Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон-Балж Байгалийн цогцолбрт газар, Дэгэн хавцал уулын эгц босоо хадан хясаанд Онон гол хашигдаж тойрон урсахдаа байгалийн онцгой нэгэн үзэмжийг бүтээсэн байдаг. Онон голын хад чулуунд цохигдон урсах шуугиан, ой модны навчсын сэрчигнэн хийсэх чимээтэй холилдон байгалийн сүрлэг аялгууг үүсгэдэг. Монголын нууц товчооны 129-р зүйлд "... Чингис, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг газар байлдав. Чингис хаан Жамухад шахагдаж Онон мөрний Зээрэн хавцалд шургаж оров..." гэдэг. Тэрхүү Зээрэн хавцал гэдэг нь энэ Дэгэн Жигэний хавцал мөн хэмээн судлаачид үзжээ.
Өөр нэгэн домогт, Дэгэн ноён ан хийж яваад морьтойгоо хавцлаас унаж нас баржээ. Үүнийг мэдсэн Жигэн хатан сэтгэл санаагаар унаж бүх алт мөнгөө ачиж ирээд баруун талын хавцлаас унаж амиа хорложээ. Ноёны унасан хавцлыг Дэгэн, хатны унасан хавцлыг Жигэн гэж нэрлэжээ.
Тэмдэглэсэн: Ч.Буянбадрах