Лянь Бяо-гийн онгоц унасан газар

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Маршал Лянь Бяо-гийн сууж явсан “Трайдент” онгоц Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотоос 70км, Бэрхийн уурхайгаас 14км зайд Суваргын хөндий хэмээх газар 1971 оны 9-р сарын 12-нд сүйрчээ. Энэ тухай 2 өдрийн дараа 14-ний 14 цагт Хятадын Төрийн зөвлөлийн дарга Жоу Энлай Монгол дахь элчин сайдаасаа яаралтай нууц мэдээгээр сонсчээ. “Иргэний зориулалттай 256 гэсэн бүхээгийн дугаартай Хятадын цэргийн нисэх хүчний “Трайдент” онгоц БНМАУ-ын нутагт Өндөрхаан хотын орчим сүйрсэн. Нэг эмэгтэй, найман эрэгтэй зорчигч бүгд нас барсан” гэсэн нууц шифрийн мэдээ байжээ.

Хачирхалтай нь энэ мэдээг сонссон Төрийн зөвлөлийн дарга “Бут үсэрч үхжээ, бяц унажээ” гэж баяртайгаар хашгирч байсан гэдэг. Лянь Бяо нь Хятадын удирдагч Мао Зэдунтай үзэл бодол сөргөлдсөний улмаас зугтаж яваад гэр бүлийнхээ хамт ийнхүү осолдсон гэсэн таамаг мэдээллүүд байдаг. Харин ослын шалтгааныг одоо болтол тогтоогоогүй ажээ. Маршал Лянь Бяо нь Хятадын засгийн газрын нөлөө бүхий хоёр дахь хүн байсан бөгөөд Мао Зэдуны албан ёсны залгамжлагчаар зарлагдсан байв.

1971 оны 9-р сарын 12-ны шөнө Бэйдайхэ хотын ойролцоох онгоцны буудлаас тийрэлтэт “Трайдент” онгоц хөөрч, баруун хойш чиглэн нисэж, БНМАУ-ын агаарын хилийг нэвтэрч орсны дараа шөнийн хоёр цаг гучин минутад сүйрчээ. Сүйрсэн онгоцны хэлтэрхий дунд хагас дутуу шатсан есөн цогцос, зэр зэвсэг, төхөөрөмж, бичиг баримт байсан нь уг онгоц Хятадын цэргийн нисэх хүчнийх гэдгийг баталсан байна. Хятадын засгийн газрын хүсэлтээр цогцсуудыг сүйрлийн газарт нь оршуулжээ.

Лянь Бяо 1959 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон ба 1970 оны 8-р сард намын удирдагчдын хурал дээр 62 настай тэрбээр зоригтойгоор нэгэн санал тавьжээ. Мао-г өөр нэг албан тушаал буюу төрийн тэргүүнээр сонгох санал тавьж, хэрвээ Мао татгалзвал энэ тушаалд өөрийгөө тавих тухай тооцоолсон ажээ. Хятадын Коммунист намын дарга Мао Зэдун шинэ албан тушаалаас татгалзсан бөгөөд “Төрийн тэргүүний суудал сул байж байг” гэж хариулсан гэдэг. Лянь Бяогийн зальжин санал таалагдаагүй тул тус хурлын дараа Хятадын нам төрийн зүтгэлтнүүд хуралдаж Лянь Бяогийн хувь заяаг шийджээ. Тэд Лянь Бяо засгийн эрхийг авахын тулд “571” нэртэй хуйвалдаан боловсруулсан хэмээн үзжээ. 571 гэсэн тоо нь хятад ханзаар “зэвсэгт бослого” гэж бичигддэг аж.

Барууны шинжээчид маршалын зугтсан онгоцыг хятадууд гүйцэж сөнөөсөн, эсвэл хуйвалдагчдыг барьж устгаад цогцосыг нь онгоцонд ачиж, амиа золиослогч нисэгч бэлдэн нисгэсэн гэсэн хоёр таамаглалыг дэвшүүлдэг. Дашрамд дурдахад, ослын газар дээр ажиллаж, дүгнэлт гаргалцаж байсан генерал С.Отгонжаргал “тэр үед би Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах байгууллагын даргын албыг хашиж байлаа. Осол гарах үед ээлжийн амралтаа аваад Гурван нуурын амралтад амарч байсан. 12-ны орой амрагчид шөнийн хоёр цаг хүртэл бүжиг наадам болж байгаад унтаж амрахаар гарцгаах үед сүрхий ёнгиносон дуутай онгоц нисээд өнгөрсөн. Хүмүүс моторт дугуй шиг ёнгиносон муухай дуутай онгоц вэ гэлцээд гэр гэртээ орж амарсан. Тэгтэл өглөө орноосоо босоогүй байхад Дадал сумын зарлага ирээд “Аймгаас онгоц ирж байгаа, таныг онгоцны буудал дээр ирээд хүлээж бай гэж байна” гэв.

Онгоцны буудал дээр ирэхэд нисэгч Жигжид гуай “Бэрхийн уурхайгаас холгүй нэг онгоц сүйрсэн бололтой, таныг аваад ир” гэсэн гэнэ. Бид сүйрэл болсон газар дээгүүр нисч байдлыг харчихаад хотоос ирж буй улсын комиссынхныг тосохоор аймгийн онгоцны буудал руу хүрсэн. Хоёр талдаа мотортой “ИЛ-14″ онгоцоор гадаад яамны орлогч сайд Эрдэнэбилэгээр даргалуулсан улсын комиссынхон ирэв. “Сая дээгүүр нь нисэж харлаа. Өндөрхаанаас 70км орчим, Бэрхийн уурхайгаас 14км, Суваргын хөндийд сүйрсэн байна” гэж илтгэлээ. Комиссынхон “Бид газар дээр очно, онгоц буух боломж бий юу?” гэж асуулаа. Нисэгч Жигжид гуай өмнө нь онгоц бууж байгаагүй гэхэд Эрдэнэбилэг дарга “Та хоёр дахиж нис, амьд мэнд хүрээд ирвэл бид тэр онгоцоор ниснэ” гэсэн утгатай юм хэллээ, би ч цэргийн хүн учраас “гүйцэтгэе” гээд ниссэн.

Жигжид гуай бол Халхын голд байлдаж явсан, олон жил онгоц барьсан туршлагатай хүн учраас нөгөө газраа очиж хэд эргээд л төд удалгүй газардсан. Ямар ч асуудалгүй буусан учраас улсын комиссынхныг авахаар буцаад аймаг руу нисч, тэднийг авсан. “Найман эрэгтэй, нэг эмэгтэй нийт есөн хүнтэй онгоц сүйрсэн байсан. Цэргийн ногоон өнгийн дүрэмт хувцас, Хятадын далбаа болон бусад эд мөрийн баримтаас Хятадын цэргийн онгоц байна” гэдгийг ойлгосон. Автомат болон гар буунууд олсон.

Сүйрсэн онгоц зургаан хүний суудалтай байсан. Амаараа дүүрэн алтан шүдтэй, хөх цэнхэр чисчүүн торгомсог костюмтой эмэгтэй байсан. Сүүлд л бүх зүйл тодорхой болоход Хятадын сайд Лянь Бяо, эхнэр, хүүгийн хамт мөн жолооч нь явсан гэж мэдсэн. “Хятадын элчин сайд ирж хэргийн газартай танилцаад хүмүүсээ оршуулаад буцсан. Тэднийг дагалдаж оршуулах ажилд туслахаар салаа цэрэг ирсэн. Шарил тус бүрт хайрцаг бэлдсэн байсан. Элчин сайдыг ирэхээс өмнө есөн хүний шарилыг цагаан даавуугаар бүтээж гадас хатгаад хамгаалчихсан байлаа. Элчин сайд бидэнтэй юу ч ярихгүй, тэр газраар нааш цааш зүгээр л алхаад байсан. Тэгснээ цогцоснууд байгаа газрын хажуу дахь жижиг гүвээг зааж, “тэнд оршуулъя” гэсэн.

Орой болж, нар шингэх дөхсөн учраас маргааш оршуулахаар болоод бид буудал руу буцацгаасан. Зочид буудалд эргэж ирээд Элчин сайд “Та нөхөд цэргийн онгоц гэсэн. Энэ бол цэргийнх биш иргэнийх, төөрч явж байгаад энд уначихсан байна. Тиймээс энэ талаар ярилцаж тохиролцъё” гэв. Бид хэлэлцээ хийхээр суулаа. Бид болохоор “Төөрснийг нь юугаар батлах юм бэ?! Эд мөрийн баримтаас үзэхэд цэргийн онгоц гэдэг нь батлагдчихсан, тэр ч байтугай тухайн онгоц Бээжинд байхдаа шөнийн нислэг хийгээд өглөөний 06 цагт буусан. Хятадын нисэх хүчний 14-р армийн харъяа цэргийн онгоц гэдэг бичиг баримтыг нь олсон. Хятадын цэргийн 3556-р ангиас онгоцондоо 3200 литр бензин хийсэн нь тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн байна” гээд бид оройн 20 цагаас үүрийн 04 цаг хүртэл маргав. “Хятадын элчин сайд цэргийн онгоц биш гээд зөвшөөрдөггүй.

Тэгээд түр завсарлаад хэлэлцээгээ үргэлжлүүлтэл арай зөөлөрчихсөн, “Иргэний ба цэргийн онгоц” гэж тохиръё” гэж байна. Цэргийн онгоц гэхээр хил зөрчсөн хүнд асуудал үүсэх гээд байж л дээ. Иргэний онгоц гэхээр яах вэ дээ, төөрч будлиад гээд зөөлрүүлэх бодлогоор л тэгж зүтгэсэн хэрэг. Бид тохиролцохгүй байсаар өглөө нар мандчихсан. Элчин сайд гэнэт “Олон хүний амь үрэгдсэн эмгэнэлтэй зүйл боллоо. Ах дүү, хамт олонд нь их хэцүү байгаа, түргэн оршуулъя” хэмээн яаран мэдэгдэл хийсэн. Бид “цэргийн онгоц” гэдэг үг алдуулж чадсан учраас ослын газар руу хөдөлж цогцосуудыг нэг урт нүхэнд хамтад нь оршуулсан.

Элчин сайд цэргүүдэд хандан талархал илэрхийлээд хятад янжуур, вино, жимс зэргийг бэлэг болгоод, надад хандан талархсанаа хэлж өнөөдрийн оршуулгын шороо бага санагдлаа. Манай хятад ёсонд өндөр шороо байдаг юм, өндөрлөж өгөөрэй” гэж хүсээд намайг Улаанбаатар дахь элчин сайдын яаманд зочин болж очоорой гэж уриад буцсан. Оршуулж байхдаа маршал Лянь Бяо гэдгийг нь мэдээгүй. Оршуулаад сар гаруй болсны дараа ЗХУ-аас тусгай комисс ирж уг булшийг ухаж, Маршал Лянь Бяо мөн эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн. ЗХУ-ын Батлан хамгаалахын шүүх эмнэлгийн албаны ерөнхий газрын дарга, Аюулаас хамгаалахын мөрдөн байцаах газрын дарга, гавлын ясаар хүний дүр төрхийг гаргаж ирдэг эрдэмтэн, эмч домч янз бүрийн улсууд ирсэн бөгөөд нэг цогцосны толгойг аваад явсан.

“Маршал Лянь Бяогийн онгоц Монголд сүйрсэн” гээд барууны орнуудад шуугиад эхлэнгүүт оросууд комисс ирүүлсэн юм гэж ойлгосон. Саяхан оросууд “Мао Зэдунг хороох төлөвлөгөө” гэсэн нэртэй энэ тухай кино хийж, нэлээд тодорхой ил ярьдаг болжээ. Санаандгүй телевизийн суваг сольж суутал Оросын нэг эрдэмтэн ширээн дээрээ гавлын яс тавьчихсан ярьж байна. “Энэ бол маршал Лянь Бяогийн гавлын яс” гэхийн сацуу нөгөө гартаа ослын газар авсан Хятадын Элчин сайд болоод Санжаа бид гурвын зургийг барьчихсан “Энэ онгоцонд явсан улсууд буу зэвсэгтэй явсан. Нэг автомат, нэлээд хэдэн гар буутай. Тэгээд хоорондоо буудалцсанаас сүйрсэн гэх яриа байдаг. Гэвч Монголын аюулаас хамгаалах байгууллагынхан эдгээр хүмүүсийг буудалцаагүй, тийм ул мөр байхгүй” гэж дүгнэсэн байна. Бид Монголын Аюулаас хамгаалах байгууллагаас тогтоосон дүгнэлттэй санал нэг байна” хэмээн ярьж байхыг олж үзлээ. Ер нь бол би тэр онгоцонд Лянь Бяо байжээ гэдгийг осол болсноос нэлээд хойно мэдсэн.

Хятадын КН-ын Х их хурал 1974 онд болох үед ерөнхий сайд Жун Лай илтгэл тавихдаа “Батлан хамгаалахын сайд, маршал Лянь Бяо Монгол улсын Хэнтий аймгийн Өндөрхааны төвийн ойролцоо онгоцны сүйрлээр амь үрэгдсэн” гэж албан ёсоор мэдээлсэн байдаг. Ройтерс агентлагийн сурвалжлагч над дээр гурван удаа ирж “Лянь Бяо тэнд байсан юм уу, Мао Зэдун тэр хоёр хоорондоо хэрхэн муудалцсан юм бэ, Яагаад муудалцах болсон юм бэ?” гэж асуудаг байсан. “Энэ талаар би мэдэхгүй шүү дээ. Орон нутгийн жаахан дарга байсан хүн том улсын дарга нарын хооронд юу болсныг яаж мэдэх билээ, гадаадын хэвлэлд бичсэнээр бол тэдгээр дарга нар хоорондоо сөргөлдсөн бололтой. Миний хувьд онгоц хаана, хэзээ сүйрсэн, хэдэн хүн байсан гэдгийг л хэлж чадахаас өөр зүйл мэдэхгүй ээ” гэж хариулдаг байлаа. ОХУ болон БНХАУ аль аль нь энэ тухай баримтат кино хийсэн ажээ.

Тэмдэглэсэн: Ч.Буянбадрах