Ульхан майхан уул

Дорнод аймгийн Баян-Уул сумынхан Ульхан майхан уулаа дээдлэн сүсэглэдэг. Түүхчид Өүлэн эхийн төрхөм Олхунууд аймгийн нэр сунжирсаар “Ульхан” болсон гэж таамагладаг. Олхунууд бол Y-YII зууны үед Монголын дорнод хэсэгт нутаглаж байсан монголчуудтай гарал нэг шивэй нарын хойчис бөгөөд X зууны үеэс Онон мөрний их шугуй, Хан Хэнтийн нурууны үргэлжлэл их хөвчид олон монгол овог аймгийн хамт нутаглаж, зун намартаа Улз, Хэрлэн голын сав дагуу тал нутаг руу нүүдэллэж зарим үед Буйр нуур хүрдэг байжээ.

 

Ульхан уулыг эгц урдаас нь харахад майхан шиг харагддаг учраас “Ульхан майхан уул” хэмээн ном сударт тэмдэглэн үлдээжээ. Ульхан майхан уулыг Онон гол ороон урсахдаа зүүн доохно талд нь салаалан урсдагийг “Ононгийн таван салаа” хэмээн нэрлэдэг. Ийнхүү салаалж урсаад их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг дээрээс нь харагдах байдлаар “Зүрхэн арал” хэмээн нэрлэсэн. МНТ-нд, Мэргидийн Их Чилэдү Олхунуд иргэнээс охин аваад буцаж явахад нь Ононгийн шугуйд шувуу агнаж явсан Есүхэй баатар тааралдан өнгө зүстэй Өүлэн хатныг үзэж Нэгүүн тайш ах, Даридай Отчигин дүү нараа дагуулан ирж булаан авдаг. Ийнхүү Өүлэн хатан боржигоны бэр болж богтлогдон ирсэн нь Ульхан уулын орчимд байсан бөгөөд булаагдсан Өүлэн хатан Ононгийн ус эрэг юугаан хальж давтал, урсгал ус боргилон шуугитал  уйлан хайлсан учир энэхүү таван салаа үүссэн гэж домоглодог.

Уулын майхан уулын орой дээрээс хойш 3-4 км зайд Монгол улсын хойд хилийн зурвас дурайн харагдана. Эдүгээ энэ орчимд буюу Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт 1971 онд нээгдсэн Монгол – Орос хоёр талын зорчигч, ачаа тээврийн харилцааны Ульхан боомт байрладаг.