Хэнтий аймгийн Батноров сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр, Хөхүүрийн талын хоймор Дэлгэр-Өлзийт хайрханы зүүн суганд баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг шинэчилж суурин дээр нь “Тэнгэрийн андгай” цогцолборыг 2021 оны 10 сард байгуулсан. Цогцолборын эх загварыг МУЭ-ийн шагналт, МУУГЗ, уран барималч А.Очирболд урласан бол гүйцэтгэгчээр нь “Боржин суварга” ХХК ажиллажээ. “Тэнгэрийн андлал” нэртэй уран баримал нь тал нутгийн хоёр залуу баатар эрс уулын орой дээр үүл малгайлах үед бие биедээ агсарга бүсээ өгч, андгай тангараг тавих үеийн агшинг тэнгэрийн салхины эрчлээсэнд бие биеэ нэвт цоргин гүн хүндэтгэлтэйгээр харж буйгаар дүрсэлсэн хүрэл цутгуур баримал юм. Хөшөөний гадна биед Монголын газар нутагт хүрэл зэвсгийн үеэс үүссэн буган хөшөөний дүрслэлийг байрлуулжээ.
Монголын нууц товчоонд Хөхүүрийн талд Тэмүжин Боорчи хоёр анх танилцаж, анд бололцож, улмаар хулгайд алдсан найман морио буцаан авсан тухай түүхэн баримт бий. Өөрөөр хэлбэл, Тэмүжиний нэгэн насны салшгүй анд болж тангараг тавиад, хамтдаа анхны ялалтаа байгуулж, шарга азаргатай найман морио олж авснаар амин зуулгын эрх чөлөөгөө буцаан авсан гэх мэт түүхэн учир холбоос Хөхүүрийн талд шингэжээ. Тийм учраас “Тэнгэр андлал” хөшөө нь агуулга болоод хэлбэр талаасаа итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн орон зай юм. Дээрээс нь харвал Чингис хааны наран тамгаар тамгалагдсан мэт дугуй тойрог дүрслэлтэй бөгөөд энэ нь дотоод ба гадаад гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Дотоод тойргийн төв хэсэгт энэхүү “Тэнгэрийн андлал” уран баримал оршиж, түүний гурван талд гурван бичээс бүхий боржин чулуун гэрэлт хөшөөд байрлана. Тэдгээр бичээс нь “Цусан тангараг” буюу Монгол цэргийн тангарагийн үгт хөшөө, “Эзэн сан” буюу Чингис хааны тайлга тахилгын үгт хөшөө, “Тэнгэрийн салхи” буюу 700 жилийн турш дуулагдаж ирсэн монгол цэргийн дууны үгт хөшөөд байх ажээ.
Тангарагийн бичээс: Эл тангарагийн үг нь Хатанбаатар Магсаржавын цэргүүдийн өргөсөн цусан тангарагийн үг бөгөөд Монголын олон хошуудын дотор амаар уламжлан үлдсэн байжээ. “Хураая” гэдэг нь “дайны уухай түрлэг” байжээ.
Нар сараан барин тангараглая
Няцаж буцсанаа харван алъя
Нэгэн эцгийн хөвгүүд мэт
Найртай сайхан явцгаая
Хураая, хураая, хураая
Авсан амнаасаа буцаж
Тавьсан тангарагаасаа няцвал
Атга яс минь хэмхрэг
Аяга цус минь асгараг
Хураая, хураая, хураая
Эзэн сан: Чингис хааны тайлга тахилгын дотор хамгийн өргөн тархсан нэг ая дан өнөөг хүртэл уламжлагдсан ба түүнийг “эзэн сан” хэмээн нэрлэж иржээ. Чингис хааны тайлга тахилгын уламжлалыг Монгол орон даяар зөв сэргээж түгээхэд жишиг суурь болно гэж үзжээ. Энд ирсэн жуулчид, зочид энэхүү санг уншиж бясалгах зан үйлийг хийх боломжтой.
Тэнгэрийн салхи: Эл дууны үг нь Хубилай хааны өрлөг жанжин Баарины Баян чинсан Өмнөд Сүн улсыг эзлэхээр 17 жилийн урт удаан аян дайн хийх цаг үед зохиогдсоноос хойш 700 жилийн турш монгол цэргүүдийн дунд дуулагдаж иржээ. Энэ дууг одоо ч Өвөр Монголын Харчин, Хорчин аймгийнхан дуулдаг байна.
Тэнгэрийн салхи нь тэгш үгүй
Төрсөн бие минь мөнх үгүй
Мөнхийн рашааныг хэн маань ч уулаа
Мөнөөхөн чөлөөндөө цэнгэн жаргая
Огторгуйн салхи нь оосор үгүй
Олдсон бие минь мөнх үгүй
Мөнхийн рашааныг хэн маань ч уулаа
Мөнөөхөн чөлөөндөө цэнгэн жаргая
Тэнгэрийн андгай цогцолборын гадаад тойрогт “шарга азаргатай найман морь”-нд зориулж боржин чулуугаар 8 морины уяа босгож, тус бүрд нь ерөөл бичиж цогцолборын найман зовхист байрлуулах ажээ. Найман морины уяа:
Тэнгэрийн андгай хөшөөт цогцолбор нь Чингис хааны тайлга тахилгыг сэргээх, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголчуудын морины соёлын томоохон төв болон хөгжих боломжтой гэж үзжээ. Мөн ойролцоох орчинд зочид буудал, морин спортын сургууль, морин тойруулгын уралдааны зам зэргийг байгуулж жилийн 4 улирлын турш байнгын үйл ажиллагаатай байлгах аж. Эл цогцолборыг Монголын соёлын өвийн жагсаалтад бүртгүүлж Монгол түмний эв нэгдлийн бүтээн байгуулалт болгоход анхаарах юм байна.
ХӨХҮҮРИЙН ТАЛ: Эцэг Есүхэй баатар Татаар аймагт хорлогдсоны дараа эх Өүлэн, дүү нарын хамтаар өнчин амьдралын зовлонг амсаж эрийн цээнд хүрсэн бөгөөд алдсан шарга азаргатай найман морио эрж яваад Хөхүүрийн талд Наху баяны ганц хөвүүн Боорчитой таарч уулзан анд бололцсон тухай Монголын нууц товчооны 90 – 95 дугаар бүлэгт өгүүлсэн байдаг. Эл уулзсан гэх газарт уйгаржин бичээс бүхий хөшөө чулуу байдаг бөгөөд Батноров сумын төвөөс зүүн урагш 10 гаруй км зайд бий.
Харин сумын төвд эл үйл явдалд зориулан хийсэн “Тэмүжин Боорчийн нөхөрлөлийн хөшөө” Батноров сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах