Биндэр овоо

Монголын нууц товчоонд дурдагдсан нэрээ өнөөг хүртэл хадгалсан Биндэръяа уулын зүүн шувтарга үзүүрт Биндэрийн овоо байдаг. Хэнтий аймгийн Биндэр сум, Хурх баг, Өмнөдэлгэр сумдын иргэд жил бүр ээлжлэн зуны тэргүүн сарын шинийн 3-нд тахидаг.
 
1960-аад оны эхээр Х.Пэрлээгийн хамтаар судалгаа хийсэн Германы эрдэмтэн И.Щуберт өөрийн тэмдэглэлд “Биндэрийн овоо нь дөрвөлжин хэлбэртэй, шавар хашлагатай, дотор нь чулуу дүүргэж овоолсон, гадуур нь олон мөчир хүрээлж тавьсан байсан. Биндэр овооны өмнө ба хойд хэсэгт 16, зүүн талд 21 жижиг овоо байсан. Гол овоонд маанийн 6 үсэг, түвд бичигтэй хийморийн дарцагнууд их байв” гэж бичсэн байна.
 
Нутгийн ардууд “Биндэр овооны дор 60 хонь, 64 үхрийг булсан гэдэг” хэмээн хуучилсаар ирсэн. Биндэръяа уул болон Биндэр овоог XX зууны эхэн үе хүртэл тогтмол тахиж байжээ. 1960-аад оны үед өнөөгийн төрхийг олж, нутгийн иргэд ил далд шүтсээр 1990 онтой золгосон байна.
 
Монголын нууц товчоонд “Ихэсийн газар”-т очиж тахилга хийсэн тухай мэдээ байдаг нь монголчуудын тахилгын зан үйлийн талаар дурдсан хамгийн эрт үед холбогдох баримт юм. Язгууртан овгууд өөрийн эрх мэдэл, сүр хүч, ноёлох байр сууриа хадгалах үүднээс сүлд хийморио даатгасан шүтээнтэй буюу өөрөөр хэлбэл, өвөг дээдсийнхээ анхлан голомтоо бадраасан нутагт нь жил бүрийн хавар цагт ирж их тахилга хийдэг байсан тухай юм.
 
Тэрхүү “Ихэсийн газар” нь одоогийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Өглөгчийн хэрэм орчмын нутаг байж болохыг судлаачид дэвшүүлсэн байдаг.  Өглөгчийн хэрэм нь YIII зууны үед баригдсан ба Бурхан халдун уулнаа ирсэн монгол аймгууд барьсан байх магадлалтай ажээ. 
 
Ихэсийн газрын тахилга нь эдүгээ Биндэр овоонд шилжсэн гэж үздэг. Ямар нэг лус савдаг, газар усны эзэн, өвөг дээдсийн сүнс, сүлдэнд бус Бөртэ Чино тэргүүт монголчуудын дээд өвөг Бурхан халдун ууланд ирж голомтоо бадраасан газар орон буюу Ихэс дээдсийн газарт өргөж буй зан үйл юм.
 
Баруун зүгийн нутгаар тахилгын овоог “индэр, ендэр” гэх мэтээр нэрлэдэг нь “биндэр” нэрээс үүдэлтэй байх боломжтой гэж үздэг.