Дорноговь аймгийн нутаг дахь Хамарын хийдийн дэргэд говийнхон эртнээс нааш тахиж ирсэн Хүслийн Хар уул бий. Уулын оргил өөд гарахад зориулж 300 метр урт, 2.6 метр өргөн зам, түр амрах хоёр цэг байгуулсан. Уулын бэлд 300 мянган жилийн настай байгалийн боржин чулуугаар хийсэн 4 метр өндөр бурхан багшийн хөшөөг босгожээ. Эмэгтэйчүүд, хүүхэд ба настангууд уулын бэлээс 100 орчим метр өгсөж дунд хэрд байх нэг жижиг сүмд хүрч, эл хайрханд зориулсан зан үйлээ хийдэг. Эрэгтэйчүүд нь уулын тахилгатай оргилд гарч, овоог тойрч авч очсон сархадынхаа талыг өргөн, гуйх зүйлээ хүсэж шивнээд үлдсэн тал сархадыг шид оруулан буцааж авч явдаг уламжлалтай. Очсон хүн бүхэн өөрсдийн хүслээ цаасан дээр бичиж зориулалтын газар нь шатаах ёстой байдаг ба шатааж байхдаа ч хүслээ шивнэж залбирдаг учиртай гэнэ. Эл уул Ханбаянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж оройд нь байх овоог эртнээс нааш аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэж иржээ. 1930 оноос өмнө овооны орой нь хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэгтэй титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь эл ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд хан, богд, гүн, бээл, бэйс, зайсан гэх мэт цол өргөмжилсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.
Домгоор бол, нэгэн ядуу хүн ганц морьтойгоо энэхүү уулын бэлд амьдардаг байжээ. Гэтэл нэгэн өдөр ганц морийг нь хээрийн араатан амьтад идчихжээ. Өнөөх ядуу хүн ууланд мөргөж ганц ширхэг морио буцааж өгөхийг гуйн залбирчээ. Харин маргааш өглөө нь хүсэл нь биелж ганц морь дэргэд нь ирсэн байсан гэнэ. Эдүгээ Хүслийн ууланд хүзүүгээрээ хадагтай долоон ямаа байнга бэлчдэг гэнэ.
Ноён хутагтын өмнөх нэгэн дүр эцгийнхээ хийсэн нүглийн үрээр Эрлэгт дуудагдан шүүгдээд эргэж иртэл цогцсыг нь занданшуулсан байжээ. Ингээд биегүй хоцорсон сүнс хамаг амьтны хүслийг биелүүлэх тангараг тавиад энэ уулнаа шингэсэн гэх домогтой. Мөн говь нутагтаа өндөр газарт тооцогддог, шажигнасан хар чулуутай тус хайрханы хормойд хутагтыг оршуулсан учир “Шарилын уул” хэмээх болсон хэмээн ярьдаг.
Эх сурвалж: Монгол орны лавлах