Монгол орны томоохон голуудын нэг бөгөөд усны нөөцөөрөө Сэлэнгэ мөрний дараа хоёрдугаарт орно. Хэнтийн нурууны Ононгийн халуун рашаан орчмоос д.т.д 1950 м өндөр газраас эх авч улсын хил хүртэл 445 км, нийт 808 км урсаад ОХУ-ын Ингэтэй голтой нийлж Шилха мөрнийг үүсгэдэг. Онон гол нь 94040 шоо метр км ус хураах талбайтай. Голын дундаж өргөн 80 – 160 метр бөгөөд, усны дундаж гүн нь 0.5 – 3 метр хүрдэг. Онон гол эх нь адгаасаа 1 км өндөрт байдаг тул усны унал ихтэй, урсгал хурдтай байдаг. Онон голын сав газарт өтгөн ой мод, ургамал, намаг их. Эг, Барх, Хурх (МНТ-нд Химурга горхи), Шуус, Агац зэрэг том жижиг олон гол горхи цутгадаг. Хилэм, тул, зэвэг, хэлтэг, улаан живэрт, морин загас, цагаан хадран, гутаар, Амарын цурхай, Амарын сугас, булуу цагаан зэрэг нэн ховор болон агнуурын ач холбогдол бүхий олон зүйлийн загастай.
Онон мөрний сав газраар эзэн Чингис хааны амьдрал, түүхтэй холбоотой МНТ-нд гардаг Хорхонугийн хөндий (Хорхонуг Жибурын хөндийд Тэмүүжин Жамух нар анд барилцаж байсан, Хотулаг хаан ширээнд өргөмжилж байсан зэргээр МНТ-ны 57, 116, 201 дүгээр зүйлүүдэд гардаг), Зээрэн хавцал гэх мэт олон газрууд бий. Зээрэн хавцал нь одоогийн Дадал сумаас зүүн хойш 50-иад км газарт Онон голын хойт урд хоёр этгээдэд орших Дэгэн, Жигэн хэмээх сүрлэг өндөр байц гацаа хадыг мөн гэж үздэг. "Чингис хаан 13 хүрээнээсээ гурван түмэн цэрэг авч Жамухыг угтаж Далан балжуд гэдэг газар байлдав. Чингис хаан Жамухад шахагдан Онон мөрний Зээрэн гэдэг хавцалд шурган оров" гэх зэргээр Онон мөрний тухай МНТ-нд 30 гаруй удаа өгүүлсэн байдаг.