Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас Монголын хадны зосон зургийн хамгийн томд орох дурсгалт газар олдсон. ШУТИС-ийн “Эртний нүүдэлчдийн хадны зураг судлах шинжилгээний анги”-ийн судлаач багш нар Баян-Овоо сумын Уртын голын эхэн дэх Нүхэн хад хэмээх газраас Монгол дахь зосон зургийн хамгийн олон тэмдэг бүхий дурсгалт газрыг судалсан. Тус газарт эрт цагт өндөр хясааны нэгээхэн хэсэг нурснаас маш том хунхыг үүсгэсэн байдаг. Эртний хүмүүс нөмөр нөөлөгт нь өөрсдийн соёлыг үлдээх таатай орчин болжээ. Судалгааны явцад чулуун зэвсэг, хадны зураг цөөнгүй илэрсэн. Дурсгалт газраас зайдуу ганц нэг булш илрүүлсэн боловч тонуулчдын гарт өртжээ. Уртын гол нь Хангайн нуруунаас эх аван урсаж Баян-Овоо сумын дэргэдэх Хөх Бүрд нуурын гол тэжээгч нь болдог. Харин Бүрд нуураас Нарийн гол эх аван урсдаг.
1980 оны сүүлчээр Монголын археологийн түүхэнд томоохон нээлтийг хийсэн ба 500 мянган жилийн тэртээ Монгол оронд хүн амьдарч байсныг гэрчилсэн доод палеолитын буюу хуучин чулуун зэвсгийн эрт үеийн бууц суурин бүхий Уран хайрхан уул, түүнчлэн одоогийн байдлаар Монгол нутагт хамгийн эртдээ сая жилийн тэртээ хүн амьдарч байсныг гэрчилсэн чулуун зэвсгийн дурсгал Нарийн голын хөндийд оршдогийг илрүүлсэн. Уртын гол, Нарийн гол нь эртний чулуун зэвсгийн үеийн анчин нүүдэлчдийн соёлын хэлхээг тодруулахад чухал хувь нэмэр оруулсан. Судлаачид хамтарсан суурин судалгаа хийх өргөн боломжтой.