Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Их хөшөөт - Кульчурын руни бичиг бүхий гэрэлт хөшөө бий. Улаанбаатар хотоос баруун тийш 200 км зайд орших эл дурсгалыг түрэг судлалын зарим ном зохиолд Кульчурт зориулан босгосон хөшөө, түрэг бичээс гэдэг. Хөшөөний өндөр 190 см, өргөн 61 см, зузаан нь 20 см. Дөрвөн талдаа 29 мөр бичээс бүхий бөгөөд зүүн зүг хандсан нүүрэн талд 12 мөр, өмнө талд 4 мөр, баруун талд 13 мөр бичээс байдаг бол хойд талын бичээсүүд арилсан байдаг.
Хөшөөг анх В.Л.Котвич, А.Н.Самойлович нар 1912 онд судалж бичээсийг нь орчуулан, түүхэн үндэслэлийг тодорхойлж нийтлүүлэн шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан. Түүний дараа Х.Н.Оркун, С.Е.Малов, Т.Т.Екин, Е.Трыяарский, Г.Айдаров нар судалснаас гадна 1979 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эртний түрэг судлалын анги газар дээр нь судалж, баруун талын мөрүүдийн доогуур хөндлөн бичсэн нэг мөр бичээс байсныг нэмж илрүүлэн тайлжээ. Эрдэмтэд хөшөөний 14-р мөрөнд буй “Сэцэн Кульчур Тардуш түмнийг захиран суулаа” гэсэн өгүүлбэрт тулгуурлан энэхүү гэрэлт хөшөөг “Куль-чур” хэмээх ноёнд зориулан босгосон гэж үздэг.
Уг бичээс маш их баларсан, утга төгссөн өгүүлбэр цөөвтөр, хөшөөний бичээсийг монгол хэлээр хараахан бүрэн орчуулаагүй болно. Гэрэлт хөшөөний гол агуулга нь “Чыкан Тонькук нэрийг өгсөн, Ышбара чыкан Кульчур болсон зэргийг хөшөөний нэг, хоёр, гуравдугаар мөрөнд тус тус өгүүлээд түүнээс хойшхи мөрүүдэд Кульчурын аян дайн, хувцас хэрэглэл, тулалдаанд хурдан зээрд морь унаж явсан тухай, Йенчү голыг гаталж, Төмөр хаалганд, мөн Тежикт хүрч очсон, Есөн Огузад 7 удаа довтлон орсон, Хятад, Татабы, Харлуг зэрэгт хийсэн аян дайны тухай” өгүүлсэн байна.
Судлаачид “Куль-чур” гэдэг үгийг гарал судлалын үүднээс тайлбарлахдаа эхний үгийг “Алдар гавъяат, алдарт” хоёр дахь “Чур” гэдгийг узбек хэлний “жура” буюу “нөхөр, найз үерхдэг хүн”, уйгур хэлний жора буюу найз, үерхдэг бүсгүй, туркмен хэлний “жора” буюу “найз” гэдэг үгтэй нэг гаралтайн дээр эртний перс, санскрит хэлний “чур чор, чура-чора”-той холбоотой гэж үздэг.
Арван дөрөвдүгээр мөрөнд гарч байгаа “Беш балаг” гэдэг нэр нь “Таван балгас” гэсэн үг бөгөөд тухайн үед тийм нэртэй хот байсан. “Башбалаг” гэдэг хотын нэр, мөн Хойд Тамирын Тайхар чулууны түрэг бичээст гардаг. Кульчурыг “улуг их”, “Ышбара”, “Чыкан” гэх мэт үгээр тодотгосон бол Тардушийн ноён болсон тэр үйл явдлыг өгүүлсэн 14 дэх мөрнөөс хойш түүнийг Билгэ “сэцэн” гэсэн цолоор тодотгох болсон. Мөн гуравдугаар мөрөнд “Их Күль-чур наян насандаа тэнгэрт хальсан”, 24 дүгээр мөрөнд “..чур тегин, түүний хойноос дөрвөн тегин ирж Ышбара сэцэн Куль-чурыг оршуулсан ...” гэж өгүүлснийг бусад түүхэн хэрэг явдалтай харьцуулан судлаад “Кульчурыг 721 онд нас барсан” гэж тогтоосон байна.