Хөрөгийн хөндийд ноёны гэр бүлийг нутаглуулан эд хөрөнгийг нь дагалдуулан хийж хүн чулуу босгоод Бичигтийн хадан дээр “Хойч үеийнхэн ийм явдал дахин бүү гаргатугай” гэсэн утга бүхий бичгийг сийлэн үлдээсэн хэмээн ярьсаар иржээ. Тэдгээр нүцгэн хүн хөшөөдийг эл домогт холбоотой шунахай ноёны гэр бүлийг хойч үед жигшүүлэх зорилгоор бүтээсэн гэж үздэг.

ШИЛИЙН БОГД: Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 70 км зайд оршдог бөгөөд д.т.д 1778 метр өндөр. Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий.  Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим метр гүнзгий ажээ.

Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтана хүрээт хэмээх дугуй тогоотой талын намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана.

Шилийн сайн эрчүүдийн тангараг өргөж байсан түүхт уул бөгөөд эртнээс нааш монголчууд Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг.

Шилийн богд уулын орчмын 17200 га газрыг 2004 онд УИХ-ын 22-р тогтоолоор “байгалийн дурсгалт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. УИХ-ын 2019 оны 5-р сарын 2-ны өдрийн 41-р тогтоолоор Шилийн богд уулыг ангилал ахиулан “Дарьганга - байгалийн цогцолборт газар”-ын бүрэлдэхүүнд оруулж баталгаажуулсан.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах