Тус сумын хүрээдээс Манжийн хаанаас олгогдсон жоф тамгатай албан ёсны ганц хүрээ байв. Хөөнгийн хүрээ 1937 он хүртэл хурал хурж байсан, сонин түүхт суваргатай, Майдар эргэх том баяр хийдэг хүрээ байжээ. Отгон шавь нь болох Түвдэч И.Дэмбэрэл ламыг энэ хүрээний сүүлчийн цорж Сумъяагийн хойт дүр гэдэг. Тус хүрээг 1940 онд буулган барилгын материалыг нь Идэрийн голоор урсгаж Зүрх багийн нутагт бага сургуулийн барилга болгож, бурхан тахил, судар номыг нь шатаан устгажээ. Өлзийбатын отряд 1932 онд хүрээний лам нарын заримыг нь буудан хороож, заримыг нь баривчилсан түүхтэй. Хөөнгийн хүрээг 1993 онд нутгийн сүсэгтнүүд сэргээн босгож гол сүмийг нь барьжээ.