Улз гол Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Эхэн бүрд хэмээх газар Их, Дунд, Бага бүрд (Их Бүрд нь хуурай) булгаас эх авч Хэнтий, Дорнод аймгийн 5 сумын нутгийг дамнан урсаж улсын хил давж ОХУ-ын нутагт Тарь нуурт цутгана. Голын нийт урт 520 км, үүнээс 495 км нь Монгол Улсын нутгаар урсдаг. Ус хураах талбай 37391 км.кв ус зүйн сүлжээний нягтшил 0.32 км.кв, олон жилийн дундаж усны өнгөрөлт 7.25 метр куб/сек, хамгийн их нь хур борооны үерийн үед Эрээнцав орчимд 575 м куб сек хүрч байсан. Гадаргын усны нөөц дунджаар 0.23 км.куб. Улз голын урсац нь Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын заагт Дөрөө нуурыг дүүргэж, үерийн усны илүүдэл нь Монгол орны хамгийн дор цэг Хөх нуурыг усаар тэжээдэг онцлогтой. Улз голын голдрилын ёроол элсэрхэг, лаг шавартай.