Монголд болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу, түүний амьдралын орчин болох ус намгархаг газрын хамгааллыг сайжруулах, нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, Хурх-Хүйтэний хөндийн ховор зүйл шувуудын нутгийн хамгаалалтыг нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлэх, тухайн бүс рүү чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн 7 дугаар сарын сүүлчээр “Тогорууны баяр”-ыг 3 өдрийн турш зохион байгуулдаг газар. Монголд нүүдэллэн ирж өндөглөн зусдаг 6 зүйл тогорууны нутаг болсон тус орчинд тэдгээр тогорууны хөшөөдийг байгуулжээ. Дэлхийд ховордсон цэн тогорууг томоор дүрсэлж Өвөгт тогоруу, Хар тогоруу, Цагаан тогоруу, Алаг тогоруу, Хархираа тогорууг жижгээр дүрсэлж Цагаан нуурын эрэгт байгуулжээ.
Цэн тогорууны нутаг болох Хурх-Хүйтэний хөндийн талаарх мэдээлэл, цэн тогоруу болон шувууны өндөгийг хайрлан хамгаалж ирсэн уламжлалт байгаль хамгаалал, тогорууны үүр, өндөгийг хэрхэн хамгаалах, шувуудын амьдрах орчин болсон ус намгархаг газрыг хамгаалахын ач холбогдол, тогорууны нүүдэл болон бусад шувууд хэрхэн хүнд хэцүү зам туулан ирж энэ бүс нутагт үрждэг тухай нутгийн иргэдэд ойлгуулж хэрхэн хамтарч хамгаалах талаар ярилцаж хэлэлцдэг.