Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төв буюу хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны нутагт “Сангийн далай хийд”, “Угтаал Сангийн далай”, “Дамбадаржаалин” гэх мэтээр нэрлэгдэж ирсэн хийд байгуулагдаж байжээ.
1708 онд Засаг Ванчигийн үед “Сангийн далай” хэмээх газар сүм суварга байгуулж, Аюуш, Дүйнхор тэргүүтэн олон зүйлийн хурал номын сургууль дэлгэрүүлэхэд Манж Чингийн хаанаас “шашныг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. 1853 онд сүм суваргуудыг нэмж байгуулан Цогчин, Хайлан, Сандуй, Дэмчог, Жигжид, Дүйнхор, Гүнрэг, Ядам, Ерөөл хурж, Засаг хошой чин ван Чагдаржавын үед 16 жангийн сүм байгуулсанд Богд Жибзундамба хутагтаас “Дамбадаржаалин буюу Шашныг бадруулагч” нэр шагнажээ.
Сангийн далай хийдийн цогчин дуганд 300 гаруй лам хурал хурдаг, цам харайдаг байв. Цогчин дуганыг сүсэгтэн олны өргөл хандиваар байгуулж барилгын мод, шавар, шохойг нутаг орноос бэлтгэн хөх тоосго, вааран дээвэр, чимэглэлийг хийжээ. Тэгш өнцөгт хэлбэртэй, хоёр давхар, гол хаалгандаа гонхтой, хөх тоосгон ханатай, хөх вааран дээвэртэй, дотор гадаргүй үндэсний хээ угалзаар чимэглэгдсэн уран барилгын дурсгал юм.
Цогчин дуганы хоёр талд баруун ба зүүн дуган, өвгөн дуган, жижиг дуган гэх 4 дугантай, хийдийн зүүн хойд талд 9 том цагаан суваргатай байжээ. Тус Сангийн далай хийд нь цогчин жас (сүм хийдийн хөрөнгө мөнгөний сан хөмрөг), хайлан жас, дарь эхийн жас гэсэн 3 жастай байсан гэдэг.
Угтаал Сангийн далай хийдийн хурал номыг 1990 оноос сэргээсэн бол ганцаараа үлдсэн байсан цогчин дуганыг 1994 онд тусгай хамгаалалтанд авсан байна.