Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хөндийд цэнгэг устай жижигхэн нуур бий. Нуурын урт өргөн 500 метр орчим, талбай 2.5 км кв юм. Нуурын гүн 1-1.5 метр, гадагш дотогш урсгалгүй.
Нуурын усанд Бөлбөө хэмээх нэг зүйлийн үзэмж төгс цэцэг ургадаг. Нуурын ёроолоос 1 метр хүртэл өндөр урган нуурын мандал дээр том ногоон навчнуудыг дэлгэн цагаан өнгийн цэцэгс дэлбээлүүлж, голоос нь хурц шар өнгийн дохиурууд цухуйдаг. Эл байдал нуурын мандлыг бүрхэн дэлгэрдэг учир гоо үзэсгэлэнтэй харагддагаас гадна эл нуурын нэрийг үүсгэжээ.
Бөлбөөг монголчууд “Бадамлянхуа” хэмээн нэрлэдэг бөгөөд ямар ч шавар намаг дунд цэв цэвэрхэн, өчүүхэн ч бохирдохгүйгээр цагаанаар дэлгэрэн ургадаг тул Буддын шашинд ариун нандин, эрхэм үнэт зүйлийн бэлгэдэл болгож бурхадын “сэнтий” болгон залдаг.
Монголд хоёр төрлийн Бөлбөө ургадаг. Цагаан Бөлбөө нь нуур цөөрөм, тогтуун урсгалт гол горхи, татуургын усанд ургадаг олон наст ургамал юм. Их нууруудын хотгор, Дархадын хотгор, Хомын хоолой, Хангайн нурууны Идэрийн голын хөндийн цөөрмүүд, Хар-Ус нуур, Чоно харайхын голд ургадаг ховор тархацтай цэцэг юм.