Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамарна. Гадаргын хувьд бартаа багатай, Улаанбаатар-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн төв замын хойно орших тул хүрч очиход бартаа саадгүй. Улаанбаатар хотоос Тосон Хулстайн баруун хил хүртэл 500км зайтай, зүүн хил нь Чойбалсан хотоос 50км зайтай. Монгол орны зүүн хойд хэсэгт, ойт хээрээс тал хээрийн бүсэд шилжих заагт орших Тосон Хулстай нь цагаан зээрийн бэлчээрлэн идээшлэх, хаврын цагт төллөх гол газар болохоос гадна Хэрлэн голыг гатлан урагш хойш нүүдэллэх гол зам болсон газар юм. Цагаан зээр нь Олон улсын холбооны Улаан номонд “устах аюул нүүрлэсэн” гэх ангилалд хамаардаг. Далайн түвшнээс дээш дунджаар 900 – 1000м. Хамгийн өндөр цэг нь 1240.5 м өндөр Норовлин овоо, хамгийн нам дор цэг нь Хотонтын нуурын хойд захад 767.4м болно.
Нам уул, ухаа гүвээт тал хээр, хуурай хээрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг нэмэгдүүлэх, өсөн үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1998 онд УИХ-ын 28-р тогтоолоор “байгалийн нөөц газар”-ын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. Харин 2020 оны 10-р сарын 27-нд НҮБ-ын ЮНЕСКО-гоос Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээнд бүртгэсэн. Тус сүлжээнд бүртгүүлснээр тухайн нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд очиж, байгаль хамгаалах чиглэлд илүү өргөн хүрээнд ажиллах боломж нөхцөл бүрддэг байна. Монгол Улс ийнхүү ЮНЕСКО-д долоо дахь газраа бүртгүүлсэн юм.
Тосон Хулстай орчмын нутагт хур борооны усаар тэжээгддэг нуур тойрмууд байх учир усны шувууд түр хугацаагаар буудаллан саатах, өндөглөх зэрэгт аюул багатай орчин болдог. Тийм учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой нутаг юм. Тосон Хулстайн БНГ-ын дотор болон хил орчимд 200 малчин өрхийн 100 мянга орчим тоо толгой мал бэлчээрлэдэг.
Хөхтөн амьтан: Тосон Хулстайн бүс нутагт бор туулай, монгол тарвага, хярс, үнэг, мануул, дагуур зараа, дагуур зурам, сибирь алагдаага, орог зусаг зэрэг хөхтөн амьтад амьдардаг. Монгол тарвага, манжуурын номин, хоёр зүйлийн огодой нь хөрсний үржил шимийг эргүүлж, номингийн хувьд хөеө засах замаар бэлчээрийн экологит чухал үүрэг гүйцэтгэдэг.
Нийт 139 зүйл шувуу бүртгэгдсэнээс махчин шувуудаас шилийн сар, идлэг шонхор, зээрд шонхор, хээрийн бүргэд, ус намгархаг газрын шувуудаас анхидал ангир, алаг шунгаач, хошуу галуу, гангар хун, өвөгт тогоруу, цэн тогоруу, хөх дэглий, хээрийн тоодог зэрэг Монголд ховор шувууд байдаг. Харин эл бүсийн Эрээн, Хотонт, Хулст, Цагаан зэрэг олон тооны жижиг нуур тойром нь усны шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх газар болдог.
Ургамал: Тосон Хулстайн БНГ-т түгээмэл тархалттай 40 гаруй овогт хамаарах 209 зүйл ургамал бүртгэгдсэн. Эдгээр бүлгэмдлүүдэд сөөгнөөс жижиг навчит харгана, сунагар биелэг өвс, том цэцэгт дааган сүүл, дэрвээн хазаар өвс, нангиад түнгэ, шарилжнаас агь, алаг өвснөөс монгол хунчир, нягт сонгино, ширэг улалж зонхилж ургадаг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах