Дорнод аймгийн Чойбалсан хотоос 340км зайд буюу Халхгол сумын нутагт Буйр нуурын зүүн хойд эргийн ойролцоо байдаг авто замын боомт юм. 1992 оны 7-р сарын 1-нд албан ёсоор нээгдсэн ба нийт бараа эргэлтийн 93%-ийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК хангаж түүхий нефть тээвэрлэж БНХАУ руу гаргах түүхий эдийн экспорт хийж байна.
Тус боомт нь ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагтай хил залгаа орших ба БНХАУ-ын талаас “Өвдөгийн боомт” байрладаг. Саяхан Хөлөнбуйр аймагт томоохонд тооцогдох FATA групп “Чөлөөт худалдааны бүс”-ийн барилгыг Өвдөгийн боомт дээр барьж ашиглалтанд оруулаад байгаа юм. МУ-ын томоохон компани, ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа ба одоогийн байдлаар Номин холдинг групп гэрээний дагуу бараа хүргэлтийн үйл ажиллагаа зохион байгуулж байршуулаад байна.
Цаашид тус боомтоор Халхгол сумтай хамтран ажиллаж Буйр нуурын загасны аж ахуйн бүтээгдэхүүн, хадлангийн өвс тэжээл, тариа будаа гаргах зэрэгтэй холбогдуулан бэлтгэл ажил хангаж байна. Тухайлбал, ургамал, амьтны гаралтай түүхий эдийг шалгах лаборатори байгуулах, харилцан хил гаалиар гаргах зөвшөөрөл олгох стандарт журмуудыг боловсруулж батлуулах ажлууд төлөвлөгдөж байгаа юм.