Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм. 1996 онд ЮНЕСКО “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын мүлжээ”-нд бүртгэн авчээ. Говийн их ДЦГ нь байгалийн мужлалаар Төв Азийн өндөрлөг тал, хотгор, уулт их муж дотор Алтайн өвөр говийн баруун хэсгийн хэт гандуу цөлийн дэд мужид багтдаг. Тус муж нь 8.821.516 га талбайтай бөгөөд түүний 54.5% буюу 4.807.726 га талбай нь Говийн их ДЦГ-т хамаарна.
А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим км өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан нутаг юм. Говийн их ДЦГ-ын А хэсэг нь Баянхонгор хотоос баруун урагт 500 км зайд оршино.
Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 км газрыг хамрах бөгөөд энэ хэсэгт Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан. Б хэсэг нь Алтай хотоос баруун урагш 250 км зайтай оршино.
Газар зүйн онцлог: Говийн их ДЦГ нь байгалийн нөхцөлийн хувьд “Баруун хуурайн хотгор”, “Алтайн өвөр говь”-ийн бие даасан хоёр мужийг төлөөлөх цөлийн бүсэд орших нутаг юм. ДЦГ нь цөлийн бүсийн байгалийн хам бүрдлүүд, цөлийн экосистемийн туурайтан амьтдыг хамгаалах гол нутаг бөгөөд жинхэнэ цөлийн өргөрөгийн бүсийн 2 судал, өмнө зүгт Говь-Тянь-Шань, хойд хэсэгт Алтайн нурууны хүрээнд говийн хуурай хээр, цөлийн өндрийн бүслүүрийг төлөөлсөн, экологийн хувьд ижил нөхцөлтэй 11 байгалийн районд хуваагддаг. Үүнд: Шивээт-Уулын бүс 142900 га, Отгон-Ус 204600 га, Эдрэнгийн нуруу 115600 га, Буурын хяр 973000 га, Номингийн говь-Цэнхэрийн хоолой 726300 га, Шаргын говь 331500 га, Атас-Чингис 13900 га, Төв Говь-Тянь-Шань 780800 га, Цагаан Богд 191500 га, Эхийн гол 489900 га, Бейшаны өмнөд хэсэг 323600 га хамаардаг.
Геологийн тогтоц: Говийн их ДЦГ-ын “А” хэсгийн газрын гадарга нь Төв Азийн бусад нутаг дэвсгэрийн нэгэн адил мезозойн эриний эхэн үеэс одоо хүртэл үргэлжилж байгаа эх газрын геологийн хөгжлийн явцад үүссэн нам уулс, цав толгод, өндөрлөг тал хосолсон нэлээд нарийн төвөгтэй, өвөрмөц тогтоцтой.
Палеозойн эриний эхэн үед дархан газрын нутаг дэвсгэр нь доош сууж далай болсон бөгөөд девоны сүүл үед аажмаар өргөгдөж, палеозойны төгсгөл үед Алтайн өвөр говийн ихэнх нутаг дэвсгэрт далайн тэнгис ширгэж том жижиг нуур зонхилох болсон байна. Палеозойн хурдас чулуулаг нь ихэвчлэн 5-6 мянган метр хүртэл зузаан далай тэнгисийн гаралтай байдаг.
Мезозойн эринээс одоогийн газрын гадаргын хэлбэр дүрс эхэлсэн гэж үздэг. Юрийн галавын үед уул ихсэх хөдөлгөөн эрчимжсэн бөгөөд цэрдийн үед томоохон нуурууд үүссэн. Дээд, доод цэрдийн хурдас нь ихэвчлэн аллювийн гаралтай байдаг. Кайнозойн эриний эхэн үед уур амьсгал огцом өөрчлөгдөж хуурайшилт эрчимжиж, цөлжих үйл явц эхэлсэн. Альпийн уул үүсэх хөдөлгөөний үед Алтайн нуруу, Тянь-Шанийн уул нурууд үүссэн бөгөөд түүний дараагийн үйл явцаар элэгдэл эвдрэлд орж одоогийн газрын гадаргын дүр төрх бий болжээ. Шарга, Номингийн говийн урд хэсэг, Атас, Чингис Уулсын хойд хэсгээр тектоникийн хагаралтай. Ялангуяа Атас, Чингис, Цагаан богд уул орчмын нутаг нь 9 балл хүртэл газар хөдлөлтийн хүчтэй бүсэд орно.
Говийн их ДЦГ-т геологийн нарийвчилсан хайгуул шинжилгээний ажил хийгдээгүй боловч алт, цахиур, мана, гартаам, хаш, чүнчигноров, гөлтгөнө гэх мэт гоёл чимэглэлийн чулуутай. Борзон, хужир шүүтэй газар цөөнгүй. Онгон улаан, Ногоон цав, Шар хулсны нуруу, Зам билгэх, Чулуут билгэхийн нуруу, Зараа хайрхан зэрэг боржин, асмалжин, толболжин, харлагжин гэх мэт гүний чулуулгаас тогтсон хадат уулсын судлуудад болор, мана, гартаам зэрэг хагас эрдэнийн чулуу байх магдалалтай. Хөх өндөрт сайн чанартай нарийн билүү, гуранз тохиолддог. Тус дархан газартай хил залгаа Хятадын Шинжаан Уйгурын нутагт ихээхэн хэмжээний нефтийн ордууд байдаг бөгөөд геологийн тогтоцын хувьд төстэй Номингийн говь, Шаргын говь зэрэг хотос хотгор газруудаар газрын тос, шатдаг хийн ордууд байх боломжтой.
Говийн их ДЦГ-т эрт галавын амьтан, ургамлын чулуужсан үлдэц багагүй тохиолдоно. Сэгс цагаан богд, Эдрэнгийн явар цонж, Ногоон цав, Атас богд, Сүм толгой, Шар Тээг зэрэг газраар цэрдийн болон гуравдагч галавын амьтан, ургамлын чулуужсан яс бий.
Эртний баянбүрд, элс манхан, тойром, булаг ус зэрэг газруудаар хуучин чулуун зэвсэг болон шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун зэвсэг олддог. Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд байдаг. Говийн их ДЦГ нь алслагдмал нутаг учраас археологи, палеонтологийн чиглэлийн судалгаа бараг хийгдээгүй байна.
Хөрсөн бүрхэвч: Алтайн өвөр говьд цөлийн бор саарал болон хэт хуурай цөлийн борзон хөрс зонхилно. Аж богд, Атас Чингис, Цагаанбогд, Эдрэнгийн нуруу зэрэг уулархаг газраар хөрсний босоо бүслүүрийн гандуу хуурай хэв шинж тодорхой хэмжээгээр илэрнэ. Аж богдын нурууны доод, дунд биеэр цөлөрхөг хээрийн бор, цайвар хүрэн хөрс тархахаас гадна оройд нь өндөр уулын нугат хээрийн хөрс тохиолдоно. Бусад уул нуруудаар нимгэн чулуурхаг цөлөрхөг хээрийн бор хөрс голлон тархсан. Цөлийн гөлтгөнөт бор саарал, хэт цөлийн чулуурхаг бор саарал хөрс хотгоруудаар түгээмэл ба голдуу хөнгөн шавранцар, механик бүрэлдэхүүнтэй байдаг. Хэт хуурай цөлийн борзон хөрс нь гадарга дээрээ хайрга чулуун хучаастай, хайрга чулууны гадарга нь нарны хэт халалтаас шалтгаалж хар бараан өнгөтэй болсон байдаг. Эл өнгөн давхарга нь хөрсний доод хэсгийг халалт, хуурайшилтаас хамгаалдаг.
Хэт халах, хөрөх, хуурайших, түр зуур чийг авч норох үзэгдэл нь олон зууны турш ээлжлэн цөлийн хөрсний содон шинж төрхийг бүрдүүлсэн. Номингийн говь, Хар сайрын хөндий, Баруун шаргын хоолой зэрэг газруудад ургамлын бүрхэвчгүй болж хүрэн хар өнгийн сайр чулуугаар хучигдмал гадарга үүссэн байдаг.
Баянбүрд бүхий газруудад хужир мараат хөрс зонхилох ба булаг шанд хатаж ширгэхийн хирээр талбай нь нэмэгддэг. Цөлийн бүсэд хужир, шал тойром, мараа, гөлтгөнөт хөрс багагүй тархсан. Сүүлийн жилүүдэд хуурайшилт ихэссэнтэй холбоотой хөрсний давсжилт ихэссэн байна. Нугын болон бага хужирлаг нугат-намгийн хөрстэй газрын ул хөрсний усны түвшний бууралт, халиа үүсэх талбайн хэмжээ багассан зэргээс шалтгаалан хөрс хатаж хуурайшин давсжилт илт ихэссэн байна.
Ойн сан, ургамалжилт: Говийн их ДЦГ-ын 1.474.640 га талбайд заган ойтой. Алтайн өвөр говьд чийг, хур тунадасны дутагдлаас шалтгаалж маш сийрэг ургамлан бүрхэвчтэй. Монгол өвст, монгол өвс-хазаар өвст, монгол өвс-таанат, монгол өвс-бударганат, монгол өвс-агьт цөлөрхөг хээр зонхилно. Цөлийн ургамлаас зүйл бүрийн бударгана, дэрс, шармод, бүйлс, харгана, заг голлохоос гадна булаг, шанд, баянбүрд зэрэг газарт тоорой, жигд, сухай, хармаг, гоёо, таана, боролзой, зээргэнэ, шаваг, шарилж, ортууз зэрэг элдэв модлог, бутлаг, өвслөг ургамлаар нэлээд баялаг. Шал тойром, хуурай хөндий зэрэг огт ургамалгүй газар ч түгээмэл тохиолдоно. Тус дархан газарт эрдэмтдийн судалгаагаар 79 овог, 195 төрөлд хамаарах 266 зүйл ургамал тэмдэглэгджээ. Халуун уур амьсгалтай холбоотойгоор ургамлын аймгийн бүрдэл ядмаг боловч цөлийн амьдралын үндсэн хэлбэрийг агуулсан модлог, бутлаг, сөөглөг нэг наст, олон настай ургамлууд цөм тохиолдоно. Төвд, Монголын ардын эмнэлгийн эмийн түүхий эдэд ашиглагддаг 40 орчим зүйл, Монгол Улсын Улаан номонд орсон 13 зүйлийн ургамал тус ДЦГ-т ургадаг.
Хөхтөн амьтан: Говийн их ДЦГ-т Монгол Улсын амьтны аймгийн тухай хуулиар нэн ховор амьтны бүртгэлд орсон 13 зүйл хөхтөн амьтдын 5 зүйл, Засгийн газрын 1995 оны 152-р тогтоолоор баталсан ховор амьтны бүртгэлд орсон 12 зүйл амьтны 8 зүйл, Монгол Улсын Улаан номонд 2013 онд устаж, ховордож буй амьтны ангиллаар бүртгэгдсэн 33 зүйл хөхтний 17 зүйл, 6 зүйл мөлхөгчдөөс 4 зүйл, 4 зүйл хоёр нутагтнаас 1 зүйл, Олон улсын Улаан ном (IUCN)-д бүртгэгдсэн Монгол орны 8 зүйл хөхтний 6 зүйл, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” олон улсын конвенц (CITES)-ийн I хавсралтанд бүртгэгдсэн 12 зүйл хөхтөн амьтны 4 зүйл, II хавсралтанд бүртгэгдсэн 6 зүйл хөхтөн, 11 зүйл шувуу, 1 зүйл мөлхөгч нийт 17 зүйл амьтан, “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай” олон улсын конвенц (CMS)-ийн I хавсралтад орсон 2 зүйл, II хавсралтад орсон 2 зүйл тус ДЦГ-т тархан амьдардаг. Энэ бүхэн нь олон улсын хэмжээний дархан цаазат газар гэдгийн үнэ цэнийг илтгэнэ.
Дэлхийд ховордсон олон зүйл сээр нуруутан байдгийн олонхи нь Төв Азийн эндемик зүйл байгаа нь сонирхолтой. Байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ноос дэлхийд ховордсон амьтдын жагсаалтыг гаргадаг бөгөөд хамгийн сүүлчийн хувилбарт Монгол Улсын нутагт тохиолддог 69 зүйлийн амьтан бичигдсэний 6 зүйл нь тус ДЦГ-т бий. Говийн их ДЦГ-ын “А” хэсэгт хөхтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүн, элдэв хэлбэрээр харьцангуй баян. Монголын төдийгүй дэлхий дахинд нэн ховор хавтгай тэмээ, мазаалай баавгай зөвхөн энэ бүс нутагт бий. Говийн их ДЦГ-т шавьж идэштэн 2, гар далавчтан 5, туулай хэлбэртэн 2, мэрэгч 21, туурайтан 1, туруутан 3, саарьтан 1, махан идэшт 13 нийт 48 зүйл хөхтөн бүртгэгдсэн.
Шувууны зүйл: Алтайн өвөр говийн шувуудын зүйлийн бүрдлээс үзвэл энэ нутагт 15 багийн 36 овог, 94 төрлийн 177 зүйл шувуу тохиолдоно. Эдгээр шувуудын дундаас Podicipediformes 2 зүйл, Ciconiformes 2 зүйл, Anseriformes 14 зүйл зэрэг ус чийгтэй газар бараадан амьдардаг шувуудын төлөөлөгчид байдаг нь Монголын говь, цөлөрхөг орчин боловч баян бүрд, нуур, задгай ус, тойром олонтой болохыг харуулдаг. Монгол Улсын Улаан номонд 2013 онд устаж, ховордож буй ангиллаар бүртгэгдсэн 35 зүйл шувуудын 7 зүйл нь бий.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах