Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрээс хойш 35 км, Халхголын баруун эргийн тохойд монголчуудын соёл, түүхийн томоохон дурсгал болох Их Бурхант хэмээх гайхамшигт цогцолбор байдаг. Эл цогцолборыг Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 оны хооронд бүтээлгэсэн гэдэг бөгөөд XVIII зууны дунд үеийн нүүдэлчид, гар урчууд, дархчуудын ур ухаан, ард олны хөлс хүчээр багагүй бэрхшээл туулж байж бүтээгдсэн түүхтэй.
Их Бурхантыг бүтээхийн тулд Буйр нуурын болор элс, Халхголын хайрга, Хамар давааны цагаан тосон шаврыг барьцалдуулан чулуу үйлдвэрлэж, байгалийн зос будаг ашиглан элдэв өнгө бүхий чулууг бүтээж хийсэн ба тоосго үйлдвэрлэж байсан газрын туурь нь Халхгол сумын Баруун, Зүүн Халгайтын ойролцоох Хүүрт гэдэг газарт, вааран эдлэлийн үйлдвэр нь Цагаан уулын баруун урд байжээ.
Жанрайсиг бурханыг бүтээх болсон шалтгаан нь XIX зууны дунд үед Сэцэн хан аймгийг бүхэлд нь нөмөрсөн байгалийн гамшиг, ган зуд удаа дараалан болсноос үүдэн мал сүрэг олноор хоргодож, ард олны амьдрал ихээхэн хэцүүдэж аймаг хошуудыг ядууралд хүргэх аюултай болсон байв. Тогтохтөр ван аймгийн чуулганы ноёдтой зөвлөлдсөн боловч зохистой шийдвэрт хүрч чадаагүй тул хутагт лам нараас лавлахад шашны номлол ёсоор Жанрайсиг бурханы дүрийг олон тоогоор бүтээх, эсвэл том хэмжээгээр бүтээвэл нүүрлээд буй аюулаас аврагдах болно хэмээн айлдаж гэнэ. Нөгөө талаар То ван сэргэлэн ухаантай, гярхай хүн учраас Монголын сүсэгтэн олноос асар их эд хөрөнгө Түвд, Хятад, Энэтхэг рүү урсаж байгааг болиулж нутагтаа үлдэх боломжтойг тунгаасан гэдэг. Жанрайсиг бурханы гол бэлгэдэл нь “аюул ослоос хамгаалдаг” хэмээдэг тул Монголын зүүн хязгаар нутгаас Манж-Хятадад алдах аюулаас сэргийлэн эх орныхоо бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах утгыг ч давхар агуулан бүтээлгэсэн хэмээн судлаачид үздэг.
Сэцэн хан аймгийн чуулганы ноёд Жанрайсиг бурханыг хаана, хэзээ, ямар хэмжээгээр бүтээх талаар удаан зөвлөлдсөний эцэст То вангийн хошууныхан хар бор ажилд гаршсан, сүм дуган барих дадлага туршлагатай, харьцангуй олон урчуудтайг нь харгалзан Илдэн вангийн хошууны нутагт бүтээхээр болж аймаг олноороо оролцохоор тогтсон байна. Ингээд чуулганы шийдвэрээр 12 тохой өндөр босоо зэс бурхан бүтээх байсныг То ван ихээхэн хөрөнгө үр ашиггүй үрэх ажил болно гэж үзээд тэгш налуу газарт чулуугаар товойлгон хийх хувилбарыг сонгож 2 га талбайг хамруулан олон бурхад болон суваргын чуулбар болгон бүтээхийг зорьжээ.
Их Бурхантыг бүтээх ажилд нутаг хошууны ихэс дээдэс, лам харгүй хөрөнгө мөнгө хандивлаж 1859 оны хаврын тэргүүн сард газарт суурилуулах талбайг засаж тэгшлэх ажилд 40 хүн оролцож 1-3 метр гүнтэйгээр ухаж бэлджээ. Ашигласан нэг чулууны урт нь 45-50 см, өргөн нь 32-35 см, зузаан нь 20-25 см юм. Бүтээн байгуулах ажилд 180 гаруй уран гартнууд байнга ажилласан ба тэдний ажлын хөлсийг 1 цэн цалин мөнгөөр бодож өдөрт нь тавьж өгдөг байжээ. Зөөсөн чулуу нь 1000 үхэр тэрэгний дайнд хүрсэн гэдэг.
Их ажил шувтрах шатандаа орж байтал 1861 оны зуны тэргүүн сард хэдэн өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас газрын хөрс эвдэрч, бурханы их бие ихээхэн гэмтжээ. Цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон учир байгуулж байсан газраас нь одоогийн Халхголын баруун эргийн тохойн 35 хэмийн налуу энгэрт шилжүүлэн бүтээсэн ба 1864 онд их ёслол хийж аравнайлсан байна.
1970-аад онд барилгын суурь тавих, оршуулгын ажилд хөшөө хийхээр зорилгоор нутгийн зарим иргэд Их бурханыг зүй бусаар хөндөж сүйтгэн зүүн хөлгүй болгосон баримт бий. Уг цогцолборыг Дорнод аймгийн болон Халхгол сумын ард иргэд, ШУА-ийн Түүх, философийн хүрээлэн, То ван судлалын нийгэмлэгээс санаачлан 1994-1998 онд сэргээн засварлаж Г.Диваасамбуу тэргүүтэй лам нар Дашням равнай уншлагыг 36 цагийн турш уншиж үйлджээ. Ингэснээр эл гайхамшигт бүтээл хойч үеийнхэндээ бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой болсон юм.
Жанрайсиг бурханы дүр нь гадна талаараа 2 давхар тэгш өнцөгт хэлбэрийн чулуун хүрээтэй. Их хүрээ нь 220 х 97м, бага хүрээ нь 113 х 63м, хоёр хүрээний хооронд 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж урласан. Нэг ланз үсгийн хэмжээ 165 см х 110см байдаг бол их бурхан ба дотор хүрээ хоёрын хооронд 200 х 110см хэмжээтэй 12 чулуун суваргыг мөн хэвтээ байдлаар шигтгэн дүрсэлжээ. Гадна талын хүрээнээс дотогш ороход 5м голчтой 2 чулуун хоролыг товойлгон шигтгэсэн. Цогцолборын төвд 30 х 26м налуу талбайд “Найман аюулаас аврагч Жанрайсиг бурхан” байх ба өндөр нь 28.74м болсон нь 80 тохой илүү юм.
Жанрайсиг бурхан 8 мутартай, мутар бүртээ 8 аюулыг илэрхийлсэн дүрстэй юм. Баруун талын эхний мутар арслан, хоёр дахь мутар заан, гурав дахь мутар лусын аюулыг илэрхийлсэн могой, дөрөв дэх мутар догшин хүний дүрстэй байдаг. Харин зүүн гар талын эхний мутар гал, хоёрдугаар мутар ус, гурав дахь мутар архины аюулыг илэрхийлсэн гох дэгээ, дөрөв дэх мутар гарьдын дүрстэй байдаг. Жанрайсиг бурхан баруун хөлөө завилан, зүүн хөлөө хагас нугалж, 8 мутраа дэлгэн хадаг орхимжоор биеэ ороосон дүртэй юм. Бурханы хөлийн доод хэсгийн чулуун хүрээнд бад цэцэг товойлгон цохисон байх ба түүнтэй залгаа 44 х 26м мөргөлийн талбайтай. Бурханы хоёр талын ханыг дагуулан 66 см өргөн чулуун шат тавьсан нь мөргөлчид бурхан дээр гишгэлгүй нар зөв тойрох боломжтой болгожээ. Жанрайсиг бурханыг тойруулан 20 гаруй Дарь эх бурханы дүрийг бүтээсэн байна.
ЗХУ-ын эрдэмтэн А.П.Окладников 1949 онд Халхголын сав нутгаар судалгааны ажлаар явахдаа их бурханыг үзээд гайхан биширч “Эл дурсгал бол уг газарт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл болов уу” хэмээн ташаа дүгнэлт хийснийг эрдэмтэн Х.Пэрлээ залруулж уг бүтээлийг XIX зууны дунд үед То ван удирдан бүтээлгэсэн гэдгийг баталсан байна. Хамгийн сонирхолтой нь Жанрайсиг бурханыг тойрон хүрээлэх бурхадын дүрийг бүтээхдээ чулууг хайлуулж хийсэн байдаг мэт боловч үүний нарийн учрыг тайлж чадаагүй байна. Урчууд бул хар чулууг ашиглан цалин цагаан мөнгөөр урлал хийж буй мэт уран нарийн сийлбэрлэж бүтээсэн нь гайхамшигтай ажээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах