Биндэръяа хан уул нь Хэнтийн нурууны зүүн төгсгөлд д.т.д 1338.8м өндөрт оршдог. Биндэръяа хан уулын ам хөндийн голууд Хурхын гол руу цутгадаг бөгөөд ойр орчимд Дулын гозгор уул, Нарсан гул уул, Ёл уул зэрэг дундаж өндөр бүхий олон уулс байхаас хамгийн өндөр нь Тодонтын өндөр уул (1574.5м) юм. Ойт хээрийн ландшафт зонхилж, ойт хээрийн ургамал, амьтан байх боловч амьтны аймгийн хувьд төдийлөн баян биш байдаг учраас бэлчээр, газар тариаланд илүү тохиромжтой нутаг ажээ.
Рашаан хад, хиргисүүр, монгол овог аймгуудын тамганы дурсгал, хадны бичээсүүд гэх мэт түүхийн дурсгал ихтэй газар. Өндөр гэгээн Занабазар Ононгийн халуун рашаанд орчихоод буцах замдаа Их Хэнтийн нурууны төгсгөл овоог “ихэсийн газар” хэмээн дээдэлж тахисан гэдэг.
Биндэр овоо орчмын нутаг Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс, овог аймгууд, улс гүрний түүхийн олон үед хамрагдах дурсгалуудыг агуулж байдгаараа ихээхэн онцлог. Овооноос зүүн урд зүгт Хурх, Зуухын баян голуудын бэлчир рүү түрж орсон хошууны үзүүрийн мөргөцөг дээрх палеолит, мезолит, неолотийн үеийн чулуун зэвсэг, хүн амьтны зураг дүрслэл, тамганууд, орхон-енисей, монгол, түвд, нанхиад зэрэг бичээстэй Рашаан хад бий. Рашаан хаднаас хойш Өглөгчийн горхины хойд талд орших Үзүүр цохион дээр урдаа 2-3 хүн хөтөлсөн морьдын цуваа бүхий зураг, хаднаас 2км зайд эргэн тойрондоо 12 дөрвөлжин булш бүхий 230-250см өндөр, 41-42см өргөн мөн ийм хэмжээний зузаантай элсэн чулуун 2 буган хөшөө бий.
Эдгээр чухал дурсгалыг хадгалан хамгаалахын тулд УИХ-ын 2012 оны 57-р тогтоолоор Биндэръяа хан уул орчмын нийт 5736 га талбайг "байгалийн дурсгалт газар"-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.
Монголын нууц товчоонд дурдагдсан нэрээ өнөөг хүртэл хадгалсан Биндэръяа уулын зүүн шувтарга үзүүрт Биндэрийн овоо байдаг. Биндэр сум, Хурх баг, Өмнөдэлгэр сумдын иргэд жил бүр ээлжлэн зуны тэргүүн сарын шинийн 3-нд тахидаг. 1960-аад оны эхээр Х.Пэрлээгийн хамтаар судалгаа хийсэн Германы эрдэмтэн И.Щуберт өөрийн тэмдэглэлд “Биндэрийн овоо нь дөрвөлжин хэлбэртэй, шавар хашлагатай, дотор нь чулуу дүүргэж овоолсон, гадуур нь олон мөчир хүрээлж тавьсан байсан. Биндэр овооны өмнө ба хойд хэсэгт 16, зүүн талд 21 жижиг овоо байсан. Гол овоонд маанийн 6 үсэг, түвд бичигтэй хийморийн дарцагнууд их байв” гэж бичсэн байна. Нутгийн ардууд “Биндэр овооны дор 60 хонь, 64 үхрийг булсан гэдэг” хэмээн хуучилсаар ирсэн.
Биндэръяа хан уул болон Биндэр овоог Чингис хаанд зориулан XX зууны эхэн үе хүртэл тогтмол тахиж ирсэн. 1960-аад оны үед өнөөгийн төрхийг олж, нутгийн иргэд ил далд шүтсээр 1990 онтой золгожээ.