Монгол-Германы археологичдын хамтарсан экспедици 1999-2009 онд Эрдэнэзуу хийдийн орчимд малтлага явуулж нийт 17000 олдвор олсны 2/3 нь буддын шашинтай холбоотой байсан юм. Мөн судалгааны явцад Эрдэнэзуу хийдийн хэрмэн хашааны зүүн талаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотод байсан Цогт их асар сүмийн туурийг илрүүлсэн. Хархорум хотыг эрж хайсан үе үеийн судалгааны явцад,
Тэдгээр хөшөөнүүд чулуун яст мэлхийний нуруун дээр байсан бөгөөд судлаачид хэсэг хэсгээр олдсон хөшөөдийг “нийлүүлэн” уншиж тайлсан юм. 1256 онд Мөнх хааны зарлигаар нэгэн буддын сүм баригдаж, 1311 онд Буянт (1311-1320) хаан Хархорум дахь сүм эвдэрч гэмтсэнийг сонсоод буддын шашин хариуцсан түшмэл Чогсүмд шаардлагатай хөрөнгийг өгч засуулж байсан тухай, дараа нь Тогоонтөмөр (1333-1368) хааны үед сэргээн засварлах ажил 4 жил үргэлжилж, 1346 оны сүүлээр тус сүмийг “Зарлигаар байгуулсан Юань улсын мандал бадралын асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрласан тухай бичиж үлдээжээ.
Мөн судалгааны баг сүмийн довжоо суурингийн 4 булангийн газраас XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн сүншиг бүхий ваарыг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт болсон юм.
Том вааранд тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ”-ийг хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьсан байсныг илрүүлсэн. Есөн эрдэнийн дотор Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3 ш, шүр, сувд, оюу зэргийг багтаасан байсан бөгөөд алтан зоосны нэг нь Чингис хааны Самарканд хотноо 1221 онд дэлдүүлсэн зоос, харин мөнгөн зооснууд нь Мөнх хааны үед Хархорумд бүтээлгэсэн зооснууд байжээ. Есөн төрлийн материалаас бүрдсэн эд юмс нь суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй бөгөөд энэхүү байгууламж XIII-XIV зууны бурханы шашны сүм байсныг бүрэн дүүрэн нотолж өгчээ. Эдгээр сүншиг бүхий ваарнууд эдүгээ Хархорин музейд бий.
Цогт-Асар сүм нь 42х42 метр тэг дөрвөлжин талбайтай, хааш хаашаа 8-аар эгнэсэн 64 баганатай, 5 давхар, өндөр нь 90м байсан гэдгийг тогтоосон юм. 2014 онд Монгол Улсын БСШУЯ, ХБНГУ-ын ГХЯ, Герда Хенкель сан, Германы Археологийн хүрээлэнгээс санхүүжүүлж Цогт-Асар сүмийн туурийг хамгаалах зорилгоор гадуур нь хана өрж битүүлсэн. Харин дөрвөн талд нь шилэн цонх хийж, тэдгээр цонхоор сүмийн туурийг харах боломжтой болгосон байдаг. Мөн 4 талд нь гаргасан шатаар дээш гарахад 64 баганын суурь чулуунууд харагдах бөгөөд тэдгээрийг дөрвөлжин цагаан хүрээгээр хүрээлсэн байна.
Эх сурвалж: Алдуул модны эрэлд баримтат кино (Таван нүдэн - үндэсний брэнд)