Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Зүүн урдаас баруун хойш чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5км, урт нь 8км орчим. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав”, арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50м хүртэл байдаг. Мөн тогтоцын хэлбэр дүрсээрээ “ширээ шавар”, “тэмээ шавар” гэх мэтээр нэрлэгддэг газрууд бий.
Америкийн Рой Чепмэн Эндрюс тэргүүтэй судлаачид 1920-иод онд Баянзагийн орчимд шинжилгээ судалгаа хийж байх зуурт Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагдсанаас үүдэлтэйгээр “flaming cliffs” буюу “асаж буй толгод” хэмээн нэрлэгдэж, улмаар энэ үг палеонтологи болон аялал жуулчлалын салбарт "танил нэр" болжээ. Тэрхүү судалгааны үеэр 80-60 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдвор, өндөгний үүр бүхий олон шинэ нээлтүүдийг хийсэн учраас дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын говийг дэлхийд алдаршуулсан шавар тогтоц юм. Баянзагийн хойд хэсгийн ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ.