Говийн бага дархан цаазат газар А,Б

Говийн бага дархан цаазат газар нь Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Номгон, Сэврэй, Баяндалай, Булган, Гурвантэс, Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэ Жинст, Баянговь зэрэг 3 аймгийн 11 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 4533913 га талбайтай. Дотор нь “Говийн бага дархан газар”, “Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар” гэсэн А, Б хоёр хэсэгт хуваадаг. Монголын зүүн өмнөд говийн үндсэн шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан дэлхийд ховор хулан, хар сүүлт, аргаль, янгирын гол байршил нутаг юм. Монголын говийн байгалийн иж бүрдэл, газарзүйн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор дархлан хамгаалж улсын тусгай хамгаалалтанд авсан.

Байгаль орчны сайдын 1996 оны 81 дүгээр тушаалаар Өмнөд говийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 30 ажилтан, ажиллагсадтай байгуулжээ. 2006 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтцийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” Байгаль орчны сайдын 238 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа”-г шинээр байгуулсан.

Газарзүйн онцлог: Говийн бага ДЦГ нь говийн аймгуудын зааг нутгийг хамарсан ерөнхийдөө зэлүүд байдалтай, хилийн дагуу жинхэнэ говийн эмзэг экосистем юм. Байгалийн хоёр мужийг төлөөлж Галбын говь, Борзонгийн говийн өргөн уудам нутгийг хамарна. ДЦГ-ын ихэнх нутгийг элс, хужир, марз, заган ой бүхий уудам хотгор хоолой газар эзлэх тул ерөнхийдөө талархаг байдалтай. Галбын говийн зүүн хойд хэсэг уудам хоолой нь дотроо Амтгай, Сухайт, Цавчим, Гүн Сухайт зэрэг бага зэрэг тусгаарлагдмал хотгоруудаас бүрдэх ба эдгээр нь эртний нуурын хурдас тойром байдалтай оршино. Эдгээрийг хүрээлээд заг, бутлаг ургамал бүхий бүрхэвч элс, хармагийн довцог элбэгтэй. Эдгээр нь салхин гаралтай элс бөгөөд ихэвчлэн сөөглөг, өвслөг ургамлаар бага зэрэг бэхлэгдсэн нүүлт хөдөлгөөн багатай, бэлчээрийн ач холбогдолтой элс юм. Үлдсэн хэсгийг Говь-Алтайн уулсаас саланги тусгаар орших бэлэрхэг нам уулс, цав толгод эзлэх ба эдгээр нь элэгдэл эвдрэлд гүн автсан, харьцах өндөр багатай, агуй хонгил элбэгтэй, хад чулуурхаг, говь цөлийн бартаа ихтэй уулсын нэгээхэн хэсэг болно.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь “Говийн бага ДЦГ”-ын хязгаарлалтын бүс дэх Тэнгэр нуур, Сүүж уул, Баруун цагаан толгой, Зүүн цагаан дэл, Модон шанд, Хурган шанд, Давхарын хяр зэрэг 7 газарт 2003 оны 11 дүгээр сараас эхэлж 3 жил гаруй үргэлжилсэн, байгаль орчинд сөрөг нөлөөтэй техник, технологи, тэсрэх дэлбэрэх болон цианит натри, мөнгөн ус зэрэг хорт бодис ашиглан үндсэн ордоос алт олборлож байсан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож чадаагүйн улмаас 2007 онд энэ асуудлыг УИХ-ын тусгай чуулганаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж байжээ. Шийдвэрийн дагуу хууль бус үйл ажиллагааг зогсоож 32 тээрмийг хурааж, 100 гаруй гэрийг нүүлгэн шилжүүлж, 200 гаруй машин 700 гаруй иргэдийг тарааж 25га талбайд газар шорооны ажил гүйцэтгэн 8.9 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийсэн байдаг. Үүний үр дүнд дайжаад байсан ховор амьтад эргэн ирж нутагшиж байна.

Ургамал, амьтан: Галбын говийн хэсгээр бударганат, загт бүлгэмдэлтэй. Талархаг газраа баглуурт, мөнгөн хайргат, бор бударганат цөлийн ургамалшилтай. Мөн хотгор дагуу хужир мараалаг байх бөгөөд элсэрхэг хэсгээр заган ой ихтэй. Энэ хэсэгт заган ойн 4-5 томоохон тархац нутаг бий. Хярс, мануул, чоно, үнэг, өмхий хүрэн байхаас гадна агнуурын ач холбогдолтой ногтруу, хахилаг элбэг байдаг. Монголын зэрлэг адуу хулангийн 50% нь энэ нутагт байршин нутагладаг.

 

 

 

Эмхэтгэсэн Ч.Буяннбадрах