Сууриараа дугираг дээш конус хэлбэртэй, суурийн голч нь 30м орчим бөгөөд тус довыг үйлдэхдээ 15-20см зузаантайгаар шаврыг үелүүлэн дэлдсэн байна. Довыг тойроод шороон далантай, баруун зүүн тал нь 110м, урд хойд тал нь 90м хэмжээтэй боловч он цагийн уртад элэгдэн эвдэрч зарим хэсэгтээ мэдэгдэхгүй болсон байдаг.
Далангийн баруун өмнө зүгт бунхан руу орох үүдэнд 20м урт, 3м өргөн 0.2-0.5м орчим өндөр гүдгэр шороон дараастай. Бунханы үүдэвч задгай байдлаар 10.8м үргэлжлээд газар доогуур хөндийлөн ухсан хонгилтой, хонгилд бунхан хүртэл гурван гэгээвч гаргаж өгсөн байдаг. Үүдэвчний нийт урт 23м, бунхан нь гол өрөө, үүдэвчний хоёр хананд гаргасан тус бүр нэг, хоёр тахилын хөмөгтэй.